“Сөүл метро” хамгийн хөл хөдөлгөөн ихтэй метроны буудлуудтай танилцах нэг өдөр
“Сөүл метро”-ноос Солонгост оршин суудаг гадаад иргэдэд зориулан “Сөүлийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй метроны буудлуудтай танилцах нь” нэг өдрийн хөтөлбөрийг хэрэгжүүллээ. 10-р сарын 24-нөөс 27-ны өдөр хүртэл үргэлжилсэн тус хөтөлбөр 1-р шугамын “Шичон”, 2-р шугамын “И Дэ”, 3-р шугамын “Шинса”, 4-р шугамын “Дундэмүн” зэрэг гадаад иргэд хамгийн ихээр зорчдог метроны буудлууд дээр явагдлаа. Энэ үеэр метрогоор зорчигч иргэд гал гарах, тог тасрах гэх мэт гэнэтийн осол, гэмтэл гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, эд зүйлсээ орхигдуулсан тохиолдолд хаашаа хандах зэрэг зорчигчид метрогоор үйлчлүүлэхдээ тулгарч болох төрөл бүрийн эрсдэлүүдээс хамгаалах аргуудыг танилцуулсан юм. Эхний удаад туршилтын журмаар хэрэгжиж буй уг хөтөлбөрт "Сөүл Глобал" төвийн Филлипин, Орос, Ветнам, Монгол, Тайланд гэсэн таван орны ажилтнууд ороцлоо. "Сөүл Глобал" төвийн өдөр тутмын асуудал эрхэлсэн монгол ажилтан Ц.Санчирмаа 3-р шугамын Шинса ёг дээр ажиллалаа. 35 жил тасралтгүй энэ салбартаа ажиллаж буй метроны ахлах мэргэжилтний хамт метроны буудлын ажилчдын өрөө, хяналтын өрөөгөөр зочилж, үүрээс үдшийн бүрий хүртэл цаг наргүй ажиллах метро ямар системийн дагуу хэрхэн ажилладгийг сонирхов. Хөтөлбөрийн эцэст "Сөүл Глобал" төвийн монгол ажилтан Б.Санчирмаа метроны буудлын ажилчидтай сэтгэгдлээ хуваалцахдаа “Бид өдөр тутам метрогоор зорчдог ч бидний мэдэхгүй маш олон зүйлс байдгийг хараад гайхширлаа. Үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангахад чиглэдэг эдгээр үйлчилгээг гадаад иргэд заавал мэдэх хэрэгтэй, ялангуяа Монголоос дөнгөж ирсэн иргэдийн хувьд Монголд метро нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрээгүйгээс мэдэхгүй зүйлс олон тохиолдож байдаг тул цаашид метроны буудлын гадаад хэл дээрх зөвлөгөө, мэдээллийн хэсэгт монгол хэлийг ч бас нэмж өгвөл хэрэгтэй байх болно” хэмээн санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Ийнхүү “Сөүл метро” –ноос анх удаа зохиогдсон хөтөлбөр орон орны оролцогчдын хамтаар амжилттай болж өндөрлөлөө.