메뉴 건너뛰기


Эхлэх цэг ба кино урлаг

Монголын урлагийн олон авьяастнууд дэлхийд үнэлэгдэж Монгол хүний авьяас билэгийн цар хүрээг дэлхийн энгээр гайхуулж, бахархуулж явна. “Жинхэнэ уран бүтээлч хүн хэзээ ч ухардаггүй. Учир нь тэр ард түмний хүү гэдгээ сайн ойлгодог” хэмээн нэгэн зохиолч  өгүүлсэн байдаг.

Монголын шинэ цагийн кино урлагт өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоороо ялгарч хэн бүхний хүрээгүй оргилд гарсан хүмүүсийн нэг бол жүжигчин Б.Амарсайхан. Нетфликсийн “Марко Поло” цувралын 12 гол дүрд нийт 1500 гаруй жүжигчин өрсөлдсөнөөс тэнцэж Монголын жүжигчид Холливуд руу гарах анхны шанг татсан. Хамгийн гол нь тэр өөрийн карьераас илүүтэй Монголын кино урлаг хэдий жижиг зах зээлтэй ч уран бүтээлчид нь дэлхийн хэмжээний од болох, үндэсний кино урлагаа дэлхийд давхар сурталчлах боломжтой гэдгийг харуулж чадсанаараа бахархууштай.

Төд удалгүй жүжигчин Р.Анхням Францын алдарт найруулагч Жан Жак Анногийн найруулсан “Чонон сүлд” кинонд дүр бүтээсэн.  Уг кино өнгөрсөн онд “Оскар” авах магадлалтай киноны тоонд зүй ёсоор багтаж, Монголын ёс заншил, байгалийн өвөрмөц онцлогийн тухай дэлхийн томоохон хэвлэлүүд хоорондоо уралдан бичиж байлаа. Р.Анхням “Монгол эмэгтэй өөрийн орны ёс заншил, зан үйлийг хэнээр ч заалгадаггүй” гэж хэлсэн нь түүнд уг кинонд тоглосноос илүү нэр хүндийг авчирсан.

worldinmongolia.jpg

Нөгөөтэйгүүр жүжигчдээс гадна дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх кино бүтээсэн С.Бямба найруулагчийг дурдах ёстой. Тэрээр “Алсын удирдлага” киногоороо Бусаны олон улсын кино наадмаас “New Currents” буюу “Шинэ Давалгаа” төрлөөс тэргүүн дээд шагнал хүртэж Австралийн Мельбурн хотноо олон нийтийн хүртээл болгоход хоёр өдрийн хугацаанд нийт 600 орчим хүн үзэж сонирхсон байдаг. Тус кино нь Мюнхен, Шанхай, Терракота, Сиетл, Бельги, Вильнюс, Бусаны кино наадамд тус тус шилдгээр шалгаран оролцсон түүхтэй. Монгол найруулагчийн ур чадвар, сэтгэлгээний онцлог, авьяасыг нь дэлхийн олон орны томоохон кино судлаачид өндрөөр үнэлж Монголын кино урлагт онцгойлон анхаарах болсон юм.

Жүжигчин А.Цэгмид, Ц.Цэрэнболд нар Марко Поло кинонд тоглож, найруулагч З.Батбилэг “Тайгын дуу” баримтат киногоо Нью-Йоркийн кино наадмын үеэр дэлхийн олон орны мэргэлжтнүүдийн хүртээл болгосон. Энэ бүхэн эхлэх цэг байсан. Харин эх орон минь оршин буй цагт үүнд төгсөх цэг гэж үгүй билээ.

Алтан баритонууд

МУГЖ, “Чингисийн одон”-т, дуучин Г.Ариунбаатар Оросын алдарт “Маринский” театрын үндсэн гоцлол дуучнаар ажиллаж байгаа бол залуу гавьяат Э.Амартүвшин саяхан дэлхийн шилдэг театрын нэг Сан Карлод уригдаж Ж.Вердийн “Риголетто” дуурьт дөрвөн удаа дуулахаар боллоо.

Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд тэргүүн байр хүртсэнээр түүний хоолойн цар хүрээнээс гадна дүрийн сэтгэлийн дотоод илэрхийллийг дэлхий даяар шагшин магтах болсон. Таван зууны өмнө Клаудио Монтеверди "Орфей" дуурийг бичсэн нь хөгжмийн урлагт томоохон шинэчлэл бий болгож байсны адил Г.Ариунбаатар дэлхийн дуурийн сонгодогуудын эгнээнд зүй ёсоор алхан орж чадсан нь Монголын урлагт шинэ түүхийн хуудсыг бичиглэн үлдээснээс ялгаагүй зүйл. “Нутгийнхаа Зоргол хайрханд хадаг барьж очоод, хүү нь ирлээ гэж хэлээд уйлдаг”. Тэрээр нэгэн ярилцлагадаа ийнхүү дурдсан байдаг юм. Эх орон, эх нутгаа гэсэн халуун дулаан сэтгэлтэй, хааяа эмэгтэй хүнээс ч уяхан байж мэдэхээр нарийн мэдрэмжтэй ийм л урлагийн тод од дэлхийд гайхагдаж явна.

Э.Амартүвшний хувьд Монголын дуурийн урлагийн түүхэңд анх удаа 2011 онд агуу П.И.Чайковскийн нэрэмжит сонгодог урлагийн “Олимп”-оос медаль хүртсэн гавьяатай. Оросын сонгодог урлагийн томоохон судлаачид “Жинхэнэ баритон, басс хоолой гэж энэ шүү дээ” хэмээн уулга алдсан гэдэг.

Үүн дээр нэмээд Дэлхийн номер нэг “Турандот” гэж үнэлэгддэг, “Метрополитан опера” театрын гоцлол дуучин Эва Мартоны нэрэмжит уралдаанд тэргүүн байр эзэлж, ирэх онд  Унгарын Будапешт хотын театрт дуулахаар болсон Э.Анхбаярыг жишээ татахад хангалттай. Өвгөн анчин бүргэдээ шуун дээрээ суулган хэчнээн бээр давхисан ч гар нь үл цуцдаг гэдэг шиг тэд эх орныхоо сонгодог урлагийг бүргэд шувуу шиг өндөрт өргөсөөр дэлхийн дэвжээнд хэдийн хүрсэн билээ.

Жаазнаас гадуур орших дүрслэх урлаг

Сүүлийн жилүүдэд дэлхийн дүрслэх урлаг асар их өөрчлөлтөд орсон. Контемпорари арт урлаг үүсэн бий болсноор дүрслэх урлаг шинэ төрлөөр цус сэлбэсэн. Энэхүү урсгалаар уран бүтээлээ ид туурвиж яваа залуусын нэг бол зураач Д.Одончимэг. Францын Дүрслэх урлагийн сургуульд суралцаж магистрын дипломоо “шүүгчдын талархал”-тай гардан авсан тэрээр “Нүүдлийн соёл иргэншилгүйгээр Монголчууд өөрсдийгөө төсөөлөхгүй” гэж хэлсэн удаатай. Тиймдээ ч бүтээлүүдээс нь нүүдэлчдийн түүх, монгол хүний логикт үл баригдах задгай сэтгэлгээ ил харагддаг. Д.Одончимэгийн бүтээлүүд дэлхийн томоохон үзэсгэлэнгүүдэд шалгаран оролцдог бөгөөд Парисын алдарт Луврын музейд хэд хэдэн зургууд нь залагдсан буй.

Дэлхийн дүрслэх урлагийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлогч Венецийн биеннальд Монгол Улс анх удаа өөрийн павильоныг албан ёсоор нээсэн түүх саяхных. Т.Үнэн-Энх, Т.Энхболд гэх уран бүтээлчдийн авьяас чадвар, монгол сэтгэлгээний гайхамшгийг долоон сарын турш дэлхийн үзэгчид бахдан биширсэн. Т.Энхболд Венецийн олон нийтийн задгай талбайд өөрийн бүтээсэн гэртэйгээ нүүдэллэсэн үйл хөдлөлийн урлаг нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж олон улсын хэвлэл мэдээллээр нилээдгүй цацагдсан. Тэгээд ч Венецийн биенналийг дэлхийн аль нэг улс орны дүрслэх урлагийн танхимд гаргасан үзэсгэлэнтэй харьцуулшгүй зүйл билээ.

Дэлхийн уран зураачдын бүтээлүүдээс “100 Мона Лиза”-гийн нэгээр шалгарч АНУ-ын алдарт “Goff Books” хэвлэлийн газраас гаргасан  “MONA LISA REIMAGINED" хэмээх номд багтсан зургийн эзэн бол С.Заяасайхан. Түүний “Тал нутгийн Мона Лиза” зураг нь дэлхийд ихээхэн алдартай. Тэрээр Америк, Япон, Австрали, Солонгос, Франц, Канад зэрэг дэлхийн томоохон хотуудад бүтээлээ гаргаж байсан уг зураачийг дэлхийн дүрслэх урлагийн ертөнцөд мэдэхгүй хүн ховор биз гээд хэлчихэд хилсдэхгүй.Түүний бүтээлүүдийг Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэр, Гүүглийн Маркетингийн албаны дарга, Тайвань, Хятад, Францын толгой бизнесмэн болон урлаг судлаачид байнга худалдан авдаг тодорхой баримтууд ч бий. Өнөөгийн даяаршсан нийгмийн их үерт үйж, урсахаар хамгаалах цорын ганц зүйл бол монгол гэсэн хэв маяг. Үүнийг С.Заяасайхан зураач сайн мэддэг.

Монгол зураачдын хамгийн гол онцлог нь жаазнаас гадуур орших сэтгэлгээ юм. Энэ нь ямар нэгэн логик, дэс дараалал, юмсын хэлбэрт үл баригдах эрх чөлөөт задгай сэтгэлгээг эрхэмлэх явдал билээ.

Бүжгэн жүжиг ба Ойрадын биелгээ

Монгол залуу Нью-Йорк хотын сонгодог урлагийн төв театр болох “Бостон балет”-д гол дүр бүтээсэн нь дуурийн урлагийн түүхэн үйл явдал болсон. Д.Алтанхуяг Монголын сонгодог урлаг, тэр дундаа бүжгэн жүжигчдийн авъяас чадварын нэрийн хуудас болж буй нэгэн юм. Анх оюутан ахуйдаа гурван найзтаигаа хамтарч, модерн бүжгийн хамтлаг байгуулан улмаар Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин болсон тэр цаг үеэс эхлэн дэлхийн олон орны сонгодог урлагийн театрт өөрийн дүрийг бүтээж ирсэн түүхтэй. Итали Улсын Милан хотын “Ла Скала” театрт, орчин цагийн балетын урлагийн загалмайлсан эцэг хэмээн үнэлэгддэг Роланд Пүтигийн урилгаар “Pink Floyd” рок балетын гол дүрийг бүтээсэн юм.

Мөн тэрээр дэлхийн шилдэг найман бүжгийн жүжигчний нэгээр тодорч, дэлхийд нэр хүндтэй театрын тайзнаа урилгаар тоглох болсоор олон жилийг үдсэн. Зөвхөн Японы сонгодог урлагийн тоглолтын зарлал дунд Алтанхуягийн оролцсон бүжгийн жүжиг хамгийн их үзэгчтэй, хамгийн үнэтэй тоглолтод тооцогдож буй.  Д.Алтанхуяг дэлхийн балетын урлагийг Ойрадын биелгээний уран нарийн хөдөлгөөнтэй хослуулан, хүний сэтгэлийн өнгийг бүжгийн хөдөлгөөнтэй хослуулж чадснаар  дэлхийн үзэгчдийг бишрүүлж чадсан юм. Түүний урилгаар дэлхийн алдартай сонгодог бүжгийн одод Монголд чуулж байсныг уншигчид мэдэж буй.

Сонгодог бүжигчдийн амжилт дан ганц Д.Алтанхуягаар хязгаарлагдахгүй. Өнгөрсөн онд л гэхэд БНСУ-д болсон  олон улсын балетын “А" зэрэглэлийн 9 дахь удаагийн наадмаас ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож гурван тусгай шагнал, О.Анужин хүрэл цом, тусгай шагнал, залуу бүжигчин О.Хатанбаатар дипломын шагнал хүртсэн нь тэднийг дэлхийн хэмжээний бүжигчин болохыг баталсан явдал билээ. Тэд ч бас Монгол үндэсний бүжгийн хөдөлгөөний төрөл болох бий биелгээг  сонгодог урлагтай хослуулж чадсанаараа дэлхийд гайхагддаг. Бидний дэлхийд танигдах, бусдаас ялгарах онцлог бол үндэсний урлаг. Манай томоохон уран бүтээлчид үүнийг сайтар ухамсарласан, орчин үеийн урлагтай Монголынхоо бүжгийн хөдөлгөөн, ёс заншлыг уялдуулж цоо шинэ урсгалыг дэлхийн сонгодог урлагт бий болгосон юм.

Шинэ түүх бүтээгчид хийгээд урлагт төгсгөл үгүй

Монголын үндэсний хөгжмийн зэмсгүүдийн гайхамшгийг дэлхийд таниулж шинэ түүх бүтээсэн хүмүүсийн эхний эгнээнд хөөмэйч Д.Хосбаяр орно. Тэр хөөмэйг  дэлхийн хөгжим болгож чадсан. Испанийн хатан хааны нэрэмжит “Дэлхийн хөгжмийн хаан” хэмээх нэр хүндтэй шагнал түүнийх.

Цаашилбал “Авьяаслаг Азичууд” шоунд оролцон дэлхийн сая сая үзэгчдэд Монголын сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлж хоёрдугаар байрын шагнал хүртсэн “Хөсөгтөн” хамтлаг ч шинэ түүхийн эзэд. Тус хамтлаг энэ сарын 19-нд Бразилд тоглох гэж байна. 2017 оны эхний аялан тоглолтоо энэ орноос эхлэх бөгөөд үргэлжлүүлэн Пакистан, Канад, Америк, Япон улсад айлчлан, Монгол түмний өв соёлыг сурталчлан таниулахаар болсон нь бахархууштай. Өнгөрсөн онд тус хамтлаг Саудын Араб, Дани, Швед, Швейцарь, Япон, Францаар аялан тоглолт хийж монгол хөгжийн гайхамшиг, ардын дуу хуурыг олон оронд сурталчлан таниулсан гавьяатай. Тэд анх байгуулагдсан ондоо л олон улсын хэмжээний “Хөөмэйн”-н анхдугаар уралдааны гран при, Солонгос улсын Чэжү аралд болсон “Ардын урлагийн гуравдугаар олимп”-д Аккапэлийн төрөлд оролцон алтан медаль хүртсэн байдаг. Дэлхийн аль ч улсын иргэн морин хуурын аялгууг сонсохоороо Монголын уудам тал нутгийн тухай төсөөлж, очиж үзэхийг хүсдэг хэмээн хамтлагийн ахлагч Д.Ариунболд дурсаж байсан удаатай.

Уран нугараач, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Энхцэцэг, АНУ-ын Лас Вегаст тоглогддог “О” шоуны дасгалжуулагч багш Монголын анхны хос нугараачдын нэг, "Монте Карло"-оос  анхны шагналыг эх орондоо авчирсан Ж.Эрдэнэчимэг, Парис хотоос “Тагтаатай нугаралт”-аар мөнгөн медаль Ундармаа, 33 секундын турш биеийнхээ бүх жинг аман дээрээ төвлөрүүлж чадсанаар Гиннесийн номонд бичигдэж, "Авьяаслаг Британчууд" шоунд оролцон олон мянган үзэгчийг алмайруулж, уран нугаралтын гайхамшгийг дэлхийд жинхэнэ утгаар нь таниулж чадсан Л.Оюунгэрэл, тус урлагийг могойн үзүүлбэртэй хослуулан хийдэг О.Цэцэглэн нар мөн л дэлхийд гайхагдсан Монгол авьяасын эзэд.

Мөн энэ цаг дор эх орныхоо авьяастнуудыг тодруулж дэлхийд гаргах зорилготой “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч Б.Шижирбатын үзүүлбэр дэлхийг шуугиулсан билээ. Тус шоунд өвөрмөц, сонин содон авьяастай олон хүмүүс оролцсоноос бүжиг, компьютер графикийг хослуулан, ур чадвараа гайхуулсан Б.Шижирбатын үзүүлбэр “Dr. Sunday Adeljaja” гэх фэйсбүүк хуудаст тавигдаж нийт 38 сая хүн үзэж, дэлхийд хамгийн ихээр алдаршсан “монгол бичлэг” болж хувирсан юм. Энэхүү бичлэгт ирсэн магтаал, сайшаалууд нь монгол хүн гэдгээрээ омогших, огших сэтгэл төрүүлж байсныг нуух юун. Голландын нэрт DJ болох Сэм Фелдт авьяас чадвар нь ундарсан, шинийг эрэлхийлэгч Шижирбатыг үнэлж, албан ёсны фэйсбүүк хуудсаар нь дамжуулан хамтран ажиллах санал хүртэл тавиад амжсан.

Дээрх бүлгүүдэд дурдсан хүн бүхэн өөрсдийн салбартаа шинэчлэл хийж, Монголын урлагийг дэлхий нийтэд таниулж, шинэ түүхийг бүтээж байна. Юм бүхэнд эхлэл хийгээд дуусах цэг гэж байдаг ч урлагт төгсгөл гэж үгүй. Цаашид Монголын урлагийг дэлхийд таниулах олон авьяастан төрөн гарсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.

Б.Алтанхуяг

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 “ШЯЙНИ” ХАМТЛАГИЙН ГИШҮҮН АМИА ХОРЛОЖЭЭ МИX 2017.12.19 598
20 “Нарны үр сад” киноны жүжигчид гэрлэлээ МИX 2017.11.01 551
19 Рэин, Ким Тэ Хи нар гэрлэнэ file МИX 2017.01.17 1546
» Дэлхийд гайхагдсан Монголын авьяастнууд file МИX 2017.01.17 1611
17 Солонгосын реппер Сан Ег Төрийн тэргүүнээ шогложээ МИX 2016.11.28 1507
16 Монгол залуу Холливудын кинонд дүр бүтээлээ МИX 2016.03.24 1755
15 Shilla зочид буудалд хуримаа хийжээ МИX 2016.03.24 2022
14 “Gangnam Style”-ийг 2,5 тэрбум хүн үзжээ МИX 2016.01.21 1751
13 МОНГОЛ ОЮУТАН СОЛОНГОС КИНОНД ДҮР БҮТЭЭЖ БАЙНА МИX 2015.11.12 1654
12 Монгол Солонгосын хамтарсан тоглолт болно МИX 2015.09.25 1693
11 Монгол залуу “Asian best model” боллоо file МИX 2014.11.24 2852
10 "K-Pop world festival" дэлхийн наадамд Б.Очирбат 3-р байр эзэлжээ file МИX 2014.11.08 2785
9 “K-Pop World Festival 2014” -ийн оролцогч Монгол залуу file МИX 2014.10.10 2601
8 Солонгосын рэпер PSY-гийн шинэ клип дахиад л дуулиан тарилаа МИX 2014.06.10 4886
7 И Бён Хон түүх амьдарлаас (Ким Ин Ха) МИX 2014.06.02 5785
6 PSY-гийн клипийг 2 тэрбум удаа үзэж, дээд амжилт тогтоов file МИX 2014.06.02 3154
5 Солонгосын Миранда Керр file МИX 2014.05.30 2628
4 Солонгосын хоёр жүжигчин салжээ 김이박 2014.05.22 4360
3 Солонгосын топ модель, мисс, жүжигчин, дуучин тодотголтой 30 гаруй бүсгүй биеэ үнэлсэн нь тогтоогтов МИX 2014.05.22 2640
2 Загвар өмсөгт Билгүүн Кангнам дүүрэгт амьдарч байна. МИX 2014.05.16 3153