Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан “Sewol” гатлага онгоц Өмнө Чолла мужийн Жиндо арлын ойролцоо өчигдөр өглөө осолдсон билээ. Уг ослын талаар Ансанаас Ким Мин Ү сурвалжлагч ингэж бичжээ.
“Өглөөний 8 цаг 40 минутын үед байхаа, усан онгоц хэлбийгээд байх шиг санагдсан. Тэр үед станцаар хөдөлж болохгүй, хөдөлбөл онгоц илүү их хэлбийнэ гэсэн утгатай мэдээ цацагдсан”
Ансан хотын Танвон ахлах сургуулийн 2-р ангийн ихэр сурагчид болох Жон Дэ Жин, Жон Буг Жин (17) нар өрөөндөө амарч байгаад онгоц хэлбийхийг мэдэрмэгц яаравчлан аврах хантаазаа өмссөн байна. Ах Дэ Жин нь дүүдээ аврах хантааз өмсгөөд хамт коридорт гарсан байна. “Түн гэсэн чимээ болон ямар нэгэн чичиргээ мэдэгдээгүй” гэж ах дүүс тайлбарласан байна.
Бүх хүүхдүүд өрөөнөөсөө гарсан байсан бөгөөд усан онгоц хэлбийж суух ч хэцүү байсан тул тэд коридорт хэвтээд дараагийн зааварчилгаа цацагдахыг хүлээсэн байна.
“Тайван байцгаая” гээд бүгд 20-иод минут хүлээсэн боловч 4 давхарт ус орж ирж эхэлсэн байна. Ус маш хурдан дүүрч эхэлсэн бөгөөд гарах гарц хүртэл усанд автсан байлаа.
“Гарц усанд автсан байсан тул дүүтэйгээ хамт шумбаад гарч ирсэн” гэж Дэ Жин мэдэгдсэн байна. “Дүү бид хоёр амьд гарч ирсэн боловч бусад хүүхдүүд..” хэмээн тэд үгээ дуусгаж чадсангүй.