Солонгос Ж.Маттис: Умард Солонгос бол эн тэргүүний гол асуудал
2017.02.03 12:43

СӨҮЛ./Yonhap/.Өмнөд Солонгост айлчилж буй АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис хэлэхдээ “Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхийлэл бол АНУ үндэсний аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан гол асуудал гэж үзэж байна” гэж онцлон тэмдэглэлээ.
Ж.Маттисын Өмнөд Солонгост хийх хоёр өдрийн айлчлал өчигдөр эхэлжээ. Энэ нь түүний хувьд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын хувиар гадаадад хийж буй анхны айлчлал юм. Тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй Ерөнхий сайд Хван Кё Ан болон Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын газрын дарга Ким Кван Жин нартай өчигдөр уулзжээ.
Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн хэлснээр, Ким Кван Жинтэй Ж.Маттис хэлэлцээ хийх үеэрээ “Өмнөд Солонгосыг хамгаалахад АНУ цаашид ч үүрэг гүйцэтгэсээр байх болно” гэсэн байна. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD системийг төлөвлөсөн ёсоор энэ онд Өмнөд Солонгост байрлуулахаар тэд тохиролцжээ.
АНУ-ын нутаг дэвсэгт хүрч цохилт өгөх чадалтай тив алгасах баллистик пуужинг зохион бүтээсэн гэж Умард Солонгос мэдэгдсэнтэй холбоотойгоор АНУ сонор сэрэмжээ дээшлүүлж байна. Өмнөд Солонгос болон Японы албаны хүмүүстэй энэ асуудлаар тусгайлан хэлэлцээ хийх бодолтой байгаагаа Ж.Маттис илэрхийлжээ.
Ж.Маттис өнөөдөр Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хан Мин Ку-тай хэлэлцээ хийгээд үдээс хойш Япон руу явах аж.
Г.Доржханд