Солонгос Солонгос улсын Ханами компанийн захирал ажилчиддаа нэг жилийн цалинг нь бонус болгож өгчээ
2016.01.06 17:07
Өмнөд Солонгос улсын "Ханами" компанийн захирал Им Сонг Ги шинэ жилийн баяраар компанийхаа нийт ажилчдад, тэдний нэг жилд авсан цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг бонус болгон өгчээ.
Тус компанийн нэг ажилтан жилд дунджаар дөчин таван сая воны цалин авдаг гэж тооцвол тэд шинэ жилийн бонуст тус бүр дөчин таван сая вон авсан байна.
Мөн компанийн захирал Им Сонг Ги өөрийн эзэмшиж байгаа 110 тэрбум воноор үнэлэгдэх 900 мянган ширхэг хувьцааг ажилчиддаа үнэгүй тарааж өгөх тухайгаа мэдэгдсэн байна.
"Ханами" компани нь өнгөрсөн оны 5-р сард АНУ-д эм, эмийн бүтээгдэхүүн экспортлох болон эм үйлдвэрлэх зарим технологийг худалдах 8000 тэрбум воны гэрээг амжилттай хийсэн ажээ.
Энэ тухай захирал Им Сонг Ги хэлэхдээ: "Манай компанийн бүх ажилтнуудын олон жилийн уйгагүй, нөр их хөдөлмөрийн ачаар бид ийм амжилттай ажиллалаа. Тиймээс компанийн амжилт бол тэдний хөдөлмөр юм. Би тэдэнд зохих ёсны мөнгөн шагналыг болон компанийн хувьцааг өгөх ёстой гэж бодож байна" хэмээн өгүүлсэн байна.