Солонгос "Lotte World Tower"-ийн барилгын ажил 123-р давхар хүрчээ
2015.12.30 19:07
Солонгос улсын Сөүл хотод баригдаж байгаа тус улсын хамгийн өндөр буюу 555-н метр өндөр, 123-н давхар "Lotte World Tower" барилгын ажил өнөөдөр хамгийн дээд давхар буюу 123-р давхарт хүрчээ.
Тус барилгыг барих шав 2009 онд тавигдсан бол 2015 оны 12-р сарын 31-н гэхэд 123-р давхрыг барьж дуусган, 2016 оны сүүлээр ашиглалтад бүрэн орох юм.
"Lotte World Tower" барилга нь өндрийн хэмжээгээр дэлхийд зургаадугаарт орох бол Ази тивдээ нэгдүгээрт орно.
Барилгын ажилд давхардсан тоогоор 770-н мянган хүн оролцсон ба 123-н давхар барилга нь 9.0 баллийн хүчтэй газар хөдлөлт, секундэд 80-н метр хүчтэй салхилах салхинд тэсвэртэй байхаар чанартай баригдсан байна.
"Lotte World Tower"-т зочид буудал, бизнес уулзалтын өрөө, худалдааны төвүүд, үзэсгэлэнгийн танхим, кинотеатр, зоогийн газар гээд олон төрлийн үйлчилгээний байгууллагууд ажиллах бөгөөд жил бүр дунджаар дөрвөн сая гадаадын жуулчид түүнийг зорин ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.