Хоёр Солонгос дайны энхийн гэрээ байгуулах уу?
2018.09.12 14:21
ОХУ, АНУ-ын хүйтэн дайны уршгаар Солонгосын хойг тусгаарлагдаж Хойд болон Өмнөд Солонгос болж хуваагдсан. Үүнээс хоёр улсын Засгийн газар эрх мэдэл, газар нутгийн төлөө иргэний дайн 1950 оны зургаадугаар сарын 25-нд эхэлж 1953 оны долдугаар сарын 27-нд дайны галыг зогсоох гэрээгээр эцэслэсэн билээ. Хоёр Солонгос өдгөө хүртэл дайны энхийн хэлцэл байгуулаагүй юм.
20-р зууны туршид хоёр Солонгосын харилцаа хурц байсан боловч одоогийн нөхцөл байдал өмнөхтэй харьцуулахад энх тайван руу чиглэх төлөвтэй байна.
Он удаан жилийн турш Хойд Солонгос цөмийн зэвсгээр сүрдүүлж, хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг хэмээн шүүмжлэл дагуулж ирсэн. 2011 онд аав Ким Жон Илийн залгамж халааг авсан Ким Жон Ун одоо үеийн дэлхийн улс төрд гол тоглогчдын нэг болсон. Үүний үр дүнд нь Хойд Солонгос дэлхий дахинд аажим аажмаар нээлттэй болж байна. Энэхүү өөрчлөлтөд 2017 оноос АНУ-ын засгийн эрхийг барьж эхэлсэн ерөнхийлөгч Дональд Трамп багагүй үүрэг гүйцэтгэсэн. Олон улсын хэвлэл мэдээлэл, улс төр судлаачид Хойд Солонгосын эерэг хандлагыг сайшааж цаашид Өмнөд Солонгостой дайны энхийн гэрээ байгуулах талаар уриалж байна.
Тэгвэл 2018 онд Хоёр Солонгосын харилцаа идэвхжиж хэд хэдэн уулзалт зохион байгуулагдсан юм.
2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд болсон уулзалтад Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Засгийн газрын томоохон албан тушаалтнуудын хамтаар оролцсон. Уг уулзалтад цөмийн зэвсэггүй болгох хөтөлбөрийн тухай болон хоёр Солонгосын харилцааг сайжруулах сэдвийн хүрээнд болж өнгөрсөн. Энэ уулзалтын үеэр Ким Жон Ун болон Мүн Жэ Ин нар нь цаашдын үйл ажиллагаануудад идэвхтэй хамтарч, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудалд дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ ч тодотгож байв.
Үр дүнд нь хоёр Солонгосын зэвсэггүй бүсэд орших үзэл суртал, ухуулгын зорилгоор хэрэглэдэг чанга яригчдыг татан буулгаж мөн Хойд Солонгос Өмнөд Солонгостой нэг цагийн бүсэд шилжсэн нь хоёр Солонгос нэгдэх үү гэх таамгийг ч олон улсын судлаачдын дунд бий болгосон.
Харин 2018 оны тавдугаар сарын 26-нд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дахин уулзалдаж, Сингапурт болохоор товлогдож байсан Трамп-Ким нарын уулзалтын тухай санал бодлоо хуваалцжээ. Мөн хамтын харилцаагаа өргөжүүлж дайны улмаас салган тусгаарлагдсан гэр бүлүүдэд уулзах завшаан олгосон. Түүнчлэн Хойд Солонгос иргэний дайнд АНУ-ын амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг хүлээлгэн өгсөнд холбогдох эрх баригчид эергээр хүлээн авсан.
Тэгвэл хоёр Солонгосын тэргүүн нар ирэх Есдүгээр сарын 18-20 өдрүүдэд Хойд Солонгосын нийслэл Пеньян хотод болох уулзалтад Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй болгох сэдвийн хүрээнд хэлэлцэхээр төлөвлөөд байна. Өмнөд Солонгосын эрх баригчид Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унаас цөмийн зэвсэггүй болгох тодорхой мөрийн хөтөлбөр гаргаж ерөнхийлөгч Трамптай хамтран ажиллах талаар хүсэмжилжээ.
Олон улсын судлаачдын үзэж байгаагаар өмнөх хоёр уулзалтаас илүү том хүрээнд болохыг таамаглаж байгаа бөгөөд хэрэв хэлэлцээр амжилттай болбол дайны энхийн гэрээ байгуулаах бүрэн бололцоотой хэмээн дүгнээд байна.
Г. МАНДАХ