Солонгос Пак Гын Хэ-г энэ долоо хоногт байцаана
2016.11.14 20:11

СӨҮЛ. /Yonhap/. Дотны найз болон туслахууд нь холбогдсон улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг энэ долоо хоногийн мягмар эсвэл лхагва гарагт байцаахаар төлөвлөж байгаагаа тус улсын прокурорууд мэдэгдлээ.
Түүнийг Хөх ордонд байцаахаар төлөвлөж байгаагаа Ерөнхийлөгчийн тамгын газарт мэдэгдсэн, хариу хүлээж байна гэж прокурорууд хэлэв.
Өмнөд Солонгосын түүхэнд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй хүн прокуроруудад байцаалт өгч байсан тохиолдол гараагүй аж.
Пак Гын Хэгийн найз болох бизнес эрхлэгч Чой Сун Силд энэ долоо хоногийн бямба гарагт прокурорууд яллах дүгнэлт үйлдэх бололтой.
Чой овогт энэ эмэгтэй Өмнөд Солонгост дэгдээд буй улс төрийн дуулиан шуугианы гол эзэн юм. Түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Ерөнхийлөгчийн тамгын газрын тусламжтайгаар байгуулсан хоёр сангийн мөнгөнөөс завшсан гэх хэргүүдэд сэжиглэж байгаа юм. Мөн энэ дуулиан шуугиантай холбоотойгоор Пак Гын Хэгийн туслахаар ажиллаж байсан хоёр хүнийг баривчлаад байгаа билээ.
Өнгөрөгч бямба гарагийн орой Сөүл хотод хэдэн зуун мянган хүн жагсаал хийж, Пакийг огцрохыг шаардсан юм. Үүнтэй холбогдуулан Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “нөхцөл байдал хурцдаж байгааг Ерөнхийлөгч Пак сайн мэдэж байгаа. Улс орны улс төрийн нөхцөл байдлыг хэвийн болгох үүргээ биелүүлэхийн тулд Ерөнхийлөгч шаргуу ажиллаж байна” гэв.
Дээрх дуулиан шуугианыг мөрдөн шалгах ажлын хүрээнд “Hyundai Motor”, “Samsung Electronics” болон бусад томоохон компанийн захирлуудыг байцааж эхэлжээ.
Г.Доржханд