Ардчилсан нам доторх эхний шатны сунгаанд Мүн Жэ Ин яллаа
2017.03.28 20:32
Өмнөд Солонгост удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах эхний шатны сунгаанд тус намын даргаар ажиллаж байсан хүн яллаа.
Сөрөг хүчний Ардчилсан нам нь либерал үзэлтнүүдийн нам бөгөөд тус улс дахь хамгийн том нам юм.
Даваа гарагт баруун өмнөд нутгийн Куанжү аймагт болсон эхний шатны сунгаанд Ардчилсан намын дарга асан Мүн Жэ Ин 60 гаруй хувийн саналаар ялсан байна.
Сунгаа явагдахаас өмнө Мүн үг хэлэхдээ “2012 онд ялагдсанаасаа хойш би ерөнхийлөгч болохын төлөөх хоёр дахь ородлогоо хийхэд бэлдсээр ирсэн” гээд “энэ сонгууль Өмнөд Солонгосын төрийн эрхийг авлигачид цаашид барих эсвэл энэ улс орон өөрийгөө бүрэн шинэчлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн байна.
Олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнг үзвэл, Мүн Жэ Ин дэмжигчдийнхээ тоогоор тэргүүлж байна. Нам доторх эхний шатны сунгаанд ялсан нь түүний хувьд ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр сонгогдох магадлал өндөр байгааг харууллаа.
Огцорсон Ерөнхийлөгч Пак Гын Хэг залгамжлах хүнийг өмнөд солонгосчууд энэ оны тавдугаар сарын 9-нд сонгох юм.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцам