Пхеньян, Сөүлийн харилцааг зохицуулагчийг шинээр томилжээ
2016.01.21 11:08
СӨҮЛ. /TASS/. Солонгосын Ардын армийн тагнуулын газрын дарга, дөрвөн одтой генерал Ким Ен Чолийг Умард Солонгосын Сөүлтэй хийж буй харилцааг зохицуулагчаар томилсон тухай Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилжээ.
“Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны нарийн бичгийн дарга бөгөөд тус намын Төв хорооны Нэгдсэн фронтын салбарын эрхлэгч түүнийг томилсон” гэж Ёнхап агентлагийн эх сурвалж хэлсэн байна.
Өмнөд Солонгостой хийж буй Пхеньяны харилцааг өмнө зохицуулж байсан намын зүтгэлтэн Ким Ян Гон өнгөрсөн оны 12 дугаар сард 73 насандаа автомашины ослоор нас барсан байна. Ким Ен Чоль нь Умард Солонгосын гадаадад явуулдаг тагнуулын ажиллагааг, мөн цахим болон кибер ажиллагааг 2009 оноос хойш хариуцаж байсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд урьд нь мэдээлжээ.
Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц шумбадаг минад өртөж живсэн болон Енпондо арлаас их буугаар гал нээсэн 2010 оны хоёр томоохон хэргийг чухам Ким Ен Чоль зохион байгуулсан гэж Сөүлийн эрх баригчид үзэж байгаа аж. Эдгээр өдөөн хатгалгын улмаас Өмнөд Солонгосын 50 иргэн амиа алдсан билээ. Түүнийг мөн өнгөрсөн онд Цэрэггүй бүсийн Өмнөд Солонгосын хэсэгт мина дэлбэлсэн хэргийг зохион байгуулсан гэж үзэж байна. Энэ хэрэг Сөүл, Пхеньяны харилцаа дахин хурцатдахад хүргэсэн билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ