-Өмнөд Солонгосын Парламентийн гишүүний менежер 23 настай Монгол бүсгүй-

23 настай бүсгүй нөлөө бүхий улстөрчийн менежерээр ажиллана гэдэг баргийн хүний хийх ажил, олдох боломж ч биш. Тэр дундаа дөнгөж сургуулиа төгссөн монгол бүсгүй Өмнөд Солонгосын парламентад гурвантаа сонгогдсон гишүүний сонгуулийн менежер хийнэ гэдэг тун гайхалтай. Мэдээж ингэж ажиллахдаа туршлага судлана гэдэг бол алтан боломж юм. Тэгвэл энэ боломжийг овжноор ашиглаж, зорилгынхоо үзүүрээс атгаж яваа Б.Урангоо гэх бүсгүйтэй ярилцлаа.

Тэрээр Солонгосын Ханьян их сургуулийг улс төр, гадаад улсын харилцааны мэргэжлээр дүүргэсэн бөгөөд өдгөө БНСУ-ын Парламентийн гишүүн Ким Ён Жүгийн менежерээр ажиллаж буй. Түүнийг эх орондоо ирж амарч байх үеэр нь уулзаж ийн ярилцсан юм.

-Ингэхэд БНСУ-ын Парламентийн гишүүн Ким Ён Жүгийн менежерээр ажиллах боломж хэрхэн тохиов оо?

-Би Солонгост 10 жил амьдарч байна. Дунд сургуулиа тэнд дүүргээд ахлах сургуулиа Монголдоо ирж төгссөн. Төгссөнийхөө дараа Ханьян их сургуульд суралцсан юм. Гишүүнтэй бол Солонгос хэлний орчуулга хийж явж байхдаа туслахтай нь танилцаж, холбогдсон. Туслах ажилтанд нь би улс төрийн ангиар төгссөн юм чинь энэ сонгуулиар дотор нь орж ажиллаж үзмээр байна гэдгээ хэлсэн. Тэр хүн надад гишүүнтэй уулзах боломж олгосон. Ингээд гишүүнтэй уулзаад “Таны удирдлага дор ажиллаж үзмээр байна. Солонгосын сонгуулийн соёл, арга техникээс суралцмаар байна” гэдгээ илэрхийлтэл хүлээж аваад ажиллаж үзэх боломж олгосон юм. Боломж дундаас боломж олддог гэдэг шиг энэ бол миний амьдралд тохиосон хамгийн том боломж байлаа.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Солонгосын Парламентийн сонгууль болсон шүү дээ. Ким Ён Жү гишүүн эмэгтэй хүн. Сонгуульд хүчтэй өрсөлдөгч байв уу?

-Манай гишүүн сонгуульд гурван удаа нэр дэвшээд ялсан мундаг улстөрч. Солонгосын Байнгын хорооны анхны эмэгтэй дарга. Солонгост эмэгтэй гишүүн нэр дэвшинэ гэдэг их хэцүү. Солонгосын Парламент одоо 300 гишүүнтэй. Тэдний 50 орчим нь эмэгтэй.Энэ жилийн сонгуулиар эмэгтэйчүүдийн квот урьдынхаасаа нэмэгдсэн.  Ким Ён Жү гишүүний хувьд бүх зүйлийг хуулийн дагуу хийдэг юм билээ. Үүнийг яагаад ингэж хийв гэхээр хуулинд байгаа. Тэндээс хар гэдэг. Тэгээд би Солонгосын хуулийг уншаад Монголынхтойгоо харьцуулж үзсэн.

-Ялгаа их биз?

-Мэдээж хоёр өөр улс, бас харилцан адилгүй парламентын түүхтэй болохоор ялгаа их байсан. Солонгосын Парламент 50 гаруй жилийн түүхтэй. Хуулийг нь харьцуулж судлаад гурван зүйлийг анзаарсан. Нэгдүгээрт, эмэгтэй гишүүдийн сонгуулийн сурталчилгааны зардлыг босгох. Хоёрдугаарт, нэр дэвшигчийн компанит ажил. Гуравдугаарт, сонгогчдод тараах сурталчилгааны материал, түүнийг түгээх соёл. Энэ гурав манайхаас тэс өөр бас их шинэлэг санагдсан.

-Шинэ санаа ба Солонгосын сонгуулийн соёл-

Б.Урангоо: Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна

-Манай улсын нэр дэвшигчдэд шинэ санаа болж мэдэх юм. Энэ гурван зүйлээ тодруулаач?

-Сонгогчдод материал тараахдаа брошураас илүү нэрийн хуудсаа нэр дэвшигчид тараадаг.

-Тийм үү. Манай нэр дэвшигчид том том сэтгүүл, брошур л өгөөд байдаг шүү дээ. Нэрийн хуудас өгдөг нь ямар учиртай юм бол?

-Тийм ээ. Нэрийн хуудас жижиг авсаархан болохоор хүн хаяхгүйгээр халаасандаа хийж, хадгалах боломжтой. Дараа нь хэрэг болсон үедээ гаргаж ирээд тэр хүнтэй холбогдох жишээтэй. Бид өглөө бүр метроны буудал дээр зогсож нэрийн хуудсаа тараадаг байсан. Ингэхдээ эхний долоо хоног нэг өөр зурагтай. Хоёр дахь долоо хоног нь бас өөр зурагтай. Имиж бүрдүүлэлтийг арай өөрөөр хийдэг юм билээ.

Сонгогчдын амар тайван байдлыг алдагдуулахгүй гээд тарааж өгөх танилцуулга, материалаа шуудангаар гэрийнх нь хаягаар явуулдаг.

Хүмүүс улс төрөөс залхсан энэ үед нэр дэвшигчид шинэ дүр төрхийг илэрхийлэх ёстой юм шиг байгаа юм. Брошурныхаа хүртэл үг үсэг, хэлбэр хэмжээ зэргийг СЕХ-ндоо бүртгүүлснээрээ хийх ёстой юм билээ. Бас хамгийн соёлтой нь сонгогчдын амар тайван байдлыг алдагдуулахгүй гээд тарааж өгөх танилцуулга, материалаа шуудангаар гэрийнх нь хаягаар явуулдаг. Гэрийнх нь хаалга тогшиж, хаягаар нь очиж уулзах хориотой.

-Эмэгтэй гишүүдийн сонгуулийн зардлыг босгож, дэмжих тухайд?

-Намаас нь дэмжиж зардлыг нь гаргадаг юм билээ. Сая Солонгосын сонгуульд хамгийн залуу нь 25 настай эмэгтэй сонгогдсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүртэл жагсаалтаар гаргаж ирдэг юм билээ. Тэр нь яг өөрийн салбартаа тохирсон өөр гишүүдийн олж хараагүй хуулиудыг санаачилж байсан түүхтэй.

-Сонгуулийн сурталчилгааны зардлыг нарийвчлан заасан байдаг байх?

-Хамгийн сонирхолтой нь Солонгосын Парламентын сонгуульд нэр дэвшигч ялалт байгуулвал гаргасан зардлыг нь улсаас нь буцаан олгодог хуультай. Нэр дэвшигч, сонгуулийн сурталчилгаандаа хамгийн ихдээ 176 сая вон зарцуулах эрхтэй. Мөн хүн амын тоотой нь уялдуулж, нэр дэвшигч хэдэн төгрөг зарцуулах ёстойг заасан байдаг. Тойргоос сонгогдох нэр дэвшигчид 100 сая хүн амтай дүүрэгт л гэхэд 200 сая вон. Дүүрэг хороонд бол хоёр сая вон зарцуулахаар нарийвчлан заасан байдаг.

-Манай улсын намууд хандиваар намын санхүүжилтээ босгодог гэдэг. Энэ нь гэхдээ хаалттай. Харин Солонгост ямар байдаг юм бол?

-Хэрэв хандиваар санхүүжилтээ босгосон бол түүнийгээ өөрийнхөө болон намын мэдээллийн сайтад тогтмол тайлагнаж, иргэдэд хянуулдаг. Гэхдээ ямар хүн хандив өгөх, өгч болохгүйг бас нарийвчлан заасан байдаг юм билээ. 100 хувь ялалт байгуулсан бол улсаасаа аваад түүнийгээ тойрогтоо зарцуулдаг. Ер нь нэр дэвшигч хандивын хороотой бөгөөд хувь хүн, тогтсон заасан албан байгууллага хандив өргөх боломжтой.

Улс төрчдөд хандив өгсөн тохиолдолд жилийн эцэст татвараас хөнгөлөлт үзүүлдэг. Парламентын гишүүд нь албан тушаал зарах, авлига авна гэж байдаггүй.

Улс төрчдөд хандив өгсөн тохиолдолд жилийн эцэст татвараас хөнгөлөлт үзүүлдэг.Парламентын гишүүд нь албан тушаал зарах, авлига авна гэж байдаггүй. авах боломж ч байхгүй. Ард түмнээ гэсэн нийгмийг өөрчлөх ирмүүн хүсэл эрмэлзэлтэй хийж бүтээхийг хүссэн хүмүүс улс төрд ордог. Энэ нь бас гишүүдийн авч байгаа цалинтай холбоотой гэж боддог. Солонгосын гишүүд сард дунджаар 11 сая 496 мянган вон жилд 138 сая воны цалин авдаг. Бас хангамж ч сайн.

-Пи-Ар буюу компанит ажлыг ямар шинэлэг арга барилаар хийдэг юм бэ?

-Сонгуулийн кампанит ажил гэдэг маш том дайны талбар л гэсэн үг. Би бараг өөрөө өрсөлдөж байгаа юм шиг хоёр сарын турш сэтгэл догдолсон айдастай өнгөрөөж билээ.

Өглөөний 05:00 цагт босоод 07:00 цагт метроны буудал дээр мэндлэхээс л өдөр эхэлдэг. Ер нь Солонгосчууд их эртэч хөдөлмөрч хүмүүс гэдгийг энэ удаа илүү их мэдэрсэн. Сонгуулийн кампанит ажил нь Сонгуулийн тухай хуулийн дагуу явах ёстой байдаг. Солонгос улсын хувьд 1990 оны үед Сонгуулийн тухай хуулинд энэ талаар нарийвчлан зааж өгөөгүй байснаас шашны зан үйл, урлаг, спортын арга хэмжээ зохиох зэрэг ядмаг аргаар сонгуулийн кампанийн гол үйл ажиллагаа болгож байсан.

Өглөөний 05:00 цагт босоод 07:00 цагт метроны буудал дээр мэндлэхээс л өдөр эхэлдэг. 

Дараа нь Сонгуулийн тухай шинэ хуулинд бүх зүйлийг нарийвчлан зааснаар уламжлалт, сонирхолгүй, нэг хэвийн сонгуулийн кампанит ажлын хэв маяг өөрчлөгдөх алхам болсон гэж ярьдаг. Тухайлбал, бага насны хүүхдээс эхлээд бүх насныханд зориулсан байдлаар кампанит ажил явуулж, гудамж талбайд өөрсдөө үзвэр ший бэлддэг. Өнгө тооны бэлгэдлийг бас анхаардаг.  Амьдралдаа анх удаа наадам шиг бүжиглэж дуулсан сонгуулийн ажлыг хийж дотор нь орж ажиллаж сурч авсандаа маш их баяртай байгаа.Цаашид илүү их юм сурч мэдэх ёстойгоо ч мэдэрсэн.

-Сонгуулийн үеэр иргэд, залуусын оролцоог нэмэгдүүлдэг гэдэг. Яг яаж нэмэгдүүлдэг юм бол?

-Өмнөд Солонгост сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад нэр дэвшигчид сурталчилгааны самбараа гудамж, талбайд хэдийн байрлуулах нь хууль бус үйл ажиллагаа. Тиймээс тус улсын СЕХ-ноос иймэрхүү хууль бус сурталчилгааны самбаруудыг иргэдийн оролцоотой буулгадаг.  Ингэхдээ сайн дураараа оролцох 20-иос дээш насны иргэдийг бүртгэн авч нэгдсэн журмаар самбар буулгах ажлыг хийлгэх ба жижиг хэмжээтэй самбарыг 1000 воноор, том хэмжээтэйг нь 2000 воноор тус тус үнэлдэг. Мөн оюутан залуусыг сургалтын хөтөлбөртөө сайн дурын болон олон нийтийн ажилд оролцсон үнэлгээ гэж тусгайлан гаргасан байдаг. Тиймээс оюутнууд сонгуулийн сурталчилгаанд дадлага болон хичээлийн бус цагаар ажиллаж туршлага судалж, үнэлгээ авдаг. Нэр дэвшигчид ч бас залуусыг уриалдаг.

-Ким Ён Жү гишүүний хувьд иргэдтэйгээ хэр ойр ажилладаг вэ?

-Долоо хоног бүр тойрогтоо ажиллаж, иргэдийн хурлын төлөөлөгч нартайгаа уулзаж төлөвлөгөө гаргадаг. Заавал долоо хоногт нэг удаа тойрогтоо очдог. Тэр нь үнэхээр өгөөжтэй санагдсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр дүүрэгт ямар асуудал байна вэ. Иргэд юу уламжлав гэх зэргээр ажилладаг. Манайхаар бол Баянгол дүүргээс сонгогдсон гишүүн иргэдийн хурлын төлөөлөгчтэйгээ тогтмол уулзаж, хамтарч ажиллах хэлбэр юм.

Б.Урангоо: Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна

-Савангийн дуурь бол соёлын бодлого-

-Хоёулаа сонгуультай холбоотой сэдвээ ингээд өндөрлөе. Таны хувьд Солонгос улсад сурч, хөдөлмөрлөөд арваад жил болж байгаа. Өвөл зун нь монголдоо ирээд амьдрахдаа тэднээс суралцах зүйлийн талаар их юм бодов уу?

-Миний хувьд гадаадад амьдарч байгаад эх орондоо ирчихээд, гадны хүний нүдээр харж байгаа монгол хүн юм. Монголчууд болон солонгосчуудыг мэддэг болохоор харьцуулж хараад анзаарах зүйл их байдаг. Энд байгаа гадаад хүнээс Монголынхоо талаар сонсохоо бас арай өөр санагддаг. Уулзах бүртээ л сонин мэдрэмж авна. Саяхан би Ким Ён Жү гишүүний хамтаар Монголд амьдардаг солонгос хүнтэй оройн зоог барьсан юм. Тэр үед тэр хүн “Монголчууд Чингис хаан гэх глобаль брэндтэй. Монгол гээд ярингуут л Чингис хаан, хөх тэнгэр, од гэж боддог шүү дээ. Тиймээс илүү дэлгэрүүлэх хэрэгтэй” гэж ярьж байсан. Тэгэхэд би нээрэн л анзаараагүй байх жишээтэй. Хамгийн наад зах нь аялал жуулчлалын салбартаа Чингис хааныг сурталчлах соёлын бодлогыг боловсруулж гаргах хэрэгтэй юм шиг санагдсан. Солонгос улсын хувьд бол Сэжүндэ хааныхаа талаар сурах бичиг, хувцас хэрэглэлдээ хүртэл тусгаж, бичсэн байдаг.

-Солонгосын ард түмэн “савангийн дуурь”-иараа дамжуулж, түүх соёлоо сурталчилж, соёлын дархлаа бий болгож чаддаг шүү дээ. Энэ тухайд?

-Тийм ээ. Солонгосчууд драм буюу савангийн дууриараа дамжуулж аялал жуулчлал, брэндийн сурталчилгаа, соёлын бодлогоо таниулдаг. Олон ангит киног нь улс, яамнаас нь хөрөнгийг нь гаргаж дэмждэг. Тэгээд тэр кинонд тоглосон жүжигчнээ алдаршуулж, түүний хэрэглэсэн бүх брэнд Солонгостоо төдийгүй Азидаа тэргүүлдэг. Ингэж эдийн засгаа эргэлдүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж чаддаг. Ашиг орлогоороо тэргүүлсэн кинонд тоглосон жүжигчний хэрэглэсэн бүх зүйл тухайн үедээ зах зээлд борлуулалтаараа Азидаа тэргүүлж, бүр худалдаж авах гээд ч олдохгүй болтлоо зарагдаж дууссан байдаг. Ялангуяа эдийн засгийн засгийн ихэнх хувийг нь япон, хятадууд эзэлдэг юм билээ. Саяхан гарсан “Нарны хүүхдүүд” гээд кинонд л гэхэд цэрэг, эмчийн дүрээр дамжуулж солонгосчууд анх тусламж авдаг улс байж байгаад одоо улс орнуудад тусламж өгдөг болтлоо өргөжиж буй түүхийг харуулсан байгаа юм. Ер нь савангийн дууриар дамжуулж тэд илэрхийлж байгаа санааг нь анхаарахад гэмгүй.

-Ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа.

Б.Урангоо цаашид консулаар ажиллах мөрөөдөлтэй. Тиймдээ ч тэрээр энэ мөрөөдлөө биелүүлэх алхмаа ойртуулж, Солонгосын Парламентад хөл тавьсан байна. Цаашид болж өгвөл Хөх ордонд дадлага хийж суралцах хүсэлтэй аж. Мөн Б.Урангоо ажил, сургуулийнхаа амралтаар Солонгост суралцдаг монгол залуусын хамтаар сайн дурын олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Түүний нэг нь Улаанчулуутын хогийн цэг дээрх иргэдэд бэлэн хүнс тараахаас илүүтэй амрах цагаа зугаатай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхээр сагсан бөмбөгийн талбайг 2015 барьж өгснийг мэдэх хүмүүс цөөнгүй биз ээ. Одоо тэрээр Монгол, Солонгосын оюутан, залуусын хамт Монгол орны цөлжилтийн эсрэг хувь нэмрээ оруулж жил бүр мод тарих үйлсийг өрнүүлж явна.

Б.Урангоо: Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна

Б.Урангоо: Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна

Б.Урангоо: Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна

Б.Урангоо: Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна

Б.Урангоо: Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна

Б.Урангоо: Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна

Б.Урангоо: Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна