Солонгос Хойд Солонгос уучлал гуйгаагүй гэв
2015.09.02 13:09
Өмнөд Солонгосын хилийн харуулын хоёр цэрэг гэмтсэн хэрэгт Пхеньян харамсаж буйгаа илэрхийлэн уучлал гуйсан хэмээн Сөүлийн албаныхан мэдээлж буй. Гэтэл Хойд Солонгосын үндэсний аюулаас хамгаалах хорооноос үүнийг үгүйсгэж, “Пхеньян уучлал гуйсан гэж ярихаа болих хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.\
Өмнө нь Өмнөд Солонгосын цэргүүд гэмтсэн хэрэгт Пхеньяний тал харамсаж буйгаа илэрхийлэн уучлал гуйснаар хойгийн зөрчлийг намжаах уулзалт хэлэлцээ амжилттай боллоо хэмээн Сөүл мэдээлж байсан юм.
Өмнөд Солонгосын хоёр цэрэг газрын тэсрэх бөмбөгөнд өртөн гэмтсэнээс үүдэн өнгөрсөн наймдугаар сард хойгт хурцадмал нөхцөл байдал үүсээд байсан билээ. Энэ хэрэгт Хойд Солонгосыг буруутгасан Сөүлийн тал хил дээр чанга яригч байршуулан Пхеньяний эсрэг суртал ухуулга цацсанаар хоёр тал их буугаар буудалцсан юм. Хурцадмал нөхцөл байдлыг намжаахаар хоёр Солонгосын албаныхан уулзалт хэлэлцээ хийсэн нь амжилттай болсон билээ.
Түүнчлэн БНАСАУ-ын үндэсний аюулаас хамгаалах хорооноос Өмнөд Солонгос АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг шүүмжилсэн байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press