Солонгос Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа
2015.10.23 13:08
Өмнөд Солонгос улсын Сөүл хотын захиргаа тус хотын нийтийн тээврийн автобусны ачааллаа даахгүй байгаа зарим нэгэн чиглэлд хоёр давхар автобус явуулахаар төлөвлөсөн байгаа билээ.
Төлөвлөгөөний дагуу Швед улсад үйлдвэрлэсэн анхны давхар автобусыг худалдан авч өнөөдөр анх удаа үйлчилгээнд гаргалаа.
Энгийн автобус 30-н суудалтай байдаг бол давхар автобус түүнээс хоёр дахин их буюу 72 суудалтай. Суудлын тоо ихэссэнээр нэгэн зэрэг олон тооны үйлчлүүлэгчийг тээвэрлэх боломжтой болж, ажил эхлэх болон тарах үеийн ачааллыг багасгахад ихээхэн нөлөөлөх ажээ.
Давхар автобусанд үнэгүй, утасгүй интернэт байгаа төдийгүй суудал бүрт USB оролт бүхий залгуур байгаа тул утсаа цэнэглэх боломжтой болох ажээ.
Одоогоор Сөүл хотоос Кимпо хотын хооронд 97 км зам туулж, 8601 дугаартай чиглэлд үйлчилж буй нэг ширхэг давхар автобус нь 13 метр урт, 2,5 метр өргөн, 4 метр өндөр бөгөөд 450-н сая воны үнэтэй юм байна.