Элчин БНСУ-ЫН КАНВӨН МУЖИД ОРШИН СУУГАА ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ
2019.05.27 11:15
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам 2019 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд БНСУ-ын Канвөн мужийн Чүнчөн хотод ажиллав. Ажлын хүрээнд ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ, консул Д.Сүх-Очир нар Канвөн мужид оршин суугаа иргэд болон Канвөн, Ханлим их сургуульд суралцаж буй оюутнуудтай уулзав. Мөн уулзалтын дараагаар Чүнчөн Цагдаагийн газрын ажилтан БНСУ-ын хууль дүрмийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариу өгөв.
Иргэдтэй хийсэн уулзалтаар БНСУ-д ажиллаж, амьдарч буй манай иргэд гэмт хэрэгт холбогдон амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, ялангуяа монголчуудын дунд хулгай, бичиг баримтгүй мөн согтуугаар жолоо барих, хүнд гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгааг анхааруулж, сонор сэрэмжтэй байх, суугаа орны хууль дүрмийг сахих, визийн хугацаандаа оршин суух талаар зөвлөгөө өгөв.
Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 180 хоногоос дээш хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бий болгох, ГХЯ-наас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” сурталчилгааны аяны үйл ажиллагааны талаар танилцуулав.
ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ Канвөн их сургуулийн Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Жү Жин Ү-тэй уулзаж, монгол оюутнуудын сургалтын төлбөр, суралцах нөхцөл байдал зэрэг тулгамдаж буй асуудлуудыг уламжилж, сургуулийн зүгээс анхаарал хандуулахыг хүсэв.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Сөүл хот дах Төрийн банктай хамтран БНСУ-ын Канвөн мужид оршин суугаа иргэддээ үйлчилгээ үзүүлж ажиллав.
Тус өдөр охиныхоо төрсний бүртгэл хийлгэсэн Ханлим их сургуулийн оюутан О.Улсболддоо баяр хүргэж, гэр бүлд нь аз жаргал сайн сайхын бүхнийг хүсэн ерөөе.