Солонгос улсын Сөүл хотын захиргаа өнөөдрөөс эхлэн Ёиду дүүргийн метроний буудлын дэргэд, газар доор 6-7 метр гүнд байсан нууц байгууламжийг нийтэд үзүүлж эхэллээ.
Энэхүү байгууламжийг өнгөрсөн 2005 оны 4-р сард замын засвар хийж байсан компанийн ажилчид анх илрүүлсэн бөгөөд тус улсын ямар ч байгууллагад бүртгэлгүй байсан газар доорх нууц байгууламж нь 793㎡ талбайтай, дотроо ариун цэврийн өрөөтэй төдийгүй зөөлөн буйдантай байсан байна.
Газар доор нуугдах зориулалттай байгууламжийг 1970-аад оны үед өнөөгийн Солонгос улсын ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав, ерөнхийлөгч Пак Жонг Хи-д зориулан барьсан нь тодорхой бөгөөд тэрээр нуугдах газрыг хэрхэн ашигладаг байсан нь тодорхой бус байгаа ажээ.
Уг байгууламж нь тухайн үеийн цаг үе, улс төрийн байдлын гэрч болон үлдсэн тул түүнийг үзэж сонирхох иргэдийн тоо их байгаа юм байна.