메뉴 건너뛰기


-ГАРААНЫ БИЗНЕС-

“40 гарсан хойно бизнес эхэлнэ гэдэг бага зэрэг хэцүү юм байна лээ. Түрүүлээд эрсдлээ л хараад байдаг. Аливаа бизнесийг эхлэхийн тулд судалгаа, туршилт хамгийн чухал гэдгийг ойлгосон. Туршилтын явцдаа нэг тонн хүрэн манжин эсгэж хаясан хүн шүү дээ” хэмээн ярих энэ эмэгтэйг Б.Туяа гэдэг.

Олон Монголчуудын адилаар амьдралын төлөө БНСУ-г зорьж, багагүй хугацаанд ажилласан тэрбээр өнөөдөр Монголчууддаа эрүүл хүнсний ногоогоор хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүргэхээр зорьж байна.

Хүнсний ногоо бол хүний биед амин дэм нөхдөг хамгийн сайн бүтээгдэхүүн. Гэхдээ бид өдөр бүр хэрэгцээт, олон төрлийн хүнсний ногоог хэрэглэж чадаж байна уу гэдэг асуултын тэмдэг байсаар.

Тэгвэл бид энэ удаагийн ГАРААНЫ БИЗНЕС булангийнхаа зочноор эрүүл мэндийг дэмжих нөлөө бүхий биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг танилцуулж байна. “Ногоодой” брэндийн үүсгэн байгуулагч Б.Туяатай ярилцлаа.

-Нийт хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ. Тус бүрийнх нь ашиг тусын талаар уншигчдад маань тайлбарлахгүй юу?
-Манайх одоогийн байдлаар нийт таван төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Хүрэн манжин, хар сармис, сонгино шилмүүс, цагаан гаа, улаан чавганы ханд гээд органик бэлдмэлийг хэрэглэгчдэд хүргэж байна.

Ашиг тусын талаар тайлбарлахад, ХҮРЭН МАНЖИНг эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн байдаг. Гайхамшигтай анагаах чанар энэ ногоонд бий. Манай улс элэг, цөсний өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл хүрэн манжинг тогтмол хэрэглэснээр элэг цэвэрлэх, цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг цэвэрлэх, даралт тогтворжуулах, тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, ой тогтоолтыг сайжруулах тустай.

Хүрэн манжинг тогтмол хэрэглэснээр элэг цэвэрлэх, цусны эргэлтийг сайжруулж, даралт тогтворжуулах тустай

Харин СОНГИНО бол хальснаасаа эхлээд л тэр чигтээ л бөөн амин дэм. Сонгино судасны цусыг цэвэрлэдэг. Сонгины хальс нь булцуунаасаа илүү ашиг тустай. Тиймээс хальсыг шилмүүстэй хольж шүүс гаргадаг. Гар хөл даарах, харвалт, чихрийн шижин зэргээс сэргийлэх тустай. Сар гаруйн хугацаанд уухад үр дүнгээ өгнө. Сонирхуулахад Солонгост ахмад настай хүмүүс нь хоолны газраар яваад л сонгины хальс цуглуулдаг юм байна лээ. Түүнийгээ хатаагаад бор цай шиг хандлаад уухад бас л дээрх үйлчилгээг үзүүлдэг. Даралт ихэсдэг, зүрх судасны өвчтэй хүмүүсийг бөөрөнхий сонгино хэрэглэхийг зөвлөдөг юм байна лээ.

ХАР САРМИСНЫ ХАНДыг охинтойгоо ярилцаад өмнө нь ажиллаж байсан туршлага дээрээ үндэслээд гаргаж авсан. Үйлдвэрт ажилладаг байсан учраас илүү дөхөм байсан. Хар сармис тэр чигтээ дархлааг дэмждэг. Хөгшрөлтийг энгийн сармиснаас 30 хувиар илүү бууруулна. Сармис 90 хоногийн дараа үйлдвэрлэх хэмжээнд хүрдэг. Тусгай зууханд ууршуулсаар хусны нүүрс шиг болчихдог. Дархлааг маш сайн дэмждэг бүтээгдэхүүн. Хавдраас сэргийлээд зогсохгүй цус шингэрүүлж, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулан, цусан дахь холестеринийг тогтвортой хэмжээнд барьдаг гэж үздэг.

ЦАГААН ГАА, УЛААН ЧАВГАНЫ ХАНДыг хавар, намрын улиралд хэрэглэхэд их тохиромжтой. Дархлаа сэргээх, нойр хулжих, ханиад хүрэх гээд бие тавгүйрхэх үед маш сайн үр дүнтэй.

Сонгины хальс нь булцуунаасаа илүү ашиг тустай

Хүний өдөрт хүнсний ногооноос авах ёстой амин дэмийг нөхөх үүднээс БАЙЦАЙ, ЛУУВАН, ЦЭЦЭГТ БАЙЦАЙНЫ ШҮҮСийг үйлдвэрлэхээр болсон. Хүмүүс өглөө бүр цэвэр ногооны шүүс ууя гээд л их сүрхий эхэлдэг шүү дээ. Нэг холигч, шүүс шахагч олж аваад л сүрхий хэд хоног ашиглаж байгаад л мартагдчихдаг. Тийм туршлага ч надад байсан учраас тэр үйлдвэрт ажиллаж байхдаа л Монголд очоод энэ төрлийн л нэг юм хийе гэж бодож байсан нь энэ байгаа юм.

-Жил гаруйн хугацаанд туршилт хийсний үр дүнд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулсан гэж байсан. “Ногоодой” брэндийг гаргах болсон эхлэлийнхээ талаар сонирхуулаач.
-Би Солонгост энэ чиглэлийн үйлдвэрт ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Гадаадад ажиллаж байгаад ирсэн Монголчууд аль болох сурсан зүйлээ энд ирээд хэрэгжүүлэх, ажил болгочих гээд л үздэг л дээ. Дээр нь миний нас ч ажил хайгаад, орох боломжгүй шахуу талдаа болчихсон байсан. Тиймээс тэнд суралцаад ирсэн туршлагаа хэрэгжүүлээд, өөртөө ажлын байр бий болгоё гэсэн үүднээс бизнесээ эхэлсэн.

Дээрээс нь охин маань ч биотехнологийн чиглэлээр АНУ-ын Массачусетсийн их сургуульд суралцаж байгаа учраас ирээд хийх зүйлтэй байлгая гэж бодсон. Энэ хоёр л өнөөдөр бизнесээ эхлүүлэх нийлэмж нь болсон доо.

Жил гаруйн хугацаанд судалгаа, туршилт хийсний үр дүнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхлэлээ тавьсан. Энэ оны дөрөвдүгээр сараас үйлдвэрээ ажиллуулж, зургадугаар сард бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан.

-Нэлээд хэдэн тоног төхөөрөмжтэй юм байна. Түүнээс гадна түүхий эд, сав баглаа боодол гээд чамгүй зардал гарсан байх. Эхлэл хөрөнгөө хэрхэн босгов.
-Цэвэр хурааж хуримтлуулсан зүйлээрээ үйл ажиллагаагаа эхэлсэн. Сав баглаа боодлоо хийлгэхдээ бага зэрэг зээл авсан. Жилийн хугацаанд чамгүй олон зүйл болсон. Ажлын байр олдохгүй, тэр хугацаандаа гэртээ туршилтуудаа хийгээд л... Бие даагаад юм хийнэ гэдэг өөр юм билээ. Солонгост байхад болоод байдаг байсан юм чинь ирсэн чинь арай өөр болоод л. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоонд хамрагдсанаар тэндээс маш олон зүйлийг сурч авсан.

-Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэх санаа байгаа юу?
-Манай бүтээгдэхүүнүүд монгол орны хөрсөнд ургасан, органик бүтээгдэхүүн. Гарал үүслийн тухайд гэвэл химийн бордоо ашигладаггүй газраас авахыг хичээдэг. Эхний ээлжинд бүтээгдэхүүнээ илүү сайжруулъя гэж бодож байна. Хүмүүсээс ирж буй саналыг бас тусгахыг хичээж байна. Манай улаан чавганы хандны түүхий эд гэхэд л импортынх шүү дээ. Тэгэхээр тэрийгээ бас дурдаж, гарал үүслийг нь тодорхой бичих нь зөв юм байна гэж бодсон. Хүнсний ногоогоо бол эх орныхоо хөрсөнд ургасан гарал үүсэл нь тодорхой учраас бичдэг юм. Энэ мэтчилэн эхлээд сайжруулалтын ажлуудыг хийнэ. Харин цаашид хүрэн манжингийн чипс хийх санаа байна. Хүрэн манжин олон талын ач тустай учраас үүнийг хийхээр нэлээд сонирхож байна.

-Танай бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авах боломжтой вэ. Бас үнийн талаар уншигчид маань сонирхож байгаа болов уу?
-Гацууртын нэрийн барааны дэлгүүрүүд, Тэнгэр плаза, Зайсангийн Сарнайхаар худалдаалж байна. Мөн 50 мянган төгрөгөөс дээш худалдан авалтад хүргэлт хийдэг. Хүрэн манжин, сонгино шилмүүсний ханд 100 мг-тай нэг пакет нь 1000 төгрөг, бусад нь 1200 төгрөгөөр худалдаалдаг. 10 болон 25 ширхэгийн хайрцагтайгаар нь ч авч болно.

Дөнгөж эхэлж буй гарааны бизнесүүдэд нэг хүндрэлтэй нь НӨАТ төлөгч биш учраас сүлжээ дэлгүүрүүд бүтээгдэхүүнийг нь авахгүй байх талдаа их. НӨАТ төлөгчийнхөө болзлоо хангасны дараа л борлуулах цэгийнхээ тоог нэмнэ дээ.

-Манай Гарааны бизнес булан шинээр бизнес эрхэлж буй хүмүүсийг уншигчдад танилцуулахаас гадна бизнесээ эхлэх гэж байгаа хүмүүст сургамж, туршлага хуваалцах зорилготой. Таны хувьд жил гаруйн хугацаанд бодсон, туршсан санаагаа хэрэгжүүлээд эхэлчихсэн. Тиймээс зөвлөгөө өгөөч гэвэл?
-Эхлээд хамгийн чухал нь туршилт хийх ёстой юм байна гэж би боддог юм. Санаанд чинь багтаж байвал алдсан ч хамаагүй хий л гэж хэлнэ. Хүн 40 гараад ирэхээр зориг муутай болдог юм шиг. Хийх үү яах уу гээд л их удаан эргэлзсэн л дээ. Хамаг юмаа тавиад туучихдаг юм болов уу гээд л айгаад л. Тухайн үед охин маань л их зоригжуулсан. Эрсдэл гарахгүй байна гэж байхгүй учраас зоригтой эхэл л гэж хэлнэ дээ. Туршилт хийх жилийн хугацаандаа л гэхэд би нэг тонн хүрэн манжин эсгээд л хаяж байсан. Угаасаа л олон янзаар хийж үзэж, туршиж байсан учраас эрсдэл, алдагдал гарч л таараа. Судалгаа, туршилт л хамгийн чухал. Байгаа зүйлээ л зуун хувь ашиглах хэрэгтэй. Үйлдвэр гэхээр л том том тоног төхөөрөмж аваад л бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чаддаггүй. Тэгээд л өр зээлэнд орчих гээд байдаг. Энэ тал дээр бол жижигхэн ч гэсэн байгаа зүйлээ тултал нь, зуун хувь ашиглаарай л гэж хэлэх байна даа.

-Цаашдын зорилгынхоо талаар хуваалцвал?
-Биологийн нэмэлт бүтээгдэхүүний хувьд манай улсад 96 хувь нь импортоор орж ирдэг. Дөрөвхөн хувийг нь бид өөрсдөө үйлдвэрлэдэг. Тиймээс энэ тоог нэмэхийг зорьж байна. Хүнсний ногооны хувьд олон аж ахуйн нэгж, иргэд тариалж байгаа учраас би тэр тал дээр санаа тавих хэрэггүй болов уу гэж боддог. Хүрэн манжин, лууван, байцайг бол олон жил тариалан эрхэлчихсэн хүмүүсээс илүү тарина гэж байхгүй шүү дээ. Ногоогоо одоогийн байдлаар Гацууртаас авдаг. Химийн бордоогүй, тариаланчдын бүтээгдэхүүнийг авах сонирхолтой байна. Нэг нэгнийгээ дэмжсэн Монголд хийсэн, бүтээсэн зүйлсийг л ашиглая гэж боддог. Харин цагаан гааны хувьд Монголдоо тарьж ургуулах төлөвлөгөө бий. Ядаж нэг зүйлээ ч гэсэн өөрөө хийвэл гээд бодоод л байна.

Энгийнээр хэлбэл дэлгүүр бүрт “Бакус” байдаг шиг манай Монголын бүтээгдэхүүн ч мөн адил байгаасай гэж хүсдэг. Миний хувьд “Монголд үйлдвэрлэв” гэж бахархалтай хэлэх боломжийг олгосон өмнөх үеийн бизнес эрхлэгчдэд талархдаг. Би одоо хэцүү байна гэж байхад 90-ээд оны үед ямар байсан бол гэж боддог юм. Манайхан чинь сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, тэгвэл л ажилтай орлоготой байна гэдэг болчхож. Тэр ч утгаараа юм уу хүмүүс их дэмждэг. Улам сайн хийгээрэй, чанараа битгий алдаарай гээд л урам их хайрлана аа. Тийм учраас одоо хийж буй бүтээгдэхүүнээ илүү сайжруулахын төлөө ажиллана.

Та “Ногоодой” брэндтэй 96003343 дугаарын утсаар холбогдох боломжтой. Мөн та GoGo мэдээний агентлагын Гарааны бизнес буланд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахыг хүсвэл news@mongolcontent.mn хаягаар холбоо бариарай.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
25 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг] file МИX 2018.10.02 106
24 Монгол, солонгос хэлэнд шинэ үг нэмэгдэж байна file МИX 2018.08.07 261
23 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file МИX 2018.02.05 679
» Солонгост сурсан зүйлээ ажил болгоё гэж “Ногоодой” брэндийг санаачилсан МИX 2017.09.08 1551
21 2017 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай file МИX 2017.02.03 2356
20 КЛИНТОНУУДЫН МӨНГӨ МИX 2016.11.23 2925
19 Солонгосын ШИЛДЭГ 10 их сургууль file МИX 2016.11.23 12193
18 “Facebook” бага ашиглавал сэтгэл санаа өөдрөг байна МИX 2016.11.10 2928
17 Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? МИX 2016.09.16 1630
16 Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна МИX 2016.06.02 1537
15 ‎Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ file МИX 2016.05.02 1251
14 GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА МИX 2016.04.11 1640
13 "Google books” эрдэнэсийн сан МИX 2016.03.29 1281
12 Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө МИX 2015.10.20 1813
11 СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИ МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ МИX 2015.10.20 1714
10 Европын хамгийн шилдэг 15 сургууль МИX 2015.09.25 1589
9 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана МИX 2015.09.25 1567
8 Солонгос улсын зуун сурагч тутмын хоёр нь хосолмол соёлт гэр бүлийн хүүхэд байна МИX 2015.09.03 1776
7 Оросын шинэ хуулийг Google дагаж, Facebook сөрөв МИX 2015.09.02 1539
6 Facebook хэрэглэгчийн тоо 1 тэрбум 490 сая боллоо МИX 2015.07.31 1706