Өмнөд Солонгосын Хууль Зүйн яамнаас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаад иргэдийн талаар мэдээлэл хийжээ.
Энэхүү мэдээллээр 2018 оны 6-р сарын 1-ний байдлаар Өмнөд Солонгост гадаадын 312.346 иргэн хууль бусаар ажиллаж амьдарч байгаа бөгөөд энэ нь тус улсын түүхэнд анх удаа хууль бус иргэдийн тоо 300.000 давсан явдал болжээ.
Хууль бус иргэдийн тоо сүүлийн 6 сарын турш огцом нэмэгдсэн нь 2-р сард Пёнгчанг хотод зохион байгуулагдсан Өвлийн 22 дахь удаагийн олимптой холбоотой ба энэ үеэр Солонгост очсон гадаадын иргэдээс 52.000 хүн эх орондоо буцаагүй үлдсэний 11.000 гаруй нь Тайланд улсын иргэд юм байна.

Тус улсын Цагаачлалын албанаас зохион байгуулсан бичиг баримтын шалгалтын дагуу энэ оны 1-р улиралд 935 хууль бус иргэнийх саатуулж эх оронд нь албадан буцаасан бол эдүгээ эрчимт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа ажээ.
Өмнөд Солонгост ажиллаж, амьдардаг хууль бус иргэдийн тоо 2013 онд 183.000 байсан бол 2017 оны 12-р сард 254.000 байсан.
Харин энэ онд ийнхүү огцом нэмэгдсэнтэй холбогдуулан Хууль Зүйн яамнаас тодорхой арга хэмжээнүүд авахаар төлөвлөжээ.