메뉴 건너뛰기


АНУ, БНХАУ-ын хооронд болж буй худалдааны дайны уршигаар сүүлийн өдрүүдэд вонтой харьцах америк долларын ханш огцом өсч өнөөдөр валют арилжааны бирж дээр спот ханш 1,105.60 хүрсэн байна.

Газрын тосны үнэ өндөр байгаагаас импортын бараа бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд байгаа энэ цаг үед долларын ханш хүртэл ингэж өсөхөөр бараа бүтээгдэхүүний үнэ улам л өснө гэж шинжээчид дүгнэж байгаа юм.

Бараа бүтээгдэхүүний үнэ өсвөл эдийн засагт муугаар нөлөөлөх тул эрх баригчдын толгойны өвчин улам даамжрах төлөвтэй.

$.jpg

 

АНУ болон БНХАУ-ын худалдааны дайн буюу харилцан бие биенийхээ бараанд гаалийн өндөр татвар ногдуулж байгаа нь Хятадын хөрш Солонгосын эдийн засагт муугаар нөлөөлнө гэсэн хүлээлт санхүүгийн зах зээлийн голлох тоглогч нарын дунд давамгайлж байгаа тул воны ханш сулрах нэг хүчин зүйл болж байгаа юм. Түүнчлэн АНУ-ын Холбооны Нөөцийн Яам нь бодлогын хүүгээ өсгөж, улмаар долларын ханшийг чангаруулах бодлого барьж буй нь ч воны ханш унахад хувь нэмэр оруулж байгаа. Воны ханш унах нь хэдийгээр экпортод бараагаа гаргадаг компанид хэрэгтэй зүйл боловч нийт эдийн засагт муугаар нөлөөлөх, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх аюул давхар байгаа гэдгийг шинжээчид сануулж байна.

 

Воны ханш унаж буй энэ үед төр засгаас хийж чадах зүйл тун маруухан байна. Солонгос улс нь АНУ тэргүүтэй гадаад улсуудаас валютын ханшид төрийн зүгээс нөлөөлж валютын интервенц хийсэн бүх үйлдлээ тайлагнах шаардлагыг хүлээн авч тайлан гаргахаар болсон байгаа. Энэ нь дараа жилийн 3 сараас хагас жил тутамд, тэрний дараа жилээс улирал тутамд энэ тайланг гаргаж өгөх үүрэг хүлээж байгаа юм.

Иймд төрөөс дуртай үедээ интервенц хийх боломжгүй болсон үетэй давхцаж байна.

Өнөөдөр Солонгосын Төвбанкнаас зарласан 5 сарын импортын барааны үнийн индексийг харвал 87.09 буюу өнгөрсөн жилийн 11 сараас хойш хамгийн өндөр түвшинд байгаа юм. Энэ нь өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд шууд нөлөөлөх хүчин зүйл болно.

Ингэснээр Солонгост бага дунд орлоготой иргэдийн амьдрал улам хэцүү болно гэж салбарын шинжээчид онцолсон байна.