메뉴 건너뛰기


"Цэс хайрхан" компанитай хамтран монгол брэндийн чацарганы виног Японы зах зээлд анхлан гаргасан монгол бүсгүйг Ц.Гэрэл гэдэг. Тэрээр Монгол, Японы хооронд гүүр болж, бараа бүтээгдэхүүн импортлох болон экспортлох зорилготойгоор HIKARI G.C компаниа 2015 онд байгуулжээ. Компаниа байгуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч чацарганы виног хэрэглэж, худалдан авч буй японуудын сэтгэл ханамж өндөр байгаа төдийгүй, энэ төрлийн бүтээгдэхүүн Японы зах зээлд эрэлттэй байгаа ажээ. Тиймээс бид энэ удаагийн МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ цувралын зочноор HIKARI G.C компанийн үүсгэн байгуулагч Ц.Гэрэлтэй ярилцлаа. Түүнчлэн тус компани АПУ компанийн архийг өнгөрсөн оны аравнэгдүгээр сараас Японы зах зээлд нийлүүлж эхэлжээ.

-Чацарганы виног Японы зах зээлд хэзээнээс, хэрхэн худалдаалж эхэлсэн талаар хоёулаа яриагаа эхлүүлье?

-Миний хувьд 2015 оны аравдугаар сард  HIKARI G.C компаниа байгуулсан. Одоогоор манай компани “Цэс хайрхан” гэдэг нэртэй монголд үйлвэрлэлээ явуулдаг компанийн чацарганаар хийсэн виног Японы зах зээлд экспортолж байна. Цаашдаа зөвхөн чацарганы виноноос гадна “Цэс хайрхан” компанийн чацаргана жимсээр хийсэн бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах зорилготой ажиллаж, танилцуулах шатандаа явж байна. Анх "Цэс хайрхан" компанийн төлөөлөгчид олон улсын үзэсгэлэнд оролцохоор Японд ирж байх үед нь би орчуулга хийж өгч байсан. Тэр үеэс чацаргана жимс ямар олон төрлийн амин дэмийг агуулж байдаг, ач холбогдолтой болохыг мэдсэн. Тэгээд энэ компанитай хамтран ажиллаж, чацарганыг үндэсний бүтээгдэхүүн болгож гадаад зах зээлд гаргах санаа төрсөн. Компани маань үйл ажиллагаагаа явуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч чацарганатай винонд японуудын сэтгэл ханамж өндөр байгаа. Виногоо "Моримото" гээд архиар дагнасан сүлжээ компанид гэрээгээр нийлүүлдэг. Тус компанийн таван том дэлгүүрээр худалдаалагддаг. Мөн интернэтээр худалдаж байна.

Япон айл бүрийн хөргөгчинд монгол брэндийн чацарганы вино байдаг болгох нь миний зорилт 

-Асар олон бараа өрсөлдөж байгаа том зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлж, хэрэглэгчдэд сэтгэл ханамж төрүүлнэ гэдэг амаргүй. Бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн хүргэсэн бэ?

-Миний хувьд одоогоор зорилтынхоо нэг хувьд л хүрч байна. Японууд хэрэглээний соёл өндөртэй ард түмэн. Бүтээгдэхүүний амт,чанараас эхлээд үзэмж, сав баглаа боодол гэх мэтээр маш өндөр шаардлага тавьдаг. Тэр хэрээрээ япон хүмүүс мэдэхгүй нэгэн жимсээр хийсэн бүтээгдэхүүнийг том зах зээлд гаргана гэдэг амаргүй байсан. Хүмүүс цагаан вино гэхээр усан үзмээр хийдэг л гэж ойлгодог. Тэгээд чацаргана жимсээр Монголд үйлдвэрлэсэн дарс гэхээр эхэндээ ойлгодоггүй байсан. Гэрээт борлуулалт хийгээд хамтран ажиллаж байгаа одоогийн компани хүртэл “Япон хүн мэдэхгүй. Ийм бүтээгдэхүүнийг худалдаалахгүй” гэж хэлж байсан. Учир нь, тэд лангууны үнэ цэнийг маш сайн мэдэрсэн байдаг. Тийм болохоор бүгдийг шинээр, сайн бодож зөв алхам хийхгүй бол хэрэглэгчдэд хүрэхгүй гэдгийг мэдэрсэн. Тэгээд бүтэн жилийн хугацаанд зөвхөн бүтээгдэхүүнээ танилцуулж, сурталчилж явсан даа.

-Одоогоор зорилтынхоо нэг хувьд л хүрч байна гэлээ. Цаашид ямар төлөвлөгөө, зорилготой ажиллаж байна?

-Чацаргана жимсээр хийсэн бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэлээ болгохыг зорьдог. Хятадууд аль хэдийн цөлжилтийн эсрэг үндэсний бодлогын хүрээнд чацаргана жимсийг үндэсний бүтээгдэхүүн болгоод тариалаад, бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргаж байна. Өргөн уудам газар нутагтай, хатуур ширүүн уур амьсгалтай газар нутагт нь байгаль эх дэлхий тарьж идээрэй гээд витамины комплексийг бидэнд хишиг болгож байхад өөрсдийн ургадаг баялгаа бусдад алдаж болохгүй шүү дээ. Тиймээс Япон айл бүрийн хөргөгчинд чацарганын вино байдаг болгох нь миний зорилт гэж хэлж болно. Монголчууд ухдаг баялгаар бус ургадаг баялгаар хөгжих боломжтой. 

-Манай улсын бүтээгдэхүүнд боломж хэр байна. Ямар бүтээгдэхүүнд орон зай байна гэж бодож байна?

-Бүх төрлийн бүтээгдэхүүнд боломж бий гэж хардаг. Харин үндэсний үйлдвэрлэлийг гадаад зах зээлд гаргахын тулд улсын бодлого маш чухал. Дан ганц бизнес эрхлэгчид зүтгээд нэмэргүй. Тухайлбал, Япон руу бүтээгдэхүүн тээвэрлэхэд тээврийн хөлс маш өндөр байдаг. Газраар тээвэрлэхэд заавал Хятадын газар нутгаар дамжих хэрэгтэй болдог. Хятад улс нь мэдээж өөрсдөдөө ашигтайгаар асуудлыг шийддэг. Хятадын газар нутгаар түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлэхэд нэлээд саад бэрхшээл гардаг. Агаараар тээвэрлэхэд их үнэтэй. Гэтэл улсаас тээврийн зохицуулалтын тал дээр улс хоорондын төвшинд ямар ч бодлого, зохицуулалт байдаггүй. Улсаас дэд бүтцийг хөгжүүлээд өгөх юм бол ямар ч төрлийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлох боломжтой. Импортын татварыг тэглэсэн ч гэсэн тээврийн зардал бусад орнуудаас маш өндөр байдаг. Энэ мэт асуудлыг Засгийн газраас бодлогын төвшинд шийдэж өгч чадах юм бол монгол брэндийн бүтээгдэхүүн аль ч зах зээлд гарсан орон зай, боломж бий гэж хэлмээр байна.

-Үйлдвэрлэл, маркетинг өндөр хөгжсөн газар эх орныхоо бүтээгдэхүүнийг таниулж яваа хүний хувьд үйлдвэрлэгчид, тэр дундаа гадаад худалдааныханд ямар зөвлөгөө өгөх вэ. Өөрийн туршлагаас олж мэдсэн зүйлээсээ хуваалцаж болох уу?

-Нэгдүгээрт, тууштай байдал хамгийн чухал юм болов уу. Мөн бизнес гэдэг хүмүүсийн хоорондын харилцаа байдаг. Итгэлийг нь олж авах явдал гэдгийг мэдэрч байна. Тэгээд хийж байгаа зүйлдээ үнэхээр итгэлтэй, чин сэтгэлээсээ хандах нь чухал. Тухайлбал, чацарганы виног танилцуулахдаа, япон айл бүрийн хөргөгчид байдаг бүтээгдэхүүн болгомоор байна гээд ярих нэг өөр, бас энийг зүгээр авчих ийм чацарганы вино байна гээд ярих бас өөр байдаг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ хэрхэн танилцуулж байгаа нь тухайн хэрэглэгчид хүчтэй нөлөөлж байдаг юм билээ. Зөвхөн танилцуулгаа сайн хийгээд хэрэглэгчдийн итгэлийг олно гэдэг бас хэцүү. Миний хувьд алдаж, оносон зүйлүүд их бий. Тухай бүрт нь аргаа өөрчлөөд явж байсан. Мөн энэ хугацаанд бас нэг анзаарсан зүйл нь нөгөө хүн юу хүсч байгааг мэдэх нь хамгийн чухал байдаг. Юу хүсч байгаа, ямар зүйлд илүү их эмоци өгөх вэ гэдгээс хамаараад ямар үг сонгож ярих вэ гэдэг нь чухал. Тэгэхээр тухайн хэрэглэгчээ сэтгэлзүй талаас нь маш сайн судлах хэрэгтэй гэсэн үг. Нарийн төлөвлөсний эцэст зөв хөдөлж байж хурдан амжилтад хүрдэг юм байна. Монгол хүмүүс аливаа зүйлийг ерөнхийд нь бодоод төлөвлөөд байдаг. Япон, солонгосчууд маш удаан судлаад л байдаг нь их төвөгтэй санагддаг. Японууд өнгө сонгохдоо хүртэл маш том ач холбогдол өгдөг. Энэ бизнест яагаад чухал байдаг вэ гэдгийг ухаарч байна. Өнгөнөөс хүртэл хамаараад хэрэглэгчийн сэтгэл зүй өөрчлөгдөж байдаг юм байна. Энгийн жишээ гэхэд, японууд мандариныг улаан торонд хийж зардаг. Улаан тортойг нь хүмүүс илүү худалдаж авдаг. Яагаад гэхээр улаан өнгийн торонд хийсэн мандарин илүү боловсорчихсон юм шиг харагддаг байх жишээтэй.

-Мэдээж өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу?

-Монгол хүний хувьд хурдан сэтгэдэг, гарц хайх, арга замыг олох чадвар өндөр  мөртлөө нэгдэж чаддаггүй нь сул тал юм болов уу гэж хардаг. Бид бие биенийхээ хийсэн зүйлд баярлаж чаддаг, нэгнийгээ дэмжиж, хамтарч чаддаг байх ёстой. Нэгдэж чаддаггүй байдал нь Засгийн газраас эхлээд хувь хүн хүртэл бүх төвшинд харагддаг. Өүлэн эхийн таван сумын сургаал хүртэл байдаг шүү дээ. Монголчууд бид хэтэрхий бие даасан нүүдэлчин сэтгэлгээнээсээ салаад, нэгдэж чадвал Монгол Улс илүү хөгжинө.