메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/. Техник хангамж эсвэл программ хангамжтай холбоотой асуудлын улмаас бус харин батарейг үйлдвэрлэхэд асуудал үүссэний улмаас Galaxy Note 7 ухаалаг гар утас шатаж дэлбэрсэн болохыг олон сарын турш шалгалт явуулсны эцэст олж тогтоолоо гэж Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпораци өнөөдөр мэдэгдлээ.

“Үйлдвэрийн бие даасан гурван ажлын хэсэг шалгалт хийсний эцэст Galaxy Note 7 шатаж дэлбэрсний гол шалтгаан нь  батарей болохыг олж тогтоолоо” гэж тус компани мэдэгдэв.

Батарейны загвар болон үйлдвэрлэхэд гаргасан асуудлын улмаас Note 7 шатжээ. Харин батарейнд чухам ямар учраас асуудал гарах болсныг олж тогтоохын тулд дахиад мөрдөн шалгалт хийх хэрэгтэй байна гэж албаны хүмүүс хэлэв. 

“Samsung Electronics”-ийн 700 гаруй судлаач болон инженерүүд 200 мянга гаруй гар утас болон 30 мянга гаруй батарейг шалгасны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ.

Асуудал гарсны улмаас Galaxy Note 7-г зах зээлээс татаж авсантай холбоотойгоор “Samsung”-ийн гар утасны салбар хариуцсан захирал Ко Дон Жин уучлалт гуйхын сацуу дотоод болон гадаад дахь хэрэглэгчдийнхээ итгэлийг эргэн олж авахаа амлалаа.

Galaxy Note 7 шатаж, дэлбэрсэн тохиолдол нэг бус удаа гарсны улмаас тус компани дотоод, гадаадын зах зээлээс хэдэн сая ширхэг гар утсыг эргүүлэн татаж, улмаар өнгөрсөн оны 10 дугаар сард энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүрэн зогсоосон юм.

Энэ бүтээгдэхүүнийг эргүүлэн татсаны улмаас “Samsung” 5.3 тэрбум орчим долларын хохирол амсчээ.

“Samsung”-ийн охин компани болох “Samsung SDI” болон Хятадын “ATL “ компани нь Galaxy Note 7-гийн батарейг нийлүүлсэн ажээ.

Ноён Ко Дон Жин сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “манай корпораци батарей нийлүүлсэн компаниудын эсрэг зарга мэдүүлж, нөхөн төлбөр олгохыг шаардах болно” гэв.

“Samsung” корпораци Note 7-гийн хэргийн сөрөг нөлөөллийг арилгахыг оролдохын зэрэгцээ дараагийн шинэ бүтээгдэхүүн болох Galaxy S8-ыг гаргахаар бэлтгэж байгаа ажээ.

Г.Доржханд