Солонгос улсад метронд суугаад хаа л бол хаа хүрч болох амар унаа гэдэгтэй хүн бүр санаа нийлэх байхаа. Сууж үзээгүй ч хүн бараг байхгүй байх. Тэгвэл өнөөдөр миний бэлдсэн бяцхан зөвлөгөөг уншиж, мэддэг мэдээлэл байвал мэдэхгүй нэгэндээ дамжуулж өгнө үү.
Нэг удаагийн карт
Нэр шигээ нэг удаа метронд зорчих боломжтой карт бөгөөд хүрэх газраа хүрээд доор зурган дээр байгаа машинд эргүүлэн хийснээр та 500вон (картны барьцаа) эргүүлэн авах боломжтой. T-money (цэнэглэдэг карт) аваагүй, түр ирсэн хүмүүс ихэвчлэн хэрэглэдэг. Та энэ картыг хэрэглэх бол очих газраа буумагцаа картаа эргүүлэн хийж 500 воноо аваарай. Хүмүүс цүнхэндээ авч явж байгаад дараагийн карттай андуурагддаг тул хэрэглээд дууссан л бол машинд эргүүлэн хийгээрэй.
Хугацаат тасалбар
30 хоногт 60 удаа хэрэглэх боломжтой. T-money-ноос 20.000 вон хэмнэх боломжтой. Гэхдээ энэ карт нь хэд хэдэн хатуу нөхцөлтэй. 30 хоног хэтэрвэл үлдэгдэл байсан ч хэрэглэх боломжгүй мөн автобусанд үйлчлэхгүй. Өдөр бүр зөвхөн метрогоор зорчдог хүмүүст ашигтай. Картыг метроны буудлын оффисоос 2500 воноор худалдан авч цэнэглүүлнэ.
T-money
Метро, автобус, такси гээд олон тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжтой энэ картыг 24 цагийн дэлгүүр, министоп гээд хаанаас ч хялбархан авч болно. Метроны буудал дотор цэнэглэдэг машинд цэнэглэх, эсвэл 24 цагийн дэлгүүр, министопд цэнэглүүлэх боломжтой. Доор зурган дээр байгаа лого байгаа газруудад цэнэглэнэ.
T-money өөр юунд хэрэглэж болох вэ?
Би анх Солонгост картны дугаартай байхдаа карт дуусаад утсаар ярих хэрэг гарвал T-money-гоороо гудамжны утаснаас ярьдаг байсан. Бас сургуульдаа явах замдаа T-money-гоор 24 цагийн дэлгүүрээс талх, сүү авчдаг байсан. Ийм л ид шидтэй картдаа.
Хүүхдийн T-money карт
6-12 нас, 13-18 нас гэсэн 2 ангилалтай бөгөөд гадаад иргэний бүртгэл хийлгээгүй түр оршин суугч болон жуулчдын хүүхдүүдэд ч энэ карт үйлчилнэ. Картыг T-money зардаг цэгүүд дээр хамт зардаг бөгөөд төрсөн он, сар, өдрийг тэмдэглүүлээд авах боломжтой.
Хаалганы өмнө байдаг дугаарын учир
Та нэг шугамнаас өөр шугамруу дамжих бол метроны зурагнаас хэдийн хэдээс суувал дамжихдаа хамгийн ойр, богино замаар очих боломжтойг заасан байгаа.
Жишээ нь: 2-р шугамнаас 6р шугамруу Шиндан ёогоос дамжихад 1.1 дугаартай хаалганаас суувал дамжихад ойр гэсэн тэмдэглэгээ юм. Бас метронд шууд уулзахаар болсон бол суусан хаалганыхаа дугаарыг уулзах хүндээ хэлчээрэй. Настай хүмүүсийн хувьд буунгуут лифт байдаг хаалганы дугаарыг бас мэдээд авхад хэрэгтэй.
Дамжих хөнгөлөлт
Өглөө 07.00-21.00 цаг хүртэл 30 минутанд, 21.00-07.00 цаг хүртэл 1 цаг хүртэлх хугацаанд өдөрт 4 удаа хөнгөлөлт авах боломжтой. Хөнгөлөлт авахгүй тохиолдол нь нэг чиглэлийн унаанд дамжих (273 дугаарын автобуснаас буугаад эргээд 273 дугаарын автобусанд суух), метроноос буугаад эргээд метронд суух, анхныхаа суусан тээврийн хэрэгслээс буухдаа картаа уншуулахгүй буусан (автобуснаас буухдаа картаа уншуулахгүй метронд дамжин суух) гэх мэт тохиолдлууд орно.
Метронд эд зүйлсээ хаях
Би нэг удаа метронд зүүрмэглэж явж байгаад нэг сэрсэн чинь манай гэрийн буудал дээр ирцэн, хаалга онгойцон байхаар нь сандарч буугаад дотроо ямар азаар сэрвээ ухааны юм бодоод шатаар өгсөх тэр мөчид авч явсан ачаагаа орхиод бууснаа санасан даа. Над шиг байдалд орохгүй ч хэзээ нэг өдөр метронд эд зүйлсээ орхичихвол буусан буудлынхаа гээсэн, олсон эд зүйлсийн төвд (бүх метроны буудал дээр байгаа) очоод зорчсон чиглэлээ хэлэхэд таны эд зүйлийг төвөггүй олоод өгнө.
Өглөө 6 цагаас өмнө 20% хямдрал
Хэрэв та өглөө эрт явдаг ажилтай бол өглөөний 6 цагаас өмнө картаа уншуулсан тохиолдолд энгийн тарифнаас 20% хөнгөлөлт эдлэх боломжтой.
Туслах хаалганы хонх
Буруу талруу суусан, эсвэл хэтрүүлээд явсан, картаа дараад гарч, орж амжаагүй, яаралтай ариун цэврийн өрөө орох хэрэг гарах үед яах вэ гэж үү? Санаа зоволтгүй ээ. Туслах хаалганы хонхыг дараад ажилтанд учраа хэлэхэд таньд хаалга онгойлгож өгнө.
Чиглэлээ сайн харж суух
Анх сууж байгаа хүмүүс чиглэлээ андуурч суух тохиолдол их байдаг. Метрондоо суухаасаа өмнө явах чиглэл мөн эсэхээ сайн хараарай.
Хаалга онгойх тал
Солонгост ажил эхлэх, тарах үеэр метроны ачаалал эрс ихэсдэг шүү дээ. Энэ үед буух хаалгатайгаа ойр зогсохгүй бол буух буудал дээрээ бууж чадахгүй үе гардаг. Тэгвэл метроны дотор байдаг энэ зурагны шар, цагаан өнгө нь аль талын хаалга онгойхыг илэрхийлдэг.
1 цэгээс 2 өөр тийш явдаг метро
Аз болж ийм чиглэл олон байхгүй. 1р шугамын метро нэг тавцнаас Инчон, Сувонруу явах 2 метро ирдэг. Энэ метро Гүрү ёогоос шугам нь салдаг. Би Инчонд амьдардаг байхдаа энэ метронд хэд хэд анзаарахгүй суугаад Сувонруу явж байсан удаатай. Ирж байгаа метро зарладаг самбар дээрээс Инчон явах нь уу? Сувон явах нь уу? гэдгийг сайн харж суугаарай.
Буудал алгасаж явдаг метро буюу 급행
Энэ метро сайн муу 2 талтай. Буудал алгасаж явах хэрэггүй хүн мэдэхгүй суучихвал таны буух буудал дээр зогсохгүй өнгөрөөд явчихна. Харин хол замыг хурдан туулах сонирхолтой хүнд ашигтай. Энэ метро чиглэлийнхээ ард талд 급행 гэж улаанаар бичсэн байгаа. Хамгийн ойр ойрхон явдаг чиглэл нь 1р шугам буюу тод хөх шугам байгаа.
эx сурвалж : http://www.solongoscafe.com/166