"Пёнчаны Ч үсгийг томоор бичнэ
2017.12.07 13:54
Өмнөд Солонгосын дүүрэг Пёнчанаас тамирчид болон олимп үзэхийг хүссэн гадны жуулчдыг будилуулахгүйн тулд хөрш Умард Солонгосын нийслэл Пхеньянд биш гэдгийг тэдэнд мэдэгдэх нь чухал гэж шаардсан байна. Учир нь гадаадын жуулчдад энэ нэр төстэй санагддаг ажээ. Кангвон аймгийн захирагч Чой Мон Сон нэрний хувьд адил төстэйгөөс болоод будилуулж мэдэх эрсдэлтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс жуулчдыг будилуулахгүйн тулд “Сh” үсгийг томоор бичих шийдвэрийг гаргажээ.
Тэрээр энэ тухай нэгэн жишээг иш татан ярьсан байна. Пёнчанд 2014 оны есдүгээр сард болсон хуралд НҮБ-аас уригдсан Кенийн иргэн Даниэл Оломай Оле Сапит Пхеньян руу нисэх онгоцонд суужээ. Тэрээр Умард Солонгосын цагаачлалын албаныханд таван цаг байцаагдсан байна. Эцэст нь түүнийг 500 ам.доллараар торгосны дараа Бээжингийн нислэгээр буцаажээ. Үсгийн энэ өөрчлөлт нь “Пёнчан- 2018”-ыг зохион байгуулж буй хорооны цахим хуудаст хэрэгжжээ.
Мөн “CNN”, “Eurosport” зэрэг телевизийн сувгаар гарч буй зар сурталчилгааны бичлэгт тусгалаа олсон байна. Чой Мон Сон солонгосоор “pyeong” гэдэг нь энхтайван гэсэн утгатай. Харин “chang” нь хөгжил цэцэглэлт гэсэн утгыг илэрхийлдэг. Өвлийн олимп нь “Бидэнд энхтайван болон хөгжил цэцэглэлт авчирна” гэдэгт итгэж байна гэжээ.
Х.Оюунболд