Ким Жон Уны хүргэн болох өрсөлдөөн Хойд Солонгост өрнөж байна
2016.05.30 14:17
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн 29 настай охин дүү Ким Ё Жундаа нөхөр олж өгөхөөр шалгаруулалт явуулж байгаа тухай Хойд Солонгосын дүрвэгчээс авсан мэдээллийг Их Британий The Sun сэтгүүл нийтэлжээ.
Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын тагнуулын алба түүнийг улс төрч Чой Рён Хайтай гэрлэж хүүхэд гаргах гэж байгаа тухай мэдээлж байсан бол сүүлийн үеийн мэдээллээр энэ нь няцаагдаж байна. Өнгөрсөн сард Хойд Солонгост зочлоод ирсэн Ким Жон Илийн (Ким Жон Уны эцэг) тогооч асан Кенжи Фужимото ярилцлагадаа “Ё Жун ганц бие хэвээр байсан” гэж бас нотолсон юм.
Өмнө нь 2012 онд Британий нэгэн сонинд Ё Жунд нөхөр олсон боловч шаардлагыг нь хангаагүйн улмаас салсан тухай бичиж байв.
Эх сурвалжуудын баталж байгаагаар Ким Жон Ун тодорхой шалгуурууд тавьж, түүнийг нь хангасан хэн ч охин дүүтэй нь сууж болохыг зөвшөөрсөн гэнэ.
Уг шалгуурт хүргэн дүү нь заавал Пьёньяний Их сургуулийг төгссөн буюу суралцаж байгаа, 178 см-ээс дээш өндөртэй, царай зүс тэгш, Хойд Солонгосын Ардын Армид алба хаасан байх ёстой гэжээ.
Хэдийгээр дээрх шалгууруудыг хангасан ч Ким Ё Жуны эвийг олох тун хэцүү гэнэ. Учир нь түүнийг нэлээд өндөр шалгууртай, биеэ тоосон эмэгтэй гэдэг аж.
Дүрвэгчийн ярьснаар “Ким Жон Ун нэг удаа армид алба хаасан, их сургууль төгссөн буюу суралцаж байгаа 30 залууг өөрөө сонгож шалгаж байсан” гэнэ. Тэд бүгд Солонгосын Хөдөлмөрчдийн Намын гишүүн, 175 см-ээс дээш өндөртэй, шилэгдмэл залуус байсан гэж нэрээ нууцалсан дүрвэгч өгүүлсэн байна.
Эх сурвалж: Korea Times