메뉴 건너뛰기


Дүрсийн бэлгэдэл зүй

    Бүтэх аргын хувьд бүх дүрс нэг л “нүднээс” (цэгээс) үүссэн бөгөөд түүний дундахь «цэцгийнээс» (онгин тамга) юмуу “нүдийг” (цэгийг) олшруулан завсартай, завсаргүй зэрэгцүүлснээс “гоо зураас” (шулуун шугам), “матигар зураас” (нуман шугам) тэргүүтэн үүсдэг байна. Чухам энэхүү гагц “нүднээс” л дүрсийн бэлгэдэл утга нь эхэлж байна. Монголчуудын дүрсийн бэлгэдлийн арвин их сан хөмрөг бол малын им, тамга мөн бөгөөд эрт дээр цагт овог аймгийн бэлгэ тэмдэг, өмч хөрөнгийн таних тэмдэг болж, олон шинэ овог үүсч салбарлахын хэрээр улам нэмэр сэмэртэй болж даамжран хөгжсөн байна. Энэ нь бас эртний хүн[нү] болон рун (эсгэмэл) үсгийн эх загвар болж дүрсэлгээ, утга нь давхцах тохиолдол ч байна. Мөн монгол угсаатны дундаас олдсон хадны сүг зураг, амьтны загварт урлаг, хээ угалз тэргүүтэн нь ертөнц хийгээд аж амьдралын баялаг олон талыг харуулсан бэлгэдлийн ертөнц болж, дүрслэх урлаг, оюун санааны амьдралд гүнээ нэвтэрсэн байна.
    Тойрог, дөрвөлжин, гурвалжин дүрсний үй олон хувилбар нь тус бүрдээ ахуйн хэрэглээний болон ертөнцийн бодот болон бодот бус үзэгдлийг тэмдэглэх, бэлгэдэх хязгааргүй боломжийг бүрдүүлж өгдөг байна. Ганцхан баримт жишээ дурдахад л үзүүр нь дорогш хандсан гурвалжин дүрс буюу “чойнжүн”, “дормон” тамга нь үлгэр домогт гардаг «жаран алд жандмана там»-аас эхлээд зан үйлд хэрэглэдэг наян нэгэн алхмын цаадах «гурвалжин хар нүх», бөө мөргөлийн «хар тэнгэрийн язгуур», эсвэл хортон дайснаа эцэлгэн дарагч «сум» гэхчлэн олон утга бэлгэдэлтэй байна. Ийм учраас нэг дүрс ч гэсэн утга соёлын салбар болгоноор хэд хэдэн давхар утга, бэлгэдэлтэй байхыг үгүйсгэх аргагүй.
    Бас баруун монголчуудын дунд тамганы дүрс бол хошууны нутаг дэвсгэрийн дүрсийг дуурайлгасан тэмдэг гэж үздэг өөр нэгэн ёс байсаар байна. Тухайлбал, хөндлөн жинстэй олом тамгыг  баядын нутаг дөрвөлжин дүрстэй бөгөөд Хангай, Говь болж хоёр хуваагддагийг дүрсэлсэн, харин хажуугаас гарсан жижиг бөөрөнхий нь Тэсийн наад талаар нутагладаг Арынхны нутгийг дүрсэлсэн юм хэмээн баяд ястан одоогийн нутагтаа нүүж суурьшсан түүхтэй холбон тайлбарладаг байна. Чингэхдээ олом тамганы  ааг  болгон бэлгэдэл утгатай байдгийг голоор дээш гарсан аагийг толгой буюу “толгой харвал” гэх бөгөөд тамганы босоо чиг гэсэн үг. Хажуугаас гарсан ааг нь урдах чиг бөгөөд малын буруу гуян дээр голдуу дарах боловч зөв гуян дээр дарах болбол заавал урд аагийг нь малынхаа толгой руу харуулж дарна. Хойш нь харуулбал (хоор халиалгавал) малын хушуу хойш эргэж, малын буян барагдаад сүр сүнс нь зайлж буурна гэж үздэг. Аагийг заавал өмнө тийш харуулдаг (өмээр халиалгадаг) нь малынхаа сүр сүлдийг хадгалж байна гэсэн үг. Энэ бол тамганы жижиг дүрс болгон утга учиртай бэлгэдэлтэй байдгийг харуулж байна.
    Хээ угалзын бэлгэдэл бол үндсэн дүрсүүдээс үүссэн болон сансар, байгаль, аж амьдрал дахь дүрсүүдийн уран сайхан хураамж мөн бөгөөд анхан цагтаа утга бэлгэдэл нь голлох үүрэгтэй байсан боловч яваандаа аж хавсарга шинжтэй болсон байна. Хээ угалзын бэлгэдэл бол уг чимэглэж буй зүйлийнхээ гоо сайхны илэрхийлэл төдий бус орон цагийн болон бусад хийсвэр утгыг илэрхийлэх дохио тэмдэг (түмэн насан хээ, өлзий хээ, алхан хээ г.м.) мөн. Энэ нь зарим тохиолдолд орчлон ертөнцийн аливаа бодот болон хий биетэн хийсгэлэн дүртнийг урин дуудах (бөөгийн өмсгөлийн могойн багсармал), аюулган зайлуулах (авдрын нүүрэн дэх хос арслан), эсвэл тэдний хүчин чадлыг шингээн бататгах (бөхийн далбаан дээрх барсын дүрс) утгатай байдаг.
    Ер нь монгол угсаатан өөрсдийн болон бусад соёл иргэншлийн ололтыг хураангуй дүрс тэмдэг болгон хойч үедээ уламжлуулдаг арга замтай болох нь судалгаанаас харагдлаа. Эртний малтмал нүхэн гэр болох “erűke” сууцны анхны загварыг босоо, шовх дөрвөлжин тамганы (ромбо)   дүрсээр уламжлуулах юмуу монгол цэргийн хүнс үтэр зуур бэлддэг нүүдлийн газар зуухыг давхар туухай тамганы (загалмай)   дүрсээр уламжлуулсан нь судалгаанаас харагдаж байна.


Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн  Сэндэнжавын Дулам

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Дүрсийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 14759
22 Монголчуудын тооны бэлэгдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 11157
21 С. Дулам Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 10661
20 Зөн совингийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 9113
19 Бэр гуйх Монгол ёс заншил МИX 2015.11.06 8929
18 С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.24 8322
17 Монгол овог, ястан үндэстэн Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 7683
16 зурхай 12 ордын амьдралд баримтлах ёстой зарчим МИX 2014.12.19 7045
15 Цайны дээжээ ёс журмаар нь өргөөрэй, эзэгтэй нар аа МИX 2015.10.20 6805
14 Монголчуудын өнгийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 5636
13 Сар шинэ болохоос өмнө заавал хийх естой 12 зүйл. file МИX 2017.02.23 4988
12 Монгол уламжлал дахь хүүхдийн хүмүүжил file МИX 2014.11.24 3641
11 Зүүдний бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 3357
10 Цагийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.23 3322
9 Хүүхдийн даахь үргээх монгол уламжлал file МИX 2014.11.24 3069
8 Цайны дээж өргөхийн учир file МИX 2014.11.24 2987
7 АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮС ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГААС ӨМНӨ ЮУ ХИЙДЭГ ВЭ МИX 2015.02.05 2611
6 Дохио зангааны бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 2421
5 Сайхан Монгол Хүн МИX 2015.10.20 2402
4 Зүг чигийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.17 2306