메뉴 건너뛰기



 
Саяхны нэг өдөр БНСУ-ын Хуульзүйн Яамны гадаадын иргэдийн оршин суулттай холбоотой асуудлыг хариуцдаг газрын ахлах мэргэжилтэнтэй уулзсан юм. Энэ хүний ярианаас сонсоход хойшид БНСУ-ын засгийн газар гадаад иргэд тэр дотроо гадаад оюутнуудын талаарх бодлогодоо ихээхэн өөрчлөлт хийхээр тогтож байгаа юм байна. Зах зухаас нь сонордуулъя.
1. Хойшид БНСУ-д хэлний курст суралцахаар ирэх бол солонгос хэлний суурь мэдлэгтэй байх шаардлага тавьж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл TOPIK буюу солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг монголдоо өгч 1-р түвшинд тэнцсэн байх шаардлагыг тавьж эхлэх юм байна. Бакалаврын түвшинд суралцахаар ирэх бол 3-р түвшинд тэнцсэн байх, магистр докторын түвшинд суралцахаар ирэх бол 4-р(хараахан тогтоогүй байгаа) түвшинд тэнцсэн байх шаардлагыг тавьж эхлэх юм байна.
2. Оюутнууд чөлөөт цагаараа arbeit буюу цагийн ажил их хийдэг. Одоогоор 7 хоногт 20 цаг ажиллах зөвшөөрлийг цагаачлалын албанаас авч байж ажиллаж байгаа бол хойшид энэ зөвшөөрлийг авахын тулд хэлний курсынхан TOPIK буюу солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 2-р түвшинд, бакалавраас дээш түвшнийхэн 3-р түвшинд тэнцсэн байх шаардлагыг тавьж эхлэх юм байна. Энэ нь тухайн оюутны хэлний мэдлэг тодорхой түвшинд хүрч байж ажлын байран дээрээ аюул осолгүй, хэлний бэрхшээлгүй ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаатай холбоотой юм байх. Оюутнууд нь барилгын салбарт, үйлдвэрлэлийн салбарт мөн караокед ажиллаж болохгүй гэнэ. Зөвшөөрөлгүй ажиллаж байгаад баригдах аваас албадан буцаах арга хэмжээ авна гэнэ.
3. D-10 визийн тухайд. Бакалавр, магистр, доктороо төгссөн хүмүүс солонгост ажилд орохын тулд тодорхой хугацаа шаардагддаг. Энэ хугацаанд олгогддог виз нь энэхүү D-10 виз юм. Хойшид энэ виз олгогдохгүй байх 2 заалтыг нэмэх юм байна. Энэ нь цагаачлалын албанаас 400000 воноос дээш торгууль оногдуулж байсан бол, мөн ажилд орох болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль зөрчиж байсан бол гэсэн заалт юм байна. Энэ заалт 2019.01.01-нээс хэрэгжиж эхэлнэ гэнэ.
4. Оюутнууд визээ сунгуулах үед банкин дахь мөнгөний үлдэгдлээ шалгуулдаг. 20 мянган доллар, 10 мянган доллар хүн бүрт банкинд нь байгаад байх боломжгүй нь ойлгомжтой. Тиймээс брокеруудаас богино хугацаанд мөнгө зээлж банкинд байршуулаад дансны үлдэгдлийн хуулга гаргуулж аваад цагаачлалын газарт өгдөг. Цагаачлалын газраас 7 хоногийн дараа гүйлгээний агуулгыг шалгахад мөнгө ороод гарсан нь харагддаг тул уг оюутны визийг 3 сараар л сунгахаас өөр арга байдаггүй гэнэ. 20000 доллараа нэгмөсөн банкинд 1 жилээс дээш хадгалуулаад мартаж орхисон нь дээр юм байх. Бичиг баримтаа бүгдийг нь бүрдүүлээд өгсөн атал виз хүссэн хэмжээнд сунгаж өгөөгүй гэдэг шалтгаанаар олон оюутан шүүхэд хандан заргалддаг ч заргаа авах ямар ч боломжгүй байдаг. Заргалдах хугацаандаа өмгөөллийн хөлс төлөх ба явдал суудал гэх мэтээр эдийн засгийн болон бие сэтгэл санааны хохирол амсах зүйл их байдаг тул анхнаасаа асуудлаа зөв шийдэж явах нь чухал гэнэ.(Энэ хугацаанд 1000 орчим оюутан шүүхээр заргалдсан ч нэг нь ч заргаа авч чадаагүй гэнэ)
5. Дансандаа тогтмол их хэмжээний мөнгө байршуулах боломжгүй оюутнуудад дараах хувилбарыг санал болгох юм байна. Дансандаа тогтмол 1 сая вон байршуулах. 1 сарын хэрэглээний өртөг болох 700000 вон сар тутам орж гарч гүйлгээ хийгдсэн байвал визээ сунгуулахад хүндрэлгүй гэнэ. Сургуулиа солилгүй адилхан сургуульд сурч байхдаа визээ сунгуулах бол орж гарч гүйлгээ хийгдсэн мөнгөний хэмжээ 350000 вон байж болох юм байна. Уг нь энэ мөнгө хилийн чанадаас шилжиж орж ирсэн байх ёстой боловч тусгайлан цагийн ажлын зөвшөөрөл авсан тохиолдолд тэрхүү цагийн ажлаас олох мөнгийг нь хилийн чанадаас шилжиж орж ирсэн мөнгөтэй адилтгаж үзнэ гэнэ.
6. Цагаачлалын газраас цагийн ажлын зөвшөөрөл авахын тулд ажиллах газартайгаа гэрээ хийх хэрэгтэй. Гэхдээ энэхүү гэрээ нь үндсэн ажилтны гэрээ биш тул төсөрхөн үйлдэж болох юм байна. Гагцхүү ажлын хөлсөө дансандаа шилжүүлж авч байх хэрэгтэй юм байна. Хэрэвзээ дансаар авалгүй бэлэн мөнгөөр авсан тохиолдолд тэр мөнгөө тухай бүрт нь өөрийн дансандаа хийж байхад болох юм байна. Энэ нь тогтвортой тогтмол орлоготойг баталж өгөх тул визээ сунгуулахад ямар нэгэн их хэмжээний хөрөнгийн баталгаа шаардах хэрэггүй болж байгаа юм байна.
7. Залуу хүмүүс хоорондоо муудалцах цаашлаад зодолдох
гэх мэт зүйл байдаг. Үүнийхээ дараа хоорондоо хэл амаа олоод эвлэрээд салах тохиолдол байдаг. Энэ нь хэрэг дууссан гэсэн үг биш юм. Ялангуяа цагдаагийн газартай нэг холбогдчихвол их хэцүүднэ. Нийгэм гэмт хэрэг хийх, танхайрах, зодоон цохион хийх зэргийг хориглодог. Иймэрхүү зүйлд орооцолдчихвол нийгэмд хохирол учруулсан гэдэг үндэслэлээр эрүүгийн шийтгэл хүлээх болдог. Эрүүгийн хэрэгт нэг холбогдчихвол албадан буцаагдах нэг том шалтаг болдгийг сайн ухамсарлан хууль дүрмээ сайн сахин мөрдөж өөрийнхөө хамгийн том зорилгодоо амжилттай хурдан хүрч хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө цаг мөчтэй уралдан сурч боловсрох үйлст нь амжилт хүсье^^

Нэлээн урт бичвэр болчихжээ. Эцсийг нь хүртэл уншсан танд баярлалаа. Ялангуяа үр хүүхдээ солонгост сургуульд явуулах бодолтой эцэг эхчүүд нэг удаа уншчихад илүүдэхгүй байх гэсэн үүднээс ийнхүү нуршин нуршин бичлээ.

Асуух тодруулах зүйл байвал доор бичиж болно. Би тэдгээр хүмүүсээс тодорхой хариултыг сонсож эргэн та бүхэнтэй хуваалцанаа.

Via Otgonbayar Suren

С.Отгонбаяр. БНСУ. Сөүл хот