메뉴 건너뛰기


Шинэ Солонгосыг дэлхий нийтэд харуулах нь олимпийн гол зорилго байв

Зуны XXIV олимпийг зохион байгуулахын төлөө БНСУ-ын Сөүл, Японы Нагоя гэсэн хоёрхон хот нэрээ дэвшүүлжээ. Ингээд 1981 онд хуралдсан ОУОХ-ны чуулганаар Сөүл 52:27-гоор ялсан байна. Зуны олимп хүлээн авах Азийн хоёр дахь хот нь ийнхүү Сөүл болжээ.

1950-иад онд хойд, өмнөдөөрөө хуваагдан байлдаж, дараахан нь эдийн засгийн хямралтай нүүр тулсан Солонгос улсын хувьд богинохон хугацаанд хөл дээрээ бат зогсож, хөгжлийн шинэ замд орсноо дэлхий нийтэд харуулах боломж нь олимпийн наадам байв. Тиймдээ ч бүтээн байгуулалтын ажилд шуурхайлан орж, хөрөнгө мөнгө ч харамгүй цацав. Тэд олимпийн наадамд зориулж нийт дөрвөн тэрбум ам.доллар зарцуулсан нь түүхэн шинэ дээд амжилт болжээ. Дөрвөн жилийн өмнө америкчууд 413 саяыг зарцуулсантай харьцуулахад бараг 10 дахин өссөн гэсэн үг. Хэдийгээр зардал өндөр байсан ч 300 саяын ашиг олсон нь Зохион байгуулах хороо ажлаа сайн гүйцэтгэснийг илтгэнэ.

БНСУ олимпийн наадмаас хоёр жилийн өмнө буюу 1986 онд Азийн наадмыг зохион байгуулсан. Спортын барилга байгууламжууд нь тивийн наадмын өмнө бүрэн ашиглалтад орсон байв. Товчхондоо бол, Азийн наадам нь олимпийн наадмын өмнөх маш чухал бие халаалт болж өгчээ.

Өмнөх хоёр олимпод том гүрнүүд бие биенээ ээлжлэн бойкотолсны улмаас оролцогчийн тоо цөөн байсан. Тэгвэл энэ удаа 159 орны 8391 тамирчин спортын 23 төрөлд 237 багц медалийн төлөө өрсөлдөв. Гэхдээ олимп элдэв бойкот, шантаажаас хол байж чадаагүй. Бойкот зарласан анхны улс нь тэдэнтэй дайтаж байсан БНАСАУ байв. Хойд Солонгос Өмнөдөд олимп зохиогдсоныг эсэргүүцэн, тамирчдаа илгээхээс татгалзсан бол Албани, Куба, Мадагаскар, Сейшелийн арлууд тэднийг дэмжиж бойкот зарлав. Гэхдээ л “Сөүл 1988” нь хамгийн олон оролцогчтой олимп болж чаджээ. Олимпийн үеэр 27221 сайн дурынхан, 10331 сэтгүүлч “галын шугам” дээр ажилласан байна. Ширээний теннис олимпийн хөтөлбөрт анх удаа багтсан бол талбайн теннис 64 жилийн дараа эргэн иржээ.

1988.jpg

Дөрвөн тэрбум ам.долларыг бүтээн байгуулалтад зарцуулсан ч 300 саяын ашиг олсон байна

Сөүлийн олимпийн талаар эргэн дурсахад Америкийн спринтер Бен Жонсоны хэрэг ёс мэт сөхөгддөг нь харамсалтай. Лос-Анжелесийн олимпоос хошой хүрэл медаль хүртээд байсан тэрбээр энэ удаа 100 метрийн финалд 9.79 секунд хурдалж, алтан медаль хүртлээ. Арван секундээс дотогш гүйх нь өдрийн од мэт ховор байсан тэр үед 9.79 гэдэг хэний ч санаанд багтамгүй амжилт байлаа. Гэтэл хоёр хоногийн дараа түүний шинжилгээнээс допинг илэрч, дэлхийн дээд амжилтын батламжаа олимпийн алтан медалийн хамт хураалгасан юм. Ингэснээр алтан медаль Америкийн К.Льюст шилжжээ. Түүнчлэн Америкийн Флоренс Гриффит Жойнер эмэгтэйчүүдийн 100, 200, 4х100 метрт түрүүлж, дэлхий даяар нэр алдруу дуурсгасан. 200 метрт түрүүлэхдээ 21.34 секунд гүйж, дэлхийн рекордыг 0.37 секундээр ахиулсан нь мэргэжилтнүүдэд хардлага төрүүлжээ. Зөвхөн допингийн хүчээр л ийм амжилт үзүүлж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байв. Дээрх хардлагаас болж ОУОХ дахин шинжилгээ авахаар шийдтэл Жойнер спортоо орхиж буйгаа гэнэт зарлажээ. Ингээд эрх мэдэлтнүүдийн арга мухардах нь тэр. 1996 онд бүсгүй зүрхний шигдээс болж, хоёр жилийн дараа 39-хөн настайдаа нас барав. Түүний үхлийн шалтгааныг допингтой холбон тайлбарладаг ч яг таг баталж чадсангүй. 1988 онд тогтоосон Жойнерийн рекорд өнөөг хүртэл хадгалагдсаар байна.

Энэ олимпийн гол баатар нь Зүүн Германы усчин К.Отто байлаа. 1986 оны ДАШТ-ээс дөрвөн алт шүүрсэн түүнийг Сөүлд дээгүүр уралдах тамирчнаар нэрлэж байсан. Гэхдээ түүнийг зургаан алт авна гэж хэн ч төсөөлөөгүй болов уу. Тухайн үед 22 настай байсан Кристин дөрвөн төрөлд нь дэлхийн дээд амжилт эвдэж, тодоор гялалзжээ.

Германы дугуйчин К.Л.Ротенбургер эмэгтэйчүүдийн спринт төрөлд мөнгөн медаль авсан нь тухайн үедээ том сенсаац дэгдээж байлаа. Учир нь тэрбээр 1984, 1988 оны өвлийн олимпоос тэшүүрийн төрлөөр хоёр алт, нэг мөнгөн медаль хүртээд байжээ. Харин Сөүлд гялалзсаныхаа ачаар немц бүсгүй нэг жил өвөл, зуны олимпоос медаль хүртсэн анхны тамирчин болсон юм.

Боксын тэмцээн луйвар булхай ордгоороо хэдийнэ муу нэртэй болсон. Гэхдээ өмнөх луйвруудын аль нь ч Сөүлийн олимпийн 71 кг-ын финалыг гүйцэхгүй болов уу. АНУ-ын 19 настай боксчин Рой Жонс учраа бүрээ түвэггүй ялсаар финалд гарч ирэв. Харин нөгөө талаас нутгийн боксчин Пак Си Хун шалгарчээ. Боксын талаар ямар ч ойлголтгүй хүн ч энэ тулааны ялагчийг түвэггүй нэрлэхээр байсан. Тулааны турш Р.Жонс 86 оновчтой цохилт гүйцэтгэсэн бол өрсөлдөгч нь 32 удаа цохисон гэдэг. Ингээд ялагчийг зарлах болоход шүүгч хөл дээрээ арайхийн тогтож буй хангүг боксчны гарыг өргөх нь тэр. Ийм илэрхий луйварт эгдүүцсэн Америкийн тал тэр дор нь протест бичсэн ч үр дүн хэвээр үлдсэн юм. Улмаар олимпийн наадмаас нэг сарын дараа тэрхүү тоглолтыг шүүсэн Уганда, Уругвай, Мароккогийн шүүгчид эрхээ хоёр жилээр хасуулсан түүхтэй.

Монголчууд энэ удаагийн олимпод байт харваа, буудлага, бокс, чөлөөт бөх, жүдо гэсэн таван төрөлд 28 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг хүрэл медаль хүртэв. Өмнө нь олимпоос медаль авсан хоёр төрөл болох чөлөөт, жүдогийнхон бүгд мултарч, хоосон хоцрох аюул нүүрлэхэд боксчин Н.Энхбат хүрэл дээр бууж, эх орныхоо нэрийг тахалжээ.

Түүний хувьд ид үедээ буюу 1984 онд олимпийн наадам оролцож чадаагүй. Манайхан Зөвлөлтийг дагаж Лос-Анжелесийн олимпийг бойкотолсны нэг хохирогч нь гэсэн үг. Харин үүнээс хойш бэлтгэлээ чамбай хийсээр Сөүлийн олимптой золгожээ. Энд тэрбээр Венесуэл, Унгар, Мароккогийн боксчдыг дараалан ялж, хүрэл дээр буусан юм. Харин хагас шигшээд Шведийн Г.Крамнетай тэнцүүхэн тоглосоор 3:2-оор дийлдэн хүрэл медальтайгаа эвлэрэхээс аргагүй болжээ. “Өмнө нь олимпийн медалийн болзол хангачихсан учраас биеэ барилгүй чөлөөтэй, итгэлтэй тоглосон. Уг нь дотроо Крамнег хожчихлоо гэж бодож байлаа. Шүүгч Шведийн тамирчны гарыг өргөхдөө тийм ч итгэлтэй байгаагүй. Ер нь 3:2 гэдэг ялсанд ч, ялагдсанд ч сэтгэлийн дэм өгдөг юм даа” хэмээн Энхбат гавьяат хожим өгүүлжээ. Монголчууд бөхөөс өөр төрлөөр медаль авч болохыг харуулсан нь түүний хамгийн том гавьяа байлаа.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
17 Дэлхийд анх удаа Өмнөд Солонгос улс 5G сүлжээг бүрэн утгаар нь нэвтрүүллээ file МИX 2019.04.05 271
16 Солонгосын шүүх үр хөндөлтийг хориглох нь үндсэн хууль зөрчсөн явдал гэж дүгнэлээ file МИX 2019.04.11 254
15 Сөүлийн Мёндунд брендийн хуурамч бараа зардаг лангууг илрүүлжээ file МИX 2018.11.19 251
14 Сөүлд гэр бүлийн цагаачдад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн болно file МИX 2019.04.02 248
13 БНСУ-ын Засгийн газар 7 хоногт 52 цагаас илүү цаг ажиллуулахгүй байх хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулжээ file МИX 2018.12.13 248
12 Сөүлийн Мёндуны барилгад гал гарчээ file МИX 2018.11.19 233
11 6 сарын 6 Эх орны төлөө амиа зориулагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр file МИX 2019.06.06 198
10 Сөүлд шинэ цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ. file МИX 2018.10.11 171
9 БНСУ-ын парламент агаарын бохирдолтой тэмцэх хуулийн төслүүд баталжээ file МИX 2019.03.15 165
8 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file МИX 2019.02.08 128
7 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт file МИX 2019.04.10 125
6 Солонгост Гадаадыханд зориулсан International Hot Talent урлагийн уралдааныг зарлаж байгаан байна file МИX 2019.03.04 119
5 БНСУ-аас Монголын гурван аймаг руу шууд нислэг үйлдэх боломжийг тохиролцсон МИX 2023.02.19 105
4 БНСУ нэг удаагийн уутны хэрэглээг хориглоно file МИX 2019.01.02 89
3 Солонгосын дайныг дуусгах тохиролцоонд хүрч магадгүй file МИX 2019.02.25 78
2 Нүдэнд үл үзэгдэх тоосонцорын эсрэг Сөүл хот хамтран ажиллана file МИX 2019.01.08 62
1 VVIP ШИНЭ ЖИЛ 2019 file МИX 2018.12.17 59