Монгол, Солонгосын визны журам харилцан чангарсаар байна
2017.03.31 15:27
Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамнаас Визгүй зорчигч иргэдийн анхааралд дараах мэдээллийг гаргасан байна.
ҮҮНД:
“Солонгосын Засгийн газар дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зорчигчийг урьдчилан шалгах системийг нэвтрүүлэх болсонтой холбоотойгоор гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн визгүй зорчих журмыг хүчингүй болгож, Монгол зэрэг улсуудын визгүй зорчдог гадаадын иргэдэд таван жилийн олон удаагийн виз (оршин суух хугацаа 30 хоног) олгохоор шийдвэрлэсэн билээ.
Үүний дагуу тус Элчин сайдын яам нь гуравдугаар сарын 1-ний өдрөөс визгүй зорчдог иргэдэд таван жилийн олон удаагийн виз (оршин суух хугацаа 30 хоног) олгож байсан болно.
Гэтэл Монголын тал гуравдугаар сарын 1-ний өдрөөс визгүй зорчих журмыг хүчингүй болгож визгүй зорчдог Солонгос иргэдэд виз олгож эхэлсэн боловч тэр нь нэг удаагийн виз тул тус улсын Элчин сайдын яам нь харилцан эрх тэгш байх зарчмын үүднээс визгүй зорчдог Монголын иргэдэд гуравдугаар сарын 6-ны өдрөөс нэг удаагийн виз олгох болсныг ойлгон хүлээн авахыг хүсч байна.
Иймд Монголын Гадаад харилцааны яам болон төрийн байгууллагаас визгүй зорчдог Солонгос иргэдэд олон удаагийн виз олгохоор шийдвэрлэвэл тус Элчин сайдын яамны зүгээс Монголын иргэдэд таван жилийн олон удаагийн виз (оршин суух хугацаа 30 хоног)-ийг нэн даруй олгож эхлэх болохыг мэдэгдэж байна” гэжээ.
Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүнийг хэлнэ.(Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)
Б.ГЭРЭЛ
http://www.medee.mn/main.php?eid=90637