Солонгос Гурван хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ
2016.05.05 16:48
БНСУ-ын Пхёнтхэк хотод нэгэн эмэгтэй орон сууцны цонхоор хүүхдүүдээ шидэж буй бичлэг шуугиан тариад байна. Орон сууцанд гал гарах үеэр гэртээ гурван хүүхэдтэйгээ хамт байсан эмэгтэйд хүүхдүүдээ хэрхэн аврах вэ гэдэг асуудал үүсчээ. Гал улам хүчтэй асч, хормын төдийд байшинг бүхэлд нь бүрхсэн байна. Эмэгтэйд дөрвөн давхрын цонхоор үсрэх үү, эсвэл шатаж буй байшинд хүүхдүүдтэйгээ үлдэх үү гэдэг сонголт тулгарсан аж. Байшингийн гадна харж зогссон хүмүүс “Хүүхдүүдээ шид, зүгээр л шидчих” гэж зэрэг зэрэг орилж байжээ. Ингээд удалгүй бүсгүй хүүхдүүдээ нэг нэгээр нь цонхоор шидэж эхэлжээ. Хүүхдүүд нь нэг, гурав болон дөрвөн настай юм байна. Ингээд хүүхдүүдээ гаргасны дараа өөрөө үсэрсэн байна. Аз болоход тэд бэртэж гэмтээгүй, эрүүл саруул үлдэж, галаас аврагдсан гэнэ. Тэднийг байшингийн ойролцоо явж байсан Осаны агаарын бааз дахь АНУ-ын цэргүүд аварчээ.
Бүсгүй хүүхдүүд нь маш их айж, уйлж байсан ч үүнээс өөр сонголтгүй байсан гэж CNN агентлагт ярьсан юм. Түүнчлэн түүний нөхөр Принс Энёоко эхнэр хүүхдүүдийг нь аварсан хүмүүст ямар их баярлаж байгаагаа илэрхийлэхэд ч багадаж байна. Насан туршдаа өртэй боллоо гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Тэд Нигерийн иргэд бөгөөд Өмнөд Солонгос улсад цагаачлан амьдардаг аж.