Хойд Солонгосын Элчин сайд Малайзаас явлаа
2017.03.08 14:20
КУАЛА-ЛУМПУР. /Kyodo/. Умард Солонгосын Элчин сайд Малайзаас явлаа. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэлтэй холбогдуулан түүнийг Малайзын Засгийн газар улсаасаа хөөсөн юм.
Элчин сайд Кан Чолын суусан нисэх онгоц өчигдөр оройны 6:30 цагт Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрчээ. Уг нисэх онгоц Бээжин хотоор дамжин Умард Солонгосын нийслэл Пхеньян хот руу явсан байна.
Малайзаас явахынхаа өмнө Элчин сайд Кан сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “хоёр улсын хооронд тогтсон 40 жилийн найрсаг харилцааг сэвтээсэн Малайзын засгийн газрын шийдвэрт харамсч байна” гэлээ.
Малайз улс өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Каныг “persona non grata” буюу “тааламжгүй этгээд” гэж зарлан, энэ даваа гарагийн оройн 6:00 цаг гэхэд Малайзаас гарч явахыг шаардсан юм.
Жөн Намын хэргийг Малайз дангаараа мөрдөн шалгаж байгааг Элчин сайд Кан шүүмжлээд “Малайзын Засгийн газарт нуух зүйл байна. Манай улсыг төөрөгдүүлж, хэргийг бидэнд тохохыг оролдож байна” гэсэн юм.
Малайз бол Умард Солонгостой найрсаг харилцаатай цөөн хэдэн улсын нэг юм. Харин Ким Жөн Намын үхлээс хойш тус хоёр улс хоорондын харилцаа ээдрээтэй болжээ.
Малайз улс өнгөрсөн сарын 20-нд Умард Солонгосоос Элчин сайдаа эгүүлэн татсан юм. Мөн өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас умард солонгосчуудыг Малайзад визгүй зорчуулдаг явдлыг зогсоосон билээ.
Умард Солонгосын Элчин сайдыг хөөсөн нь Пхеньянтай дипломат харилцаагаа цаашид үргэлжлүүлэх эсэхийг судалж байгаагийн нэг илрэл юм гэж Малайзын Засгийн газар тайлбарласан байна.
Г.Доржханд