Солонгос Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ
2015.10.26 11:49
Солонгос улсын Статистикийн төв газар өнөөдөр тус улсад ажиллаж буй гадаадын иргэдийн талаар хийсэн судалгааны хариуг мэдээлэллээ.
"2015 оны 10-р сарын нэгний байдлаар Солонгос улсад албан ёсоор ажиллаж буй 930-н мянган иргэн бүртгэгдсэн ба энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1%-иар өссөн үзүүлэлт юм.
Солонгос улсын 15-аас дээш насны буюу хөдөлмөрийн насны иргэдийн 60.9% нь эрхэлсэн тодорхой ажилтай бол тус улсад ажиллаж амьдарч буй гадаадын нийт нэг сая 500-н мянган иргэнийн 68.9% нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгааны хариу гарлаа. Ингэснээр Солонгос улс өөрийн орны иргэдээс илүүтэйгээр гадаадын иргэдэдажлын байр олгодог гэсэн дүгнэлт гаргахад хүргэсэн байна.
Гадаадын 930-н мянган ажилчдын 66.8% нь эрэгтэй, 33.2% нь эмэгтэй байгаа ба тэдгээрийн 46.6% нь Хятад улсын иргэн Солонгос үндэстнүүд, 8.1% нь Вьетнам, 6.0% нь Хятад, 6.6% нь Америк, Канад, 4.1% нь Индонези зэрэг улсын иргэд ажээ.
Гадаадын нийт ажилчдын 46.3% нь аж үйлдвэр, 19.2% нь хувийн бизнес, нийтийн үйлчилгээ, томоохон групп, 19.0% нь зочид буудал, зоогийн болон амралтын газарт, 9.2% нь барилгын салбарт тус тус ажиллаж байна.
Тэдний тал хувь нь буюу 53.1% нь сард хоёр сая хүртэлх вон, 34.3% нь 2-3-н сая вон, 7.8% нь гурван сая ба түүнээс дээш хэмжээний цалин авч байгаа ажээ.
Нийтэд нь дүгнэвэл Солонгос улсад ажиллаж буй гадаадын ажилчдын тоо 2009 оноос хойш жил бүр дунджаар 70-н мянган хүнээр нэмэгдэж, ингэснээр тус улс 2015 онд, түүхэндээ хамгийн их тоотой гадаадын ажилчидтай байсан жил болж байна" хэмээн мэдэгдсэн байна.