Солонгос Жэжү арлын ЦГ: “Хууль бус цагаач иргэдийг харвал мэдэгдэнэ үү”
2018.05.09 14:00
Өмнөд Солонгос улсын Жэжү аралд хууль бус иргэдийн үйлдэж буй гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тус газрын захиргаанаас яаралтай арга хэмжээ авахаар болсон юм байна. Тус арал руу гадаадын иргэд визгүй зорчих боломжтой байдгаас, гадаад улсын иргэд тэнд очин хууль бусаар оршин суудаг юм байна.
Жэжүгийн цагаачлалын албанаас өнгөрсөн 27-ны өдөр “Жэжү аралд 2016 онд хууль бусаар орж ирсэн гадаад иргэдийн тоо 5763 байсан бол 2017 онд энэ тоо 7.8%-аар өсөж 6218 болж өссөн. Өнгөрсөн жил хууль бус цагаач 1445 иргэнийг албадан гаргасан бол сайн дураараа нутаг буцсан 3508 хүн байсан” гэж мэдэгджээ.
Жэжү арлын цагдаагийн газар “Хууль бус гадаад иргэдийн тоо нэмэгдэх тусам гадаад иргэдийн үйлдэх гэмт хэргийн тоо өсөж байна. Өнгөрсөн 2015 онд гэмт хэрэг үйлдсэн гадаад иргэний тоо 16-аас хэтрээгүй бол 2016 онд 54, 2017 онд 67 болж өссөн” гэж мэдэгджээ. Харин энэ жилийн 1-р сарын 1-ээс 3 сарын 30-ны өдөр хүртэл хууль бус иргэдийн үйлдсэн гэмт хэрэг 15-д хүрчихсэн байгаа юм.
Хууль бус цагаач иргэд ажлын байр болон ашиг сонирхолын үүднээс болж хоорондоо муудалцан гэмт хэрэг үйлдэх нь их байдаг юм байна.
Тухайлбал өнгөрсөн 22-ны өдөр, хууль бусаар оршин сууж байсан Хятад улсын иргэн ажлын байран дээрээ өөр нэг хууль бус цагаач иргэнтэй муудалцан түүний биед хүйтэн мэс хүргэн амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Мөн өнгөрсөн сарын 29-ний өдөр хууль бус цагаач Хятад улсын долоон иргэн зэвсэг барьж үймээн гаргасан хэрэг гарсан байна.
Мөн хууль бус иргэдийн ихээр төвлөрсөн газруудад хэрэг гарах бүр оршин суугчдийн айдас ,түгшүүр нэмэгдсээр байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан цагдаагийн газар шинэ арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй байгааг онцолсон юм байна.
Жэжү арлын цагдаагийн газар “Aймаг доторх хууль бус цагаач иргэдийн гэмт хэргийг бүр мөсөн таслан зогсоохын төлөө гадаад иргэдэд хийх шалгалтаа урьд өмнөхөөс илүү чангаруулна” гэж хэлжээ.
Мөн нутгийн иргэдэд хандан “Хууль бус цагаач иргэд энд тэнд нуугдсан байгаа тул та бүхэн гадаад иргэдийг харвал мэдүүлэг өгнө үү” гэж хэлсэн ажээ.