메뉴 건너뛰기


Сериалиас Монгол руу...

2014.09.16 16:41

МИX Уншсан:7669



Монголд маш олон телевиз байгаа ч үзэх юм хомс юм. Дан солонгосын сериалууд гэж халаглах хүн байхад “кино маань гарлаа” гэсээр аав, ээж, үр хүүхэд рүүгээ яарч буй мэт явах нэгэн ч бий. Тухайн киноных нь эсрэг дүр нь хэрхэн хөөрхийлөлтэй бүсгүйг хорлож, хорон санаат хадам эх нь бэрээ шар махтай нь яаж хатаасанд өширхөж буйг сошиал ертөнцөөр мэдээлж, бүр хэн нэгэнтэйгээ зүйрлэх нь ч энүүхэнд. Сүүлийн үед телевизийн орчуулагчид бүр дотночилж Монгол нэрийг Солонгос киноны дүрүүдэд өгөх нь элбэгшжээ. Тэглээ гээд тухайн үндэстний ёс заншил, ертөнцийг, биенээ үзэх үзэл, хүндэтгэлийг нь өөрчилж болохгүй болохоор яалтай. “Энэ хүнийг ээ” гэх болхи орчуулгын үг хэллэг охидын үгийн санд ороод эхэлжээ. Ер нь телевиз хараад суухнээ америк, английн шүтээн, холливудын алан хядлагатай кино, мөнхийн атаа хорсол, тулга тойрсон хэрүүл, салсан нөхрийнхөө эсвэл эхнэрийнхээ амьдралыг нь сөхрүүлэхийн тулд юу ч хийхээс буцахааргүй өс зангидах адгийн амьтны атаа хорслыг харуулсан Солонгос сериалаас өөр олигтой нүд баясгаж, чих дэлдийлгэх сонин хачин хомс.

Хүүхдээ хүний дайтай болгох гэхдээ борви бохисхийлгүй зүтгэсэн эцэг, эхчүүдийн хараа хяналтаас холуур өссөн багачууд одоо хэзээний эрийн цээнд хүрчихэж. Гудамжаар дүүрэн нөгөө кинонд нь гардаг шиг хувцаслаж, аальгүй хүүхэн шиг амаа дарж инээх нь холгүй эр, эм нь мэдэгдэхгүй залуус, гутлынхаа өсгий дээр тогтож чадахгүй байж “андэй”, “уба” хэмээн дүр эсгэж “сархадын сүрчиг” сэнгэнүүлсэн охид, хүүхнүүд. Ийм л нийтлэг зураглалыг хотын аль ч хэсгээс харж болно. Олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билэг гэгчээр ёс заншлаа дээдэлж, ухаарлын үгээ хайрласан монгол ахмадууд ч цөөн болсон. Ач, зээтэйгээ телевизийн удирдлага булаацалдаад яншиж суугаа яршигтай, яхир нөхдүүд л үзэгдэнэ. Энэ бүхнийг эсэргүүцэж ярьсаар ч удлаа. Үзэх юмгүй болсоор удсаныг нэгэн жишээ нь бичлэг дунд тодотгосон судалгааны хүснэгт.  

Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатарт өргөн нэвтрүүлгийн телевиз 16, суваг 77, Кабелийн телевиз 15, Орон нутгийн өргөн нэвтрүүлгийн телевиз 85, суваг 8, Кабелийн телевиз 62 үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тооцоо гарчээ. Телевизийн өргөн нэвтрүүлэг, контент үндэстний аюулгүй байдал, зан заншил, ёс суртахуунд нөлөөлөх хүчтэй зэвсэг гэж олон улс үздэг учраас энэ бүхнийг цэгцлэх шаардлага нэгэнт урган гарч. Уг нь энэ бүхнийг төрийн соёлын бодлого хариуцсан байгууллага зохицуулах ёстой ч 1996 оноос Соёлын яамыг татан буулгасан. Ингэснээр энэ чиглэлийг нарийн зохицуулсан бодлого үгүйрсэн гэхэд хилсдэхгүй.

Тухайн үедээ чөлөөт уран бүтээлийг эрхэмлэсэн уран бүтээлчид өмнөхийн адил хэн нэгний захиалга, зааварчилгаагаар явахыг хүсээгүйтэй нь ч холбоотой. Тиймээс соёлын яам байх нь утгагүй гэж эсэргүүцэх нь энүүхэнд байжээ. Түүнээс хойш 2012 он хүртэл 16 жилийн туршид бодлогын яам байгаагүй учраас ингэж завхарсан байх юм. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд 10 жилийн хугацаатай хэрэгжих Үндэсний хөтөлбөр боловсруулан контентийн журам гаргахаар болсон байна. Ингэхдээ  тухайн телевизийн нийт эфирийн цагийн 50 хувьд нь үндэсний уран бүтээлчдийн хиийсэн нэвтрүүлэг байх шаардлага тавихаар журам санаачилж байгаа бол хүүхдийн нэвтрүүлгийн 60 хувь нь Монголын уран бүтээлчдийнх байх ёстой гэж зааж өгөхөөр тусгажээ. Өнөөдөр телевизүүдийн хөтөлбөрийг үзэхэд,

-“UBS” телевизийн нийт эфирийн 20 хувийг

-“25 дугаар суваг” нийт эфирийн телевизийн 35 хувийг

-“Тв-9” телевизийн нийт эфирийн 30 хувийг

-ТВ-5 телевизийн нийт эфирийн 40 орчим хувь

-Боловсрол сураг телевизийн нийт эфирийн 35 хувь

-“Монгол тв” телевизийн нийт эфирийн 30 хувь

-“ТМ” телевизийн нийт эфирийн 20 хувь

-“Etv” телевизийн нийт эфирийн 20 хувьдаа Солонгосын түүхэн болон орчин цагийн гэр бүлийн сэдвээр хийсэн киног гаргаж байна. Тэдгээр кинонуудад Монголын түүхийг илтэд гуйвуулсан байдлаар гаргаж, заримд нь Хавт Хасарыг Солонгосын жирийн нэгэн цэрэг хөнөөсөн мэтээр гарах жишээтэй. Монгол контентийн журам батлахаар Соёлын яам ажиллаж буй бөгөөд Ц.Оюунгэрэл сайдын зөвлөх, жүжигчин Ц.Төмөрбаатар ажлын хэсгийг ахалж буй аж. Ц.Төмөрбаатар “Бидний хийсэн судалгаагаар телевизүүдийн нийт нэвтрүүлгийн 37 хувьд нь Солонгос киног гаргаж байна. Одоогийн өргөн нэвтрүүлгийн хуулиар үндэсний уран бүтээл гэдэгт орчуулсан нэвтрүүлэг, кино ороод байгаа. Шинэ журмаар тухайн нэвтрүүлэг, киноны 1/3-ээс доошгүй хувьд нь Монгол хүн буюу үндэсний уран бүтээлчид орсон байх шаардлагатай гэж өөрчлөн зохицуулж өгч байгаа. Ингэж байж Солонгос киноны довтолгооноос сэргийлж чадна. Уран бүтээлчид ч илүү чадваржина” гэлээ.

“Глоб интернэйшнл” ТББ-ийн тэргүүн Х.Наранжаргал “Бүх улс контентийг хязгаарладаг. Кино театрт бол үзэгчдэд хүссэн киногоо үзэх сонголттой. Харин телевиз бол сонголтгүй тулгадаг. Солонгос кино дэндүү их байна. Тиймээс энэ бүхнийг журмаар зохицуулах зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр энэ бүхэн ганц контентийн хууль бус бусад хуулиар зохицуулагддаг. Гэхдээ тэр хуулиудад яг садар самууныг юу гэж үзэх вэ гэдгийг ялгаж  салгаагүй. Тодорхойлолт нь нарийвчилсан байх ёстой. Тэгэхгүйгээр ерөнхий зүйлээр шалтаглаад тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах боломжтой байна. Үүнд хяналт тавьдаг байгууллага нь төрийн байгууллага. Тиймээс дуу хоолой нь таалагдахгүй бол улстөрчид хаах боломж нь байна гэсэн үг” гэж хэлж байна. Хүүхэд, залуусын хүмүүжилд сөргөөр нөлөөлж, гадны соёлын довтолгоонд өртөх аюултай учраас энэ бүхнийг цэглэн журамлах нь зөв ч нарийн бодох ёстойг тэрээр анхааруулж байна. Найруулагч Г.Бадамрагчаа ч “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй Монгол хүний оюун ухаанаар бүтсэн нэвтрүүлэг, кинонд доод хувь тогтоох зайлшгүй шаардлагатай” байгааг хэлэв. Хэрэв ингээд журамлаад эхэлбэл нийт эфирийнхээ дийлэнх хувьд нь Солонгос кино гаргаад байгаа бэлэнчлэл цэгцлэгдэх нь. Өөрөөр хэлбэл, үндэсний уран бүтээл 50-аас доошгүй байна гэсэн шаардлагад нийцүүлэхийн тулд олон Солонгос киногоо зогсоохоос өөр аргагүй болох аж. Яагаад гэвэл өөрсдийн уран бүтээлийг түлхүү гаргах хэрэг гарна гэсэн үг. Манай телевизүүд солонгос киноноос гадна гадны шоу нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино түлхүү гаргаж байгаа учраас нийт уран бүтээлийнх нь тавиас доошгүй хувьд өөрсдийн уран бүтээлээ гаргахын тулд аль альныг нь багасгах л болж таарах нь. Ингэхээр “UBS” телевизээс эхлээд хагас дутуу Монгол хэлээр ярьдаг гадны шүүгчдээр шүүлгэдэг, гадаад нэртэй нэвтрүүлгээ өөрчлөхөөс өөр аргагүй болно оо гэсэн үг. Хэрэвзээ ингэж чадвал дотоодынхоо уран бүтээлчдийг түлхүү дэмжиж, тэр хирээр нэвтрүүлэг, киноны чансаа ч дээшлэх нь. Магадгүй эхний ээлжинд олон эсэргүүцэлтэй тулгарах ч үндэсний оюун санаа, ёс заншлаа авч үлдэхэд энэ нь нэн хэрэгтэй бодлого болох учраас хийх л хэрэгтэй. Монголчууд өөрсдийн гэсэн онцлогтой, бусдаас ялгарах давуу талтай байхад нэг ёсны босго болж өгөх учраас хаа хаанаа дэмжих нь зүйтэй болов уу.

Л.НАРАНТӨГС

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
176 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8203
175 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8142
174 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
173 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
172 "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. file МИX 2015.07.31 7943
171 “Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав mix 2014.07.28 7848
» Сериалиас Монгол руу... МИX 2014.09.16 7669
169 Хойд Солонгосын урвагч 관리자 2014.04.16 7515
168 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7355
167 Таван цэргийн амийг хөнөөсөн Солонгос түрүүч баригдлаа МИX 2014.06.27 7345
166 Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна МИX 2014.04.17 7341
165 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮН ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ МИX 2014.06.18 7319
164 Элчин сайдад халдсан эрэгтэйд ял оноожээ МИX 2015.09.11 7223
163 Солонгос улсад энэ жилийн Цагаан сарын ширээг засахад 257-н мянган вон шаардагдана МИX 2016.01.21 7165
162 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой МИX 2015.09.03 7149
161 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7089
160 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ ОСЛООР АМЬД ҮЛДСЭН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ ОРЖЭЭ МИX 2014.06.26 7063
159 Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе уучлал гуйлаа МИX 2014.04.30 7061
158 Виз сунгах худал цуурхал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулья file МИX 2015.09.02 7041
157 Усан онгоц живэх үеэр ихэр хүүхдүүд бие биенээ аварч эсэн мэнд гарлаа МИX 2014.04.18 7012