Солонгос Өмнөд Солонгост суугаа элчин сайдаа Япон улс эргүүлэн татжээ
2017.01.06 16:01
ТОКИО. /Kyodo/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-эд зориулсан хөшөөг Бусан хот дахь Японы Ерөнхий консулын газрын өмнө байрлуулсантай холбоотойгоор Япон улс Өмнөд Солонгосоос Элчин сайдаа эгүүлэн татлаа.
Өмнөд Солонгосын боомт хот болох Бусанд өнгөрөгч оны сүүлчээр нэгэн иргэний нийгмийн байгууллагын босгосон уг хөшөө нь хоёр улсын хооронд зөрчил үүсгэсэн юм. Токио уг хөшөөг нэн даруй холдуулахыг шаардсаар байна.
Японы Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга хэлэхдээ “бид асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхийг Өмнөд Солонгосоос удаа дараа хүссэн боловч байдал өөрчлөгдсөнгүй. Үүний улмаас өнөөдөр бид ийм арга хэмжээ авахад хүрлээ” гэв.
Солонгос эмэгтэйн хөшөөг өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд Өмнөд Солонгосын олон нийтийн хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид Бусан хотын захиргааны зөвшөөрөлгүйгээр босгосон тул тухайн өдөр нь буулгажээ. Харин 30-ны өдөр хотын захиргаанаас зөвшөөрөл авсан олон нийтийн байгууллагуудын идэвхтнүүд уг хөшөөг Японы дипломат төлөөлөгчийн газрын байрны өмнө дахин босгосон байна.
“Зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр 2015 оны 12 дугаар сард хоёр тал тохиролцоонд хүрсний дараа Өмнөд Солонгосын Засгийн газар “Нэгтгэл, эдгээлтийн сан”-г байгуулсан билээ. Японы тал уг санд 10 сая доллар хандивласан байна.
Г.Доржханд