2018 онд эдийн засгийн өсөлт нь 3 хувийг давж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж Өмнөд Солонгосын засгийн газар зарлалаа.
Уг зорилтод хүрэхийн тулд 2018 онд инновацийн салбарууд, жижиг стартап компаниудын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа тус улсын сангийн дэд сайд Ли Чан Ву мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын нэг хүнд ноогдох ДНБ 1994 онд анх удаа $10,000-ыг давж байсан бол 2006 онд $20,000 хүрч байжээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт $27,561 байсан гэнэ.
2018 онд эдийн засгийн өсөлтөө 3.2 хувьд хүргэх гэж байгаа нь сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа хоёр жил дараалан 3-аас дээш хувийн өсөлт гаргах үзүүлэлт ажээ.
Хэдийгээр эдийн засаг нь ингэж өсөх ч иргэдийн ажлын цагийг бууруулж, амьдралын чанарыг сайжруулснаар хөдөлмөрийн бүтээмж, хүн амын өсөлтөө дэмжиж ажиллах гэнэ.
Солонгосчууд 2016 онд дунджаар 2,069 цаг ажилласан нь Эдийн Засгийн Хөгжил, Хамтын Ажиллагааны Байгууллагын (OECD) гишүүн орнуудын дотор хоёрт орох өндөр үзүүлэлт байжээ. Харьцуулбал Америкчууд дунджаар 1,783 цаг, Япончууд дунджаар 1,713 цаг ажилласан байна.
Засгийн газар мөн жижиг, дунд компаниудад авсан шинэ ажилтан тутамд хоёр жилийн хугацаанд сар бүр 800,000 воны урамшуулал олгож байх хөтөлбөрөө ирэх онд үргэлжлүүлэхээр болсноо зарлажээ.
орчуулсан Уронгоо