메뉴 건너뛰기


Манай нэгэн сайд,хэсэг орон нутгийн удирдлагын хамт Инчоны буудал дээр бууж байна гэнэ. Солонгосын талын урилгаар айлчилж буй.

Онгоцноос буусан оройгоо бөөнөөрөө казинод тоглож өнжсөн аж. Дараагийн өдрүүдэд, албаны арга хэмжээ дуусмагц багаараа казино руу гүйлдэн очиж мөнгө хожих хожигдохыг сөөлжүүлэх ажлыг хийжээ.  Мэдээж, хожихоосоо алдах нь их байсан байж таараа.  Гэхдээ алдаж байгаа мөнгөний хэмжээ нь Солонгосын баячууд ч гол харлахаар их. Сая саяар алдана.

Айлчлалын өдрүүдэд Монголын төлөөлөгчид казинод их орлого оруулсан нь лавтай. Тэдэн шиг өгөөмөр алдаж байгаа “баг” өөр байхгүй юм чинь. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан аманцар нэгний сайрхаж байгаагаар 200-300 сая орчмыг алдсан байхаа л гэнэ. Воноор хэлээд байгаа юм уу, төгрөгөөр хэлээд байгаа юм уу.

Монголын төрийн мөрийтэй тоглоомчдын “баг”-ийнхан өөрсдөө ямар хөгийн харагдаж байгаагаа мэдэхгүй байгаа. Ядуу орны төсвийн цалинтай төрийн түшээд нийлчихсэн бүлэглээд казино хэсэн, сая саяар нь алдаад явж байна гэдэг эрүүл ухаантай хүнд бол жигшүүртэй үзэгдэл. 

Монгол улсын 400 мянган өрхийн сарын дундаж орлого 800 мянга орчим төгрөгтэй тэнцэх ядуу орон. Тэгээд манай төрийн томчуул өөрийн ч бай, улсын зардлаар ч бай, гадны байгууллагын урилгаар ч бай гадагшаа явах бүрийдээ дандаа л мөнгө гуйж байдаг юм. Гэтэл, урьсан талаасаа өдөр нь бөөн зовлон тоочин байж мөнгө гуйх атлаа орой нь казинод сая саяар алдаж, хоорондоо марзганан суугаа сайд, дарга нарын байр байдлыг эрүүл ухаандаа төсөөлөх гээд үз л дээ. Ядахдаа хувийн компанийн эзэн, хувь хүн бол хэнд хамаатай гэхсэнж. Гэтэл ядуу орны төсвөөс цалинждаг төрийнхөн шүү дээ! Зэвүүцэм дүр зураг мөн биз дээ?! 

Энэ зохисгүй байдлыг мөнөөх сайд дарга нарт анхааруулж хэлбэл, өөдөөс чинь яагаад болохгүй юм хэмээн нээрээсээ ойлгохгүй, гайхаж эгдүүцсэн харц шидэх болно. Яагаад гэвэл тэр найгүй люмпэн, найгүй варвар. Мунхаг юм болохоороо, манай хууль Солонгост үйлчилдэггүй гэж мэдэмхийрээд додийж мэднэ.  Бас, ардчилал энэ тэр гэх байх.

Гэтэл золигийн люмпэн улстөрчдийн ичгүүр сонжуургүй “халтар” байдлынх нь гайгаар Монгол хүний нэр төр доош ороод байгаа юм. Ямар улстөрчид байна тийм ард түмэн байна гэдэг хойно. Нэг ёсондоо Монголын сайд, дарга гэдэг гуншинд нь Монголчуудын нэр төр зүүгдэж яваа юм.

Монголын люмпэн улстөрчдийн варвар байдал нь үнэхээр гайхаш тасрам. Хүний эрхэм чанар, нэр төр зэрэг иргэншлийн ойлголтууд тэдэнд томдоод байдаг. Эх оронч үзэл гэж үгүй. Мэдээж өөрсдийгөө эх оронч хэмээн мэтгэх байх. Үнэндээ тэдний эх орноо бодох байдал нь адуу нутгаа санан гүйхтэй адил амьтанлаг инстинкт. Энэ инстинктээ эх оронч үзэл гэж эндүүрээд байдаг юм. Үндэс угсааныхаа нэр төрийг уландаа гишгэж явдаг тэд ямар юмных нь эх орончид байх билээ. Зүй нь гадна, дотны олон түмэнд “гэрэлтэж” харагддаг улстөрчид л юун түрүүнд үндэстнийхээ нэр төрийг бодож явдаг Dasein байх ёстой. Барууны иргэншлийн ойлголтоор ийм хүмүүсийг эх орончид гэх ажгуу. 

Сүүлийн үед люмпэн улстөрчид болон Европт гараад харлачихсан хэдэн хулгайч нарын уршгаар Монголчуудын нэр төр сайнгүй байгаа. Биднийг … тэр л гэж боддог явдал улам бүр газар аваад байна гэдэг.

Монголчууд “нэр хугарахаар яс хугар” гэдэг. Энэ бол сурвалжит гарлаа мэддэг ард түмний үг. Монголчуудыг ийм гаралтай үндэстэн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Учир нь өнөөгийн хүн төрөлхтний түүхийг бүтээхэд Хятад, Грек, Ром, Британи, Орос зэрэг цөөхөн том оролцогчид байсны нэг нь Монголчууд. Би, Монголчуудыг бусдаас илүү цустай гэх арьсны үзэлтэн, өвчтөн бол биш. Гэхдээ, Монголчууд хүн төрөлхтнийг бүтээлцсэн гэдэг бол түүхийн баримт гэдгийг мэднэ. Монголчууд зүгээр нэг хүтү, түтү хэмээх овог омог төдий байгаагүй. Өнөө хэр нь эзэнт гүрнийх нь домог яригдсаар, судлагдсаар байгаа тийм үндэстэн. Зөвлөлтийн профессоруудын сургаалиар Чингисийн Монголчуудыг харгис хэрцгий зэрлэгүүд байсан гэх үзэлтэй сэхээтэн манайд цөөнгүй. Үнэндээ 13-р зуунд Хятадаас өөр иргэншсэн гэхээр улс байгаагүй юм. Европчууд дээрэм, тонуул, харгислал, хэрцгийллийн балар харанхуй үедээ байсан билээ.13-р зууныг 20-р зууны соёл иргэншлийн нүдээр шүүн буруутгах нь ёстой утгагүй хэрэг. Харин Зөвлөлтийн профессорууд ингэсэн. Манай цөөнгүй сэхээтэн үүнд автсан. Чингисийн талбай гэдэг нэрийг одоо хэр нь ад үзсээр байгаа билээ.

Эргэж үндсэн сэдвээ хөндөн дахин нотлон хэлэхэд, уг түүхээ бодоод үзсэн ч гэсэн Монголын улстөрчид “нэр хугарахаар яс хугар” хэмээх сурвалжтаны ёсыг чанд барих ёстой юм.  

Гэтэл энэ цагийн люмпэн улстөрчид Монголчуудын нэр төрийг хойч үедээ үлдээхийн аргагүй болтол дэвсэлж байна. Тэднийг харсан хүмүүс Монголчуудыг цайрсан хулхи худалч, эрхэм зүйлгүй, ичгүүргүй варварууд л гэж ойлгохоор байна. Хувь хүний муу чанар хувь хүнээ л харлуулдаг бол улстөрчийн муу муухай нь улс үндэстнээ төлөөлж байдаг юм.

Сүүлийн үед төрийн түшээдийн дунд мөрийтэй тоглох явдал газар авч байна гэнэ. Зав гарвал Сөүлийн казино хэсэж явдаг хувийн жижиг бизнестэй нэгэн залуу, Монголоос ирж казинод ордог дарга нарын тоо болоод ирэх давтамж нь улам нэмэгдээд байгаа тухай ярьж байна. Тэр залуу, эдийн засгийн хямрал гүнзгийрэхийн хирээр төрийн казиночдын тоо нэмэгдээд байгааг их гайхаж байна гэнэ. Нээрээ л тун гайхмаар үзэгдэл. Магадгүй хямрал ихсэхээр авлига ихсэж, авилгаар олсон мөнгөө казинод очиж угаадаг байж болох юм. Ер нь казиног бохир мөнгөө угаадаг газар гэх нь бий.

Хэрэв зээ залуугийн ярьсан үнэн бол бүр ноцтой юм болж байна гэсэн үг. Засгийн газар нь эдийн засаг хямарлаа хэмээн ард түмнээсээ хандив гуйх атлаа сайд нь казинод очиж “хулгай”-н мөнгөө угааж байна гэдэг бол ёстой муухай нүгэлтэй зальхай явдал. Гэхдээ эрүүл ухаанд багтахгүй адал балмад юм бүхэн люмпэн улстөрчдөд хэвийн явдал байдгийг бодоход үгүй гэх газаргүй. 

Ямар ч атугай люмпэн улстөрчид даварч цадигаа алдаж байгаа нь үнэн юм.  Нийгэм ёс зүйн баримжаагүй болсныг андахгүй байна. Ёс зүйн баримжаагүй болоод зүй ёсны тухай ойлголтоо гээсэн олон түмэн хууртамтгай болдгийг мэддэг болж. Тэгээд ард түмнийхээ нэр төрийг хойч үетэй нь нялгадахдаа ч тоож байгаа юм алга. Олгосон эрх мэдлээр нь хулгай хийн тоглохдоо ч ичиж байгаа юм алга. Үнэхээр аархуу байна.

Гэхдээ тэд нэг зүйлийг тооцохгүй байна. Хүн, үр хойчийнхоо төлөө амьтан. Байгалиас ингэж програмчлагдсан бөгөөд үр хүүхдийнх нь ирээдүй эрсдэлд орж байгааг ухаарсан үедээ мунхаг байдлаа даван тэмцэлд босдог. Тэр цаг нь одоо ирж буй. 

Тэгэхээр тун удахгүй мөрийтэй тоглоомчдоор улсаа удирдуулаад байх уу? гэдэг асуултын хариуд “үгүй” хэмээн босоцгоох болно. Тэгээд люмпэн улстөрчдийг намнаж байдаг Ардын Их Хурал хэмээх “хоточ нохой”-гоо тавих цаг ирнэ. Тэр үед Монгол хүний нэр төр, сайхан амьдрах хүсэл зоригийг гишгэчиж явсан люмпэн улстөрчид хариуцлага хүлээх нь дамжиггүй! 

Э.Бат-Үүл
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
236 Солонгосын Үндсэн хуулийн цэцийн даргын "Буянтай үйлс" file МИX 2017.02.08 20381
235 2014 – 2015 ОНЫ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХАНШИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ МИX 2014.05.16 19677
234 Таны Монголд ХЭН байсан чинь ЯМАР Ч хамаагүй... file МИX 2017.04.12 18526
233 Монгол залуу Солонгосын Агаарын Цэргийн Академиас хөөгджээ МИX 2018.04.21 18122
232 Пентагоны тэргүүн Сөүлд ирлээ file МИX 2017.02.03 17588
231 "Экс ерөнхийлөгч И Мёнг Пак нь түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа file МИX 2018.03.30 17474
230 Хоёр Солонгосыг төмөр замаар холбох санал гаргалаа МИX 2018.05.09 17342
229 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-нөөс өмнө явуулна file МИX 2017.03.13 16402
228 тамихны үнэ 4500 болж өснө file МИX 2014.09.11 16304
227 Солонгост 20 сая орчим тахиа, нугасыг устгажээ file МИX 2016.12.21 16183
226 ДИПЛОМАТ АЖИЛТНУУДЫН ТОМИЛГООГ 4 ЖИЛ БОЛГОН СУНГАВ file МИX 2017.01.27 15854
» Монголоос ирж казинод ордог дарга нарын тоо улам нэмэгдээд байгаа тухай ярьж байна. file МИX 2017.02.08 15851
224 Гадаадад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно file МИX 2017.01.25 15623
223 Солонгос киноноос болж галзуурагсад ихэсч байна file МИX 2015.09.03 15499
222 Өмнөд Солонгост суугаа элчин сайдаа Япон улс эргүүлэн татжээ file МИX 2017.01.06 15488
221 БНСУ Швейцарийн банкинд хадгаламжтай иргэдийн мэдээллийг тухай бүр авч байхаар болжээ МИX 2016.02.21 15324
220 Хойд Солонгос уучлал гуйгаагүй гэв file МИX 2015.09.02 15295
219 Солонгос улсын Ханами компанийн захирал ажилчиддаа нэг жилийн цалинг нь бонус болгож өгчээ МИX 2016.01.06 15288
218 Дугуй хулгайлдаг Монгол залууст Солонгос улсын цагаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ МИX 2016.03.09 15288
217 Хулгай хийсэн Монголын хоёр иргэнд 1-2 жилийн ял оногдууллаа МИX 2016.01.15 15195