Солонгос улс Этиоп улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд тусламж үзүүлэхээр болжээ
2016.05.30 11:46
Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе Африкийн орнуудад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Айлчлалын хүрээнд талууд хамтын ажиллагааны олон тооны гэрээ хэлэлцээр, санамж бичгүүдэд гарын үсэг зурсан ба тэдгээрийн нэгийг дурдахад, Өмнөд Солонгос улсын Засгийн газраас Этиоп улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд тусламж үзүүлэхээр болсон явдал юм.
Тус улс ирэх таван жилийн турш Этиоп улсын 6000 орчим иргэний бичиг үсэг, боловсролтой болгох бөгөөд нэн шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчнийг Өмнөд Солонгос улсад үнэ төлбөргүй сургахаар болсон байна.
Мөн хүмүүнлэгийн байгууллагын 4000 орчим ажилтныг илгээж хүүхэд залуучуудын боловсрол, нийгмийн халамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажээ.
Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдөр орой Уганда улс руу мордох юм байна.
