메뉴 건너뛰기


Цагаачдын өлгий нутаг хэмээн тооцогддог АНУ-ын хувьд цагаачлалын бодлого нь АНУ-ын улс төрийн түүхэн дэх хамгийн эмзэг бөгөөд хариуцлагатай сэдэв байсаар ирсэн. 

АНУ-ын иргэдийн дунд цагаачлалын бодлогоо улам чангалж цагаачдын урсгалыг багасгах ёстой гэсэн байр суурьтай нэг хэсэг байхад, АНУ-д цагаачдын түүхтэй ямар нэг байдлаар холбоогүй гэр бүл гэж байхгүй тул хууль бус цагаачдын хүлээгдэж буй асуудлыг шийдвэрлэх, АНУ-ын ирээдүйн сайн сайханд хувь нэмэр оруулах цагаачдыг татах, улмаар АНУ-ын иргэн болгох ёстой гэсэн байр суурьтай нөгөө хэсэг байдаг байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 2011 онд АНУ-ын Цагаачлалын тогтолцооны дутагдал, сул талыг тодорхойлж, цагаачлалын улс байсан уламжлалаа хадгалан хуулийг дээдэлдэг, АНУ-ын аюулгүй байдлыг сайжруулах, 21-р зууны цагаачлалын сайжруулсан шинэ тогтолцоо бүрдүүлэх ёстой гэсэн өөрийн бодлогоо олон нийтэд танилцуулсан. Гэвч түүний бодлогыг дэмжиж тусгасан хуулийн төслүүдийг АНУ-ын Конгресс батлалгүй өдийг хүрчээ. 
Тэрхүү бодлогод тусгах санал нь чухам юу болох, АНУ-ын Конгрессд ямар хуулийн төслүүд хүлээгдэж байгаа талаар товч мэдээлье. 
XXI зууны АНУ-ын Цагаачлалын тогтолцоог төлөвшүүлэх санал
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн тодорхойлсноор одоогийн цагаачлалын тогтолцоо нь дараах дутагдал, сул талтайн улмаас АНУ-ын дундаж давхрагынхны амьдрал хуучнаас дээрдэхгүй, АНУ-ын жирийн хөдөлмөрчдийн эрх ашиг хөндөгдөх, улсад зохих журмаар орох татвар төлөгдөхгүй зэргээс эдийн засагт хохирол учрах, АНУ-ын ирээдүйд чухал хувь нэмэр оруулах боломжтой хүмүүст боловсрол, мэдлэг олгосон хэрнээ АНУ-ын өрсөлдөгч болгон түлхэх сул талтай байгаа ажээ. Үүнд:
1.Бичиг баримтгүй буюу зохих зөвшөөрөлгүй хүнийг ажилд авсан эсэхийг тогтооход зардал ихтэй, цаг хугацаа, хөдөлмөр шаардсан тогтолцоо оршиж байна. Бичиг баримтгүй хүнийг ажиллуулах нь АНУ-ын иргэдийн амьдрал, эдийн засаг, халамжийн бодлого, ажилгүйдэл зэрэгт төдийгүй хууль бус хөдөлмөр эрхлэгчдэд ч хохиролтой. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгох, эрүүл мэндийн даатгалгүй, хөдөлмөр аюулгүйн стандарт хангаагүй нөхцөлд ажиллуулах зэрэг бусдын хөдөлмөрийг хууль бусаар мөлжих, эрх ашгийг зөрчих эрсдлийг бий болгох; нөгөө талаар шударга цалин хөлс шаарддаг АНУ-ын иргэнийг хөдөлмөрийн зах зээлээс шахах, хуулиа мөрдөж бичиг баримтгүй хүнийг ажилд аваагүй компани, бизнесүүд өрсөлдөх давуу байдлаа алдах зэрэг сөрөг талтай. Хууль ёсны ажиллах зөвшөөрөлтэй эсэхийг шалгах одоогийн I-9 маягтын тогтолцоо нь ажил олгогчоос олон тооны баримт бичгийг шалгаж тодруулах, хуурамч баримт бичгийн үнэн зөвийг шалгах эрх, цаг хугацаа байхгүйгээс хуурамч бичиг баримтын зах зээлийг бий болгох, хууль бус цагаачдыг ажилд авсан ажил олгогч нарт хариуцлага тооцоход хүндрэлтэй, ажил олгогч үүнийг санаатай эсхүл санамсаргүй зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй, хариуцлага хүлээлгэх торгуулийн хэмжээ ч бизнесийн ашиг орлогод нөлөөлөхгүй байна гэж дүгнэжээ. 
2.Гадаад оюутнуудад дэлхийн хэмжээний боловсрол АНУ-д олгосон хэрнээ буцаж явахыг шаардсан тогтолцоо оршиж байна. АНУ-ын их, дээд сургуульд гадаадын оюутан, мэргэжил дээшлүүлэгчид суралцаж төгссөний дараа АНУ-д үлдэж мөрөөдлөө биелүүлэх боломжийг шууд олголгүй буцахыг шаарддаг нь эргээд АНУ-ын дэлхийд тэргүүлэх байр сууринд сөргөөр нөлөөлж, эдгээр чадварлаг боловсон хүчний мэдлэгийг чухалчилсан бусад улсад ажиллаж АНУ-тай өрсөлдөгч эдийн засагт туслахад хүргэдэг гэж үзсэн байна.
3.АНУ-д эцэг, эхээ даган хүүхэд байхдаа ирсэн хүмүүс АНУ-аас өөр соёл, эх орныг мэдэхгүй болтлоо төлөвшиж хүмүүжсэн хэрнээ эрх ашгаа хууль ёсоор хамгаалуулах боломжгүй тогтолцоо оршиж байна. Эдгээр хүүхдүүд бага болон дунд сургуульд тэргүүний сурагч болж амжилттай суралцаж байгаад насанд хүрэхийн цагт хууль бус статусаасаа болж коллеж, их дээд сургуульд элсэх, цэргийн алба хаах боломжгүй байна гэж дүгнэжээ.
Дээрх дүгнэлтэд үндэслэн АНУ-ын Ерөнхийлөгч цагаачлалын бодлогод оруулах өөрчлөлтөд дараах зарчмын 4 асуудлыг хамарсан санал дэвшүүлсэн байна. 
Үүнд:
1.Хилийн аюулгүй байдлыг сайжруулах ажлыг үргэлжлүүлэх. Энэ хүрээнд Хилийн эргүүлийн хяналтын албан хаагчдын тоо, ялангуяа Мексик улстай хилэлдэг баруун өмнөд хилийн зурвас дахь эргүүлийн хяналтын албан хаагчдын тоог эрс нэмэгдүүлэх, гэмт хэрэгтнийг албадан буцаах, үндэсний аюулгүй байдалд халдах заналхийллийг тодорхойлох орчин үеийн техник-технологи, дэд бүтцийг улам сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна.
2.Бичиг баримтгүй, албан ёсны зөвшөөрөлгүй гадаадын иргэнийг ажил эрхлүүлдэг ажил олгогчын хууль бус үйлдлийг таслан зогсоох. Энэ хүрээнд бичиг баримтгүй иргэнийг мэдсээр байж хөлсөөр ажиллуулдаг ажил олгогчид хатуу хариуцлага хүлээлгэх, хууль тогтоомж мөрдөж ажилладаг ажил олгогчдод ажилчдынхаа хууль ёсны зөвшөөрөлтэй эсэхийг хялбар, найдвартай шалгах цахим хэрэгслийг (E-Verify program) бий болгох, цагаачдын мэдээллийн өөрчлөлтийг цаг тухайд нь оруулж баяжуулах, уг програмыг хэрэглэгч ажил олгогчдын хүрээг улам нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн.
3.Бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны иргэншил олгох боломж бий болгох. Бичиг баримтгүй цагаачид хууль ёсны иргэншилтэй болсноор татвараа төлөх, бусдын адил хууль тогтоомжийг мөрдөх, шударга цалин хөлс авах, ажиллах хэвийн нөхцөлөөр хангагдах зэрэг хөдөлмөрлөх эрхээ хууль ёсоор эдлэх боломжтой болно гэж үзжээ. Хууль ёсоор оршин суугч болохын тулд бичиг баримтгүй цагаач гэмт хэрэгт холбогдсон, үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч эсэхийг тогтоох (background check) хяналт шалгалтанд тэнцэх, төлөөгүй татвар, торгуулиа төлөх, англи хэлийг бүрэн эзэмшсэн байх, иргэншил хүсэгчдийн жагсаалтын эцэст бүртгэгдэх зэрэг шаардлага тавих аж.
4.Хууль ёсоор цагаачлах системийг уян хатан, хялбар, үр дүнтэй болгох. АНУ-ын ирээдүйн хөгжил, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулах ажил эрхлэлт, хөрөнгө оруулагч, мэргэжлийн тодорхой чиглэл буюу шинжлэх ухаан, технологи, инженер, математик (science, technology, engineering and mathematics-STEM) чиглэлээр АНУ-д дээд боловсрол эзэмшигч гадаадын иргэдэд олгох байнгын оршин суугчийн визийн квотыг нэмэгдүүлж, шаардлагагүй зарим үйл ажиллагааг хөнгөвчлөх, тухайлбал нэг компани олон гадаад ажилтан ажиллуулах хүсэлт гаргах тохиолдолд хүсэлт гаргах үйл явцыг хялбаршуулах зэргээр энгийн, үр дүнтэй болгох ёстой гэж үзсэн.
Хэдийгээр АНУ-ын Конгресс цагаачлалын бодлоготой холбоотой хууль баталж гаргаагүй ч АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд визийн асуудлаар баримтлах бодлогоо тусгай хөтөлбөрт оруулан цагаачлалын бодлогын талаарх зарим санаачлагаа хэрэгжүүлж байгаа ажээ.
АНУ-ын Цагаачлалын бодлогод холбогдох хуулийн төслүүд
АНУ-ын Цагаачлалын бодлогод томоохон өөрчлөлт оруулах дараах хуулийн төслүүдийг АНУ-ын Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн байна. Үүнд:
1.H.R. 2278: the Strengthen and Fortify Enforcement Act (SAFE Act): Энэ хуулиар АНУ-ын муж, орон нутгийн түвшиний хууль сахиулах албаны эрх мэдлийг нэмэгдүүлэх, хууль бусаар оршин суугааг гэмт хэрэгт тооцох, хорих ялаар шийтгэхийн зэрэгцээ цагаачдыг албадан саатуулах эрхийг нилээд нэмэгдүүлэх юм байна.
2.H.R. 2131: the Supplying Knowledge-based Immigrants and Lifting Levels of STEM Visas Act (SKILLS Visa Act): Энэ хуулиар гэр бүлийн хамаарлаар олгох цагаачлалын визийг багасгах, ногоон картны сугалаа буюу Diversity Visa Program-ыг хүчингүй болгож, авьяас, чадвартай цагаач, шинээр бизнес эрхлэгчид болон STEM чиглэлээр төгсөгчдөд олгох цагаачлалын болон цагаачлалын бус ажлын визийн тоог нэмэгдүүлэх юм байна.
3.H.R. 1773: the Agricultural Guestworker Act: Энэ хуулиар H-2A ангиллын виз олгогддог хөдөө аж ахуйн салбарт ажиллах иргэнд H-2C ангиллын виз олгож байхаар өөрчлөх бөгөөд тэдгээр ажиллагсдыг түр зуурын, бага хөлстэй зочин ажилчин гэж үзэх ба энэ нь АНУ-д өөр ангиллын визээр солиулах боломжгүй хатуу нөхцөлтэй визийг түргэвчилсэн хэлбэрээр олгох юм байна.
4.H.R. 1772: the Legal Workforce Act: Энэ хуулиар ажил олгогч бүр 2 жилийн дотор ажилчдынхаа хууль ёсны зөвшөөрөлтэй эсэхийг шалгах, цаашид ашиглах Ажиллах зөвшөөрлийг шалган баталгаажуулах үндэсний цахим системийг бий болгох юм байна.
5.H.R. 1417: the Border Security Results Act: Энэ хуулиар АНУ-ын баруун өмнөд хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг 5 жилийн хугацаанд хянах, хууль бусаар нэвтэрч болзошгүй нөхцөл байдлыг тодруулах, үр дүнг үнэлэх хэмжүүр тогтоох, бие даасан хараат бус үнэлгээ хийж дүгнэлт гаргах юм байна.
6.H.R. 15: the Border Security, Economic Opportunity, and Immigration Modernization Act: Энэ хуулиар хилийн аюулгүй байдал, бичиг баримтгүй цагаачдад иргэншил олгох, дотоод дахь хууль сахиулах албадлага, визийн ачаалал, нарийн ур чадвар шаардах болон шаардахгүй ажлын виз, виз хүлээгдлийн ачааллыг бууруулах, гэр бүлийн виз, цагаачлалын шүүх зэрэг асуудлыг цогцоор нь зохицуулсан төсөл юм байна.
7.H.R. 3431: the American Families United Act: Энэ хуулиар зарим бичиг баримтгүй иргэдийг хууль ёсны статустай болгох, АНУ-ын иргэн гэр бүлийн гишүүнээс бусад цагаачдын асуудлыг зохицуулах бөгөөд ямар нэг хууль ёсны статус шинээр үүсгэхгүй юм байна.
8.H.R. 3163: the Comprehensive Immigration Reform for America’s Security and Prosperity Act of 2013 (CIR ASAP): Энэ хуулиар хилийн аюулгүй байдал, албадлагын арга хэмжээ, ажлын зөвшөөрлийн шалган баталгаажуулалт, визийн ачаалал бууруулалт, STEM визийн квотыг нэмэгдүүлэх, бичиг баримтгүй хүмүүсийн иргэншил зэрэг асуудлыг цогцоор нь хамруулсан бөгөөд илүү өгөөмөр үр дүн, шийтгэлийн арга хэмжээ багатай төсөл юм байна.
9.H.R. 435, the Military Enlistment Opportunity Act of 2013: Энэ хуулиар бичиг баримтгүй тодорхой төрлийн цагаачид АНУ-ын цэргийн алба хаах замаар хууль ёсны статустай болохыг зөвшөөрөх юм байна. Үүнд хүүхэд байхдаа АНУ-д ирсэн хүмүүсийг албадан буцаахыг түдгэлзүүлэх хөтөлбөр (the Deferred Action for Childhood Arrivals (DACA) program)-т хамаарах хүмүүс хамрагдах боломжтой болох ажээ.
10.H.R. 714, the Startup Act 3.0: Энэ хуулиар STEM чиглэлээр ахисан түвшний боловсрол эзэмшигч болон зарим шинээр бизнес эрхлэгч цагаач нарт нэмэлт ногоон карт олгох бөгөөд улс орнуудад хувиаралдаг ажлын визийн квотыг хүчингүй болгох юм байна.
11.H.R. 2377, the Encourage New Legalized Immigrants to Start Training Act (ENLIST Act): Энэ хуулиар мөн АНУ-д хүүхэд байхдаа ирсэн бичиг баримтгүй тодорхой төрлийн цагаачдад цэргийн алба хаалгах замаар хууль ёсны статус олгох юм байна.
12.H.R. 4178, the American Entrepreneurship and Investment Act of 2014: Энэ хуулиар "EB-5 Хөрөнгө оруулагч цагаач хөтөлбөр”-ийг байнгын болгох ба тавигдах шаардлагыг чангатгах, процессийг тодорхой болгох, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах байгууллагад Худалдааны департаментийг нэмж оруулах юм байна.
13.H.R. 4303, the Border Enforcement Accountability, Oversight, and Community Engagement Act of 2014: Энэ хуулиар хилийн дэглэм сахиулах ажиллагааг хянах, хүний эрхийг хамгаалах үүрэгтэй Хилийн хяналтын хороо, Хилийн хянан-мөрдөгч бий болгох юм байна.
http://sanfrancisco.consul.mn/
МОНГОЛ УЛСААС АНУ-ЫН САН ФРАНЦИСКО ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
116 Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ file МИX 2017.01.11 13777
115 Өмнөд Солонгосын ажилгүйчүүдийн тоо 1 саяас давжээ file МИX 2017.01.11 11866
114 БНСУ-ын иргэн ПАК хулгай хийжээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт file МИX 2017.01.19 15117
113 Өмнөд Солонгосын эрх баригч намаас гарсан гишүүд шинэ нам байгууллаа [1] file МИX 2017.01.25 28697
112 Гадаадад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно file МИX 2017.01.25 15623
111 Ерөнхийлөгчид таалагддаггүй урлагийнхныг хар жагсаалтад оруулж байсан Өмнөд Солонгосын сайдыг баривчилжээ file МИX 2017.01.25 14326
110 ДИПЛОМАТ АЖИЛТНУУДЫН ТОМИЛГООГ 4 ЖИЛ БОЛГОН СУНГАВ file МИX 2017.01.27 15854
109 АНУ хэзээд Өмнөд Солонгосын талд байх болно file МИX 2017.01.31 30507
108 Пентагоны тэргүүн Сөүлд ирлээ file МИX 2017.02.03 17588
107 Солонгосын дайнд монголчууд оролцсон тухай материалыг ил болгожээ [1] file МИX 2017.02.03 23196
106 Ж.Маттис: Умард Солонгос бол эн тэргүүний гол асуудал file МИX 2017.02.03 24751
105 Солонгосын Үндсэн хуулийн цэцийн даргын "Буянтай үйлс" file МИX 2017.02.08 20381
104 Ерөнхийлөгч Пак Гын Хег дэмжигчид жагсчээ file МИX 2017.02.08 34612
103 Монголоос ирж казинод ордог дарга нарын тоо улам нэмэгдээд байгаа тухай ярьж байна. file МИX 2017.02.08 15851
102 Монголд явган аяллын зам тавихад өмнөд солонгосчууд тусална [1] file МИX 2017.02.17 26004
101 2030 он гэхэд солонгос эмэгтэйчүүдийн дундаж нас 90-ээс давна file МИX 2017.02.23 25935
100 БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл ирэх сард болно file МИX 2017.02.23 53513
99 Хойд Солонгос дахин пуужин хөөргөлөө МИX 2017.03.06 31285
98 Солонгост Пёнтэк хот THAAD системийг байрлуулах ажиллагаа эхэлжээ file МИX 2017.03.08 31807
97 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-нөөс өмнө явуулна file МИX 2017.03.13 16402