Солонгос БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна
2017.09.08 18:07
Хойд Солонгос энэ сарын 9-ний өдөр дахин тив алгассан баллистик пуужин харвахаар төлөвлөж байж магадгүй гэж БНСУ-ын Ерөнхий сайд Лий Нак Ён мэдэгдлээ.

Тэрээр "Нөхцөл байдал тун хүнд боллоо. Хойд Солонгос хэзээ мөдгүй цөмийн зэвсгээ бүтээж магадгүй болоод байна. Зарим хүмүүс Хойд Солонгос есдүгээр сарын 9-ний өдөр дахин пуужин хөөргөнө, энэ удаад тодорхой бай онилж магадгүй" хэмээн Сөүлд болсон Батлан хамгаалах сайд нарын уулзалтын үеэр хэлсэн байна.
Тиймээс Хойд Солонгосын энэ болчимгүй үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ яаралтай авах ёстой гэжээ. Мягмар гарагийн өглөө АНУ-ын бүтээсэн, пуужингаас хамгаалах системийн бүрдэл хэсэг БНСУ-д ирсэн аж. Үүнтэй холбоотойгоор эсэргүүцсэн олон зуун иргэд жагсаж эхэлсэн байна.
Жагсагчид THAAD пуужингаас хамгаалах системийн бүрдэл хэсгийг зөөж явсан машины замыг хаах гэж оролдсон бол, цагдаа нар тэднийг хүчээр тогтоон барьжээ. Өнгөрсөн тавдугаар сараас хойш Сөүлээс өмнө зүгт 300 км зайд орших Сэнжү баазад хоёр ч ийм системийг суурилуулж, ажиллагаанд бэлэн болгосон байна.
Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны төлөөлөгч "Хойд Солонгосын заналхийлэл ингэж нэмэгдэж байгаа нөхцөлд, бид ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй" гэжээ.
Өнөөдөр өглөө БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жае-ин, Японы ерөнхий сайд Шинзо Абе нар Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумын үеэр уулзлаа. Уулзалтын дараа хоёр улсын тэргүүнүүд Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийхээс илүү аль болох их хэмжээний дарамт, шийтгэл үзүүлэх цаг нь болсон хэмээн тохиролцов. Мөн тэд энэ зорилгод Хятад, Орос улсуудын оролцоо чухал гэдгийг дурдлаа.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Гадаад хэргийн яам "THAAD-ийн байршил бүс нутгийн стратегийн аюулгүй байдлын тэнцвэрт байдлыг алдагдуулж болзошгүй. Улмаар Хятад болон бусад улс орны стратегийн ашиг сонирхолд хохирол учруулж, Солонгосын хойгийн эсрэг тэмцлийг бий болгоно" хэмээн анхааруулсан. ОХУ ч мөн адил Хятадын байр суурийг дэмжсэн аж.
Харин энэ долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНСУ-ын ерөнхийлөгчийн Пхеньяныг "тайвшруулах" хүсэлтийг шүүмжилжээ.
Эх сурвалж: www.cnn.com