БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч нарын нэг болох Мүүн Жэ Ин олон нийтийн санал асуулгаар бусад нэр дэвшигч нараасаа хол тасархай тэргүүлж явна.
Солонгосын Realmeter агентлагаас явуулсан олон нийтийн санал асуулгаар Ардчилсан намын дарга асан Мүүн Жэ Иний төлөө солонгосчуудын 42,4 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаа гэж гарсан байна.
Түүний араас нэхэж яваа Солонгосын Ардын намаас нэр дэвшигч Ан Чол Сугийн үзүүлэлт сүүлийн хэдэн өдөр 13,7 хувиар огцом буурч, санал асуулгад оролцогчдын 20 хувь нь л түүний төлөө саналаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ нь нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний үеэр Ан Чол Су өөрийгөө муу илтгэгч, өөртөө итгэлгүй, шийдэмгий бус, гадаад хэргийн асуудлын талаар ямар ч мэдлэггүй хүн гэж харуулсантай холбоотой гэнэ.
Үүнээс гадна БНСУ-ын нутаг дэвсгэрт пуужин устгах THAAD системийг байршуулах асуудлыг дахин эргэж харах ёстой гэж ярьж байсан Ан Чол Су гэнэт энэхүү шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлснээрээ хүмүүсийн дэмжлэгийг алдсан гэнэ.
Ан Чол Сугийн үзүүлэлт буурснаар Солонгосын консерватив Эрх чөлөөний намаас нэр дэвшигч Хон Жүүн Пёгийн үзүүлэлт 8,4 хувиар өсч, түүний төлөө оролцогчдын 18,6 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаа гэж гарсан байна.
Бусад нэр дэвшигчдийн үзүүлэлт 8 хувиас хэтрэхгүй байгаа аж.
Realmeter агентлагаас явуулсан олон нийтийн санал асуулгад 1000 гаруй иргэд оролцсон ба санал асуулгын дүн алдаатай гарах магадлал 3,1 хувь аж.
Харин Gallup Korea агентлагийн явуулсан санал асуулгаар Мүүн Жэ Инг иргэдийн 38 хувь, Ан Чол Суг 20 хувь, Хон Жүүн Пёг 16 хувь тус тус дэмжиж байгаа гэж гарчээ.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 9нд болж өнгөрөх юм.