메뉴 건너뛰기


Зураг
ПХЕНЬЯН. /Ёнхап/. Өчигдөр орой Пхеньян хотод болсон Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн “Хавар ирлээ” урлагийн тоглолтыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун гэргийн хамт үзэж сонирхсон тухай Өмнөд Солонгосын Соёлын яам мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын алдарт поп дуучин Чо Ён Пил, “Girls' Generation” охидын хамтлагийн гишүүн Сохёнь тэргүүтэй уран бүтээлчид уг тоглолтод оролцжээ.

Сохёнь нь Умард Солонгосын нэгэн алдартай дууг дуулсан бол тоглолтод оролцсон уран бүтээлчид бүгдээрээ хамтдаа хоёр Солонгост эв нэгдэлтэй байхыг уриалсан агуулга бүхий дууг дуулсан гэнэ.

Тоглолтыг Ким Жөн Ун, түүний гэргий Ри Сол Жу, эмэгтэй дүү Ким Ёо Жон нарын 1500 орчим хүн үзэж сонирхсон байна. Хоёр Солонгос урлаг соёлын үйл ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж Ким Жөн Ун уран бүтээлчдэд хандан хэлээд, “Намар ирлээ” тоглолтыг энэ оны намар Сөүл хотод зохион байгуулахыг санал болгосон гэсэн мэдээлэл байна.

Өчигдрийн тоглолтод оролцсон уран бүтээлчид энэ долоо хоногийн мягмар гарагт буюу маргааш Умард Солонгосын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийх аж.

Өмнөд Солонгосын уран бүтээлчид 2007 оны 11 дүгээр сараас хойш анх удаагаа Умард Солонгост тоглолт хийж байгаа нь энэ юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын 27-нд түүхэн дээд хэмжээний уулзалт хийхийн өмнө уур амьсгалыг илүү зөөллөж өгөх зорилгоор тус хоёр улс урлаг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна гэж ажиглагчид үзэж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Пёнчаны өвлийн олимпийг тохиолдуулан Умард Солонгосын уран бүтээлчид Сөүлд тоглолт хийсэн билээ.

Г.Доржханд
www.montsame.mn