메뉴 건너뛰기



Мэдээний зураг,

-ХИЛ ДАВАВ-

Гавьяат нисгэгч Амарбатаар удирдуулсан OM 304 чиглэлийн нислэг БНСУ-ын Инчеоны  буудалд  амжилттай  газардаж, аялалын  визтэй сэтгүүлч  миний “ адал  явдал” эхлэв. “Чамаас бусад нь бүгд хөл тавьж үзсэн дэгээ” гэх найзын егөө чихнээс холдож  амжаагүй шахам байхад Гуулин улсад ирсэн минь энэ. Замаа гайгүй сайн заалгасан тулдаа дэлхийд овор хэмжээ,чанар чансаагаараа таван хуруунд багтах нисэх буудлаас хүрэх газраа төөрч будилсангүй оллоо. Очих айлдаа зэхэж бэлтгэсэн хиам, энэ тэрхнээр дүүргэсэн үүргэвчийг минь харин жижигхэн хав ирж үнэрлээд л гаалийханд барьж өгч хураалгасныг эс тоовол  мунгинасан юмгүй л хил давлаа. Замын танилын яриагаар иймхэн хүнсийг аргалах амархан юм байх. Мөнгөлөг цаасанд битүү ороож хийгээд цүнхнийхээ гадуур үнэртүүлдэггүй бодис шүршчихдэг гэнэ. Ийм аргаар үхрийн өвчүү, хонины гэдэс тас хөлдөөгөөд оруулж ирдэг тухай шинэхэн танилаас сонсоод гайхахын хажуугаар  хаа ч аргаа олдог Монголчуудаараа  бахдах ч шиг. 

Зуны ид бүгчим халуун найман сард давхардсан тоогоор 1 сая 461 мянган монгол иргэн БНСУ-ыг зорьсныг хүйтний ам наашилсныг сануулах намрын дунд сард нутагтаа ирчихээд мэдлээ. Визний хугацаагаа хэтрүүлж “харласан” иргэдийн тоогоороо Монгол улс  дахиад л  толгой цохиж явааг  ч Гадаад харилцааны  яамны  Консулын газраас мэдэв.  Тэнд танилцсан монгол залуус ч энэ мэдээллийг  бататгаж  байлаа. Гэрээгээр  ажлаад  найман  жил болж  байгаа Цолмон “Хоёрхон  жилийн  өмнө монголчууд бага ирдэг байсан. Одоо монгол таун дээр очихоор битүү. Наашаа нүүдэллэж байна.  Ирж байгаа хүмүүсийн  ихэнхи нь гурван сарын визийн хугацаандаа ажил хийж байна. Ноднингоос хойш хүмүүс их "харалж" үлдэж байгаа. Би "харлахыг" дэмждэггүй. Дараа, дараагийн хүмүүстээ боломж олгох хэрэгтэй. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр  гэдэг үгийг л  бодоод үзэх хэрэгтэй болов уу” гэлээ.

-“ШОРВОГ” АМТ-

Монголчууд минь хэдэн төгрөг ахиухан олж хүн шиг амьдрахын төлөө харь нутагт хэрхэн ажилллаж, амьдардгийг сонсож дуулаагүй хүн үгүй. Харин нүдээр үзэж, биеэр мэдэрнэ гэдэг ёстой мянгантаа сонссоноос илүү шорвог амттай юм билээ. Сэтгүүлч хүний сониуч зан, бас үнэнийг бодитоор, баримтаар өгүүлэх сэтгүүл зүйн зарчим гэхээсээ яс чанарт хөтлөгдөн гал тогоо руу нь  цөөхөн хоногоо үл чамлан гүнзгийхэн шумбахыг хичээв.  Амьдралд ч, ажилдаа ч  олзтой очихыг хичээсэн нь энэ.

Солонгос улсын Сөүл хотын Жанганрү дүүрэгт ирсэнийхээ маргааш өглөө нь танилынхаа хийдэг ажлыг сонирхохоор хамт гарлаа. Шигүү чигжүү гудамжнуудыг ороон явсаар гаднаа хэд  хэдэн жижигхээн погдгор цэнхэр машин  эгнүүлсэн хоёр давхар  ажлын  байранд, тэдний ярьдгаар “Самшил”-д хүрч очив. Эндээс гурав дөрвөөрөө баг болж аваад цэвэрлэгээний ажил буюу “чонсу”-д гардаг гэнэ. Танилын маань гэр бүлийн хүн “исаа” хийдэг. Энд ажиллаад удаж байгаа нь туршлага заан бусдыгаа ахалж ажиллана Анх ирсэн хүнд  энэ мэтээр  хийх  ажлуудын оноож өгсөн нэрийн товчлол сонин содон. “Усыг нь уувал ёсыг” нь гэдэг шиг тэкбэ, шингдэ, шигдан,  арбайт гээд сурах ёстой үгнүүд ч араасаа хөвөрлөө.

Арбайт буюу цагийн ажлын хөлс өдөрт ойролцоогоор 50-60 мянган вон. Төгрөгөөр хувилаад тооны ихэд нь уулга алдаж  мөнгөний хэтэвч атгасан мэт тэндхийн монголчуудаа харж болохгүйг ойлгосон хэрэг. Ийм мөнгөний хөлс хачин шорвог гэдгийг  бүх мэдэрхүйгээрээ амталсан хүмүүс тэнд л бий болов уу. Үүрийн гэгээнээс үдийн цай хүртэл зогсох чөлөөгүй нэгэн жигд хурдтай хэмнэлээр ажиллах үед  хамрын үзүүрт тогтсон хөлс байн байн дуслах нь хэвийн үзэгдэл.  Харин сэдэв хөөж, баримт хайн, үзэг цаас нийлүүлдэг сэтгүүлч  би ингэж хөлсөө гаргасан нь хэзээ билээ. 

Ажлын нэгэн хэвийн үйлдэл, хөл дээр минь тогтох хүчийг ч үлдээлгүй сорох үед үдийн хоол ямар их эрч хүч өгдгийг, харь орныхон  ажлын цагийг бүрэн дүүрэн хэрхэн ашигладагийг, бид дэргэд нь хичнээн алмай налгар болохоо хүний нутагт биеэр мэдэрч байж л ойлгодог гэдгийг тэндхийн монголчууд дуу нэгтэй хэлэх юм билээТэр өдрийн хамаг тэнхээ,  ажлын цаг хоёр нэг ижил дуусдаг болохоор “ажлын мал болтлоо нухлуулдаг” гэж манайхан ярьдаг биз. Өгч, авч чаддаг болохоор л тэдний “борог ажил“-д миний Монголын ажиллах хүч зүтгээд байгаа хэрэг. 

Солонгос улс хүний эрхийг хөдөлмөрийн талбарт зөрчдөг гэдгээрээ зэм сонсдог. Тэр нь ажлын цаг урт гэсэн шалтгаанаас үүдэлтэй. Дундаа хоёр амралттай ч хоногийн 24 цагийн тэн хагаст нь ажиллуулдаг нь үнэн. Тэвчээр барагдах дөхөхөөр “ямар робот биш дээ,  бид чинь хүн юм байгаа биз дээ” гэж бухимдах нь энүүхэнд. Сайн муу нийлж сав дүүрдэг гэдэг шиг аятай эвтэй  ажлын байр бас бий гэнэ. Сөүл хотод ирээд  удаагүй байхдаа цахимаас өртөг өндөр хотуудын жагсаалтад Сингапур, Токио, Сөүлтэй Улаанбаатар хот эн зэрэгцэж явааг олж уншив. Харин тэнд оршин суудаг Нямдорж “Эх орондоо авдаг байсан цалингаа энд хэд нугална. Монголдоо 500 мянган төгрөг авдаг  байсан бол энд 1,500,000 вон. Хөдөлмөрийг бол ч ёстой жинхэнэ үнэлүүлж байж цалин авдаг даа. Жил 6 сар болчлоо. Дөрвөн сар ажиллаад буцна даа. Энд ажиллаж байгаа монголчуудыг ар гэрт нь үлдсэн хүмүүс, ах дүү, найз гөхөд нь мөнгө үйлдвэрлэж байгаа юм шиг л  санадаг.  Мөнгө зээлээч  гэх нь  энүүхэнд. Гэтэл  энд бас л  зүтгэж, тэвчиж байж  олдог. Мянга ярихаар нэг үз гэдэг. Ирж үзэж байж төсөөлснөөс нь өөр гэдгийг мэдэрдэг юм. Солонгос эзэнд загнуулж чичүүлэх энүүхэнд. Шүдээ тас зуугаад л тэвчинэ. Оройдоо  ядарсан хүмүүс бушуухан амрахыг  л  бодоцгоодог. Эх  орондоо очих бүртээ нэг сайхан үйлдвэр байгуулчихвал болчих юм шиг л санагдаад байдаг юм.  Сайншандын  аж үйлдвэрийн парк гээд яриад байсан, тэрэн шиг” гэсэн юм.

-ШОППИНГ ТУР-

10-аад жилийн өмнөөс аялал  жуулчлалын салбартаа эрүүл мэндийн жуулчлал гэх давалгааг эхлүүлж  амжилт олсон Солонгос   улс  өнөөдөр  энэ салбартаа өөр нэгэн  чиг  хандлага бий  болгоод байна.  Энэ  нь  “Шоппинг тур”. Намайг очсон намрын  эхэнд бүтэн нэг  сарын турш "Shopping and Tourism Festival" буюу "Shopping Sale FESTA" болж  байв. Хүмүүсийн  ярихнээ бараа бүтээгдэхүүн нь  “цөм  хямдардаг” юм байх.  200 мянган  вонын  үнэтэй  брэндийн пүүз 20 мянга болдог л гэнэ. Баяр ёслолын үеэр ёстой гайхширтал үнээ буулгадаг тухай танил маань хуучилав. Авдаг цалинг нь худалдаж байгаа барааны үнэтэй нь харьцуулахад үнэхээр боломжийн гэхээр санагдаж байлаа. Өртөг өндөртэй эх орондоо үнэлэмж багатай цалинтайгаа мартаж орхиод  шоппинг туризмын  давалгаанд хуу хамагдах дөхөв.  

Гэтэл  төгрөгөөр хувилж бодохоор горолзож гүрэлзээд ер урагш алхахгүй шинжтэй. Харин байгаа юмыг байгаагаар нь л хүлээж авбал гурван сая төгрөгийн цалинтай  хүнд  200 мянгаар  нь гутал  худалдаж  авах  ёстой юу  ч  биш.  Хагас сард  300 мянган төгрөгийн цалинтай   монголчуудад  ийм  үнээр  ганц гутал  авчихвал  ямар мөнгөөрөө үр хүүхдээ тэжээхэв гэдэг бол ёстой л асуудал. Бид баялагаа яаж ухаж зарах тухай маргаж, шийдлээ олж чадахгүй  суух хооронд баялаггүй улс толгойгоороо, сэтгэхүйгээрээ ингэж бусдын мөнгийг хамаж чадаж байна.        

-ХҮНИЙ НУТАГТ ХУЛХИДУУЛАХ ДӨХӨВ-

-Ягаарч үзэх үү, та?...

-Тэр чинь  юу билээ?  

-Аа, шөнийн  ээлжийн  ажил. Цалин  ахиу. Оройн 20:00  цагаас  өглөө  08:00  цаг хүртэл тасралтгүй ажиллаад 120 мянган вон буюу 240  мянган төгрөг.

-Юу хийх үү?

-Тэкбэ.  Шууданд ирсэн  илгээмжүүдийг ангилж ялгана.

“Ганц шөнийн нойр даалгүй яадаг юм” гэж бодсон надад амархан ч ажлаад ахиухан  мөнгө олчих санаа төрөв. Ёстой л суух завдалгүй  зогсоо зайгүй ажиллаж байж арайхийж нэг юм  өглөөн нартай золгов.  Болоогүй ээ  бас дунд нь илгээмж урсаж ирэх тэрхээн зуур зогсоогоороо дуг хийгээд авав. Дэргэд зогсож байсан Хятад сэрээгээгүй бол яах ч байсан юм. Надтай адил 10 гаруй монгол бүсгүй, 10-аад залуу хотоос нэлээд зайдуу байрлалтай шууданд ийн хамт ажиллацгаав. Ажил дуусаад хятад, вьетнамууд нүдэн дээр мөнгөө тоолж аваад явцгаав. Гэтэл монголчуудын хөлс  байдаггүй. Ажилд зуучилсан монгол хүү асуудал үүсгэх нь тэр. Шөнөжин  гүрийсэн монголчууд “цай ч үгүй царай ч үгүй” гэдэг шиг  цалингүй ажилласан болж таарав.  Уурлаж  унтууцан уйлж унжихдаа хүрсэн тэдэнд зуучлагч залуугийн хэлсэн тайлбар миний “хөх инээд”-ийг  хүргээд болдоггүй.

“Эзэн зугтаагаад олдохгүй байна. Хоёр хоногийн дараа хайж олоод хариу мэдэгдэе” гэсэн хариулт шөнөжин зогсоогүй ажилласан монголчуудыг уурлуулалгүй яадаг юм. Харин  яагаад  ч юм  миний инээд хүрээд... Хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг Солонгосчууд  яав ч  шөнөжин  ажилласан  хүмүүсийг “шалз” шиг хаяхгүй.  Асуудал  монгол  залууд  байгаа нь харваас илт. Ийм  болохоор  л  “монголчуудаасаа  хол  байгаарай” гэсэн явган яриа  байдгийм байна.

Бухимдсан бүсгүйчүүдийн хөл татрангуут зуучлсан залуутай тулж уулзлаа даа. “Амь амьдралынхаа төлөө хүний газар ирсэн энэ олон хүнийг ингэж хохироодог юм бол эгч нь Монголдоо очоод нэвтрүүлэг хийе, манайх шаардлагатай бол хилийн чанад руу хүртэл хүмүүсээ явуулдаг юм” гээд хэлээд тавьчихлаа. 14 хоногийн дараа ганцхан миний утсанд “Компани таны мөнгийг шилжүүлэхээр боллоо. Та бүртгэл болон дансны дугаараа явуулна уу” гэсэн албан ёсны болгож харагдуулах гэсэн богинохоон захиа ирсэн.

-ГАЗАРТАЙ  ЮМ ШИГ Л  БҮТЭЭН  БАЙГУУЛЖ-

Тэр чигтээ уул нуруу бүрхэж, усаар хүрээлүүлсэн Солонгос орон ёстой л уулыг нүхэлж, усыг  сэтэлжээ. Хавчсан юм  шиг давчуу санагдах  ч газартай юм шиг бүтээн байгуулсан нь  бүтээж хийхийн төлөөлөл болсон монгол надад сурах юм их гэдгийг хэлээд ч байх шиг. Хотын гудамж, талбайгаар 50 сая хүнтэй ер мөр нудралцаж, бие чихцэлдсэнгүй явлаа. Далайн эргийн улсад ирчихээд тэнгис  далай  үзэхгүй  явбал  алдас  болох биз ээ. Номхон далайн Япон тэнгистэй хил залгаа хэсэгтээ ус нь тунгалаг  байдаг  бол  хүнд үйлдвэр хөгжсөн  болоод тэр үү хятад талын тэнгис  шараар  эргэлддэг гэнэ.  Үзэх газраа  сонгоход бас  учир  бий бололтой.  Эх газрын охинд нэлий усан далай аймшигтай бөгөөд гайхам байлаа.

-ӨДӨР  ӨНЖҮҮЛЭХ-

Гараараа хачин нямбай будаж зурсан эрвээхэй, цэцэгт наамлыг хараад“ хүүхдүүд хийж ээ дээ” гэж бодтол "Эднийг ахмадууд урласан" гэдэг юм байна. Буурлууддаа зориулсан нэгэн өдөр өнжүүлэх төвийг хэсэг сонирхлоо. Ажихнээ нас нэлээн дээр гарсан үе тэнгийн хөгшчүүл харагдана. Эдний үеийнхэн үгээгүй шахуу тарчиг байсан улс орноо өдий зэрэгт өндийлгөсний тусаар өнөөдөр Гуулин улс Азийн бар улс болтлоо хөгжсөн гэдгийг мэдэх залуус ахмадаа  хүндлэх үзэлтэй. Харин хөгшчүүд нь хүүхэд залуусдаа “залхуу болчих гээд байна” хэмээн шүүмжилэнгүй ханддаг гэнэ. Гэхдээ л тэдний хөгжил хурдтай урагшилсаар. Хөдөлмөрлөсөн улс орон хөгждөг юм хойно.  

-“ӨНӨӨДӨР  ХИЧЭЭГЭЭРЭЙ”-   

Сургуулийн захирал сурагчдынхаа замыг тосон угтангаа "Өглөөний мэнд", "Сайн байна уу", "Тавтай морил", "Өнөөдөр хичээгээрэй!" хэмээн мөрөн дээр нь найрсагаар гараа хүргэн том жижиггүй бүгдтэй нь мэндлэх нь надад бас л өөр харагдлаа.

Солонгос улсын дунд сургуулийн нэгэн өглөөний дүр зураг ийм. Зарим сургууль гаднах талбайгаа барималуудаар "гоёсон" харагдана. Орчиноо хэрхэн тохижуулах нь сургуулийн хамт олны дур юм байх. Энэ дунд сургуулийнхан барималд дуртай бололтой “үзэсгэлэнгийн танхим” аятай тохижуулсан байв. Бусад орны жишгээр сургуулийн үүдэн тушаа тамхи татахыг хориглосон тэмдэг харагдана. Яг түүнийх  нь дэргэд хоёр хүү татаад л зогсоно лээ. 

Сургуулийн орчин гэснээс цэцэрлэгээс нь санаа авах юм  бас бий. Өдөртөө хүүхэд нь юу хийж байгааг  цахим группээр дамжуулан эцэг эхэд нь мэдээлдэг юм билээ. Зургийг нь явуулаад л тайлангаа  тавьчихна  багш  нар  нь.    

 

                          -ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ МОНГОЛЫН ҮНЭЛЭМЖ БАГАТАЙ ЦАЛИН-

Солонгос улсад ганц сар амьдрахдаа олон хүнтэй танилцжээ. Монгол бүсгүйчүүд маань ихэнхдээ буудалд ажиллаж, эрчүүд нь нүүлгэх  ажил  хийцгээнэ.  Ажилд махруу тэвчээртэй  монголчуудыг  солонгос  эзэд  ажилд  авах дуртай байдаг яриа ч үнэн нь анзаарагдав. Жилийн дотор 20 сая төгрөг  хуримтлуулсан монгол залуу байхад 10-аад  жил  амьдарсан ч  хураасан юмгүй нь ч бас бий гэнэ. Солонгос бэрээсээ нуугдаж ажил хийж яваа монгол хадам  ижий, оюутан охиныхоо  төлбөрийг олохоор ирсэн  ээж аав хоёр, нөхөр хүүхдээ   нутагтаа орхиод өөрөө харлахаар  шийдсэн монгол бүсгүй, ажил олгодог газрыг  өдөржин  царайчилсан буурал өвгөнтэй ч  хуучилав, хүний нутагт. Ганцхан юм л  бодогдог юм байна лээ.  Өртөг  өндөртэй Монголын,  үнэлэмж багатай цалинд асуудлын гол  нь  байгааг. Гадагшаа  урссан ажиллах  хүчнээ  дотооддоо тогтоон  барих  бодлого бидэнд хэрэгтэйг ойлгов. Ингэж л өөрчилж, үүнийг л хийхгүй бол “эдийн засгийн дүрвэгсэд” гэсэн нэртэй болох вий монголчууд  бид. 

Ажлын туршлага хуримтлуулаад 15  жил болж буй миний  хагас  сар зүтгэж олдог мөнгийг эх орон, элгэн саднаасаа хол, дарамт шахалттай ч тэнд хоёрхон өдөрт  шат  шүүрдээд  л  авч  байна гээд бодохоор...

Сэтгүүлч Ж.Мөнхөө, Монголын Радио

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
156 автобус онхолдсоны улмаас дөрвөн хүн амиа алджээ file МИX 2016.11.07 5442
155 Пак Гын Хэ-гээс энэ сард багтаан мэдүүлэг авч магадгүй file МИX 2016.11.07 5498
» Өөр амьдрал - Солонгос улсад зорчсон тэмдэглэл file МИX 2016.10.27 5207
153 Японд "Galaxy Note 7” дэлбэрчээ МИX 2016.10.23 5597
152 АНУ-д “Galaxy Note 7”-г худалдахыг албан ёсоор хориглов file МИX 2016.09.16 4684
151 Монгол Улс давхар иргэншлийг хуулиар зөвшөөрнө МИX 2016.09.16 4815
150 Солонгост бэлэг сэлт өгөх явдлыг журамлажээ file МИX 2016.09.06 6668
149 БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 17,816 гадаад иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан байна. МИX 2016.09.02 6627
148 Сонсголын бэрхшээлтэй жолоочийг цагдаа буудан хөнөөснийг мөрдөн шалгаж байна МИX 2016.08.25 5503
147 Гадаад иргэдийн бизнесийн сургууль МИX 2016.08.10 5496
146 МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛАХ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЭВ МИX 2016.07.18 5030
145 БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ file МИX 2016.07.05 5643
144 “Samsung Heavy Industries” корпораци ажилчдаа цомхотгон, цалинг бууруулснаар хүнд үеийг давна file МИX 2016.06.21 5455
143 "Самсунг Си энд Ти" компанийн гүйлгээний хуулгыг анх удаа дэлгэж байна МИX 2016.05.30 5877
142 Ким Чен Уны талаарх ухуулах хуудас илгээжээ [1] МИX 2016.05.30 28183
141 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
140 Экс Ерөнхийлөгчийн гэр бүлээс гадуурх харьцаанаас төрсөн хүү нь аавынхаа үлдээсэн хөрөнгөнөөс өв залгамжлах хүсэлт гаргажээ [1] МИX 2016.05.30 29808
139 "Олон улсын соёлын солилцооны наадам" 2016 оны 05-р сарын 22-ны ням гарагт болно.Чонан хот file МИX 2016.05.19 22481
138 Хятад цэргээ Тажикстан руу оруулж зарим нутгийг нь эзэллээ МИX 2016.05.16 5500
137 “Korean Air”-ийн ажилтнууд Багануурт мод тарилаа file МИX 2016.05.16 5337