Өмнөд Солонгосын хоёр дахь том агаарын тээвэрлэгч Asiana Airline компанид Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрх олгох болсноо тус улсын засгийн газар өнөөдөр зарлажээ.
Энэ чиглэлд Korean Air компани олон жилийн турш онцгой эрх эдэлж байсан юм.
Улаанбаатарын нислэгийн эрхийг авахаар олон компани өрсөлдсөн байна. Уг өрсөлдөөнд ялагдсан Jeju Air, Eastar Jet компаниудад Сингапурын чиглэлд нислэг үйлдэх эрх олгожээ.
Asiana Airline компани долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр болсон бол Air Busan компани долоо хоногт нэг удаа Бусан-Улаанбаатарын чиглэлд нисэхээр болсон байна.
“Хэрвээ компаниуд зохих бэлтгэлээ хангаж чадвал зуны ачаалал эхлэхээс өмнө буюу гуравдугаар сарын 31 гэхэд үйлчилгээгээ эхлэх боломжтой” гэж Өмнөд Солонгосын Газар, Дэд бүтэц, Тээврийн яамны төлөөлөгч мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap News