메뉴 건너뛰기


Сайхан Монгол Хүн

2015.10.20 16:02

МИX Уншсан:2400



Нийтлэлээ ингэж нэрлэх болсны учир нь нэлээн хэдэн жилийн өмнө байх “Муухай монгол хүн” гээд нэг ном ч билүү гараад тэр номд “муухай монгол хүн”, “муухай монгол занг” ширүүхэн авч хэлэлцдэг байсан санагдаад өнөөдөр улам бүр бүдгэрэн гээгдэж буй сайхан монгол хүний ясны зан чанар, зан заншлыг сөхөж бичмээр санагдав. Энэхүү бяцхан нийтлэлээ тэрлээд сууж байхад яагаад ч юм намайг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн эцэг эх минь бас эмэг эх маань нүдэнд харагдаад болдоггүй. Тэд маань намайг монгол хүний сайхан гэсэн чанар болгоныг өвлүүлэх гэж хичээсэн болохоор тэр биз ээ.

Би монгол хүний эх хэлээ төгс төгөлдөр эзэмшсэн тансаг яруу хэлээр харилцдаг зан харилцааны баялаг арвин соёлоор юу юунаас илүү бахархдаг. Тэр дундаа зүйр цэцэн үгийг үр хүүхэддээ өвлүүлдэг монгол хүний цэцэн цэлмэг чанарыг бишрэн шүтэж явдаг. Мөн Монгол хүмүүс “Амны билгээс ашдын билэг” гэж үр хүүхдээ сургадаг. Билэггүй муу ёр зөгнөсөн үг хэлэх тун дургүй. Энэ нь цаанаа их учиртай юм. Дандаа сайн сайхан зүйл ярьж хэвших нь хүний сэтгэл санааг төдий чинээ сайн сайхан зүйлд уриалан дууддаг гэж боддог. Тийм ч учраас сайхан зүйл мөрөөдөж хийх бүтээх гэж тэмүүлсэн хүн амжилтад хүрдэг. Хүн бүр заавал амжилтанд хүрэх албагүй ч сайхан бодол сэтгэлдээ тээж явдаг хүний ядаж л дотор сэтгэл амар амгалан өөрөө өөртөө жаргалтай тайван амьдардаг. Бидний өвөг дээдэс шиг харц ард ч байна уу, баян хөрөнгөтэй ч байна уу бүгд ялгаагүй зөв ярьдаг, хараалын үг хэрэглэдэггүй соёлтой ард түмэн би л лав тийм ч олныг мэдэхгүй.  Эртний Англид анги давхаргаас, хүний язгуур угсаанаас хамаарч хэл яриа нь жирийн харц ардын хэл яриа, язгууртны буюу боловсролтой бүлгийн хэл яриа нь хоорондоо өөр байсан, одоо ч тийм байгаа. Бидний хэлийг нь багагүй сурч мэдсэн оросууд сонсохоос жигшим ямар их хараал хэлж ярилцдаг билээ. Гэтэл ухаант өвөг дээдэс минь бүгд л тогтуун сайхан уран тансаг хэлээр хөөрөлддөг байсан. Би үүнийг монголчууд бид бахархахгүй байх учиргүй нэг сайхан соёл гэж боддог.

Монгол хүний сэтгэлийн хат тэвчээрийн үлгэрлэл болсон хөдөөгийн малчин эгэл жирийн хүмүүсээр би бахархдаг. Байгалын хатуу ширүүн, гангийн халуун нар, өвлийн хүйтэн жаврыг ажралгүй давах чадвар монгол хүнд л заяасан байдаг. Бидний өвөг дээдэс олон зуун жилээр хатуу ширүүн цаг уурыг ялж дийлж ирсэн. Ингэхдээ байгаль эхээ гомдоож хатуурхах биш харин түүнтэйгээ гайхалтай сайхнаар зохицон амьдарсаар энэ сайхан цэлмэг уудам нутгийг өнөөгийн бидэнд өвлүүлж үлдээсэн. Урсгал ус руу бохир муухай зүйл хийдэггүй, газар сэндийлж хэрэггүй ухдаггүй, нүүдэл суудал хийхдээ хот бууриа цэмбийтэл цэвэрлэдэг байгальдаа элэг зүрхээрээ хайртай монгол хүний зан заншил гайхамшигтай.

Аливаа зүйлд аядуу тайван ханддаг уужим ухаант монгол хүнд би хайртай. Аливаа юмны уг үндсийг ойлгохоос нааш буруу дутуу ойлгож уурлаж ундууцаж суудаг зан бол налгар сайхан хөгшчүүлийн минь зан лав биш. Хахир хатуу цаг агаарт тэсвэр тэвчээртэй өссөн монголчууд алив нэгэн хэрэг явдалд бачимдан сандарч барьц алдах нь цөөн байсан. Тэртээ алдартай мичин жилийн зуднаар хэдэн зуугаар нь мал, хөрөнгөө алдаж ганц саалийн үнээтэй үлдсэн ч малын буян дэлгэрэг, буянт мал минь уг үндэс нь тасраагүй бол гэж тэнгэр хангайдаа залбирч явсан хатан тэвчээрт ард түмний үр сад билээ. 

“За гэвэл ёогүй” гэж ярьдаг шиг бусдад амласан бол амласандаа хүрдэг сайхан монгол занд би дуртай. Өөрт нь итгэсэн хүний итгэлийг алдахгүй байх хүний мөс чанартай монголчууд минь өдрөөс өдөрт цөөрсөөр байх шиг. Зөвхөн өөрөө л болж байвал бусдын итгэлийг алдахыг тэр ч бүү хэл бусдад хор хүргэхийг ч юман чинээ бодохгүй залуус улам л олширсоор байна.

Даруу төлөв монгол занд би хамгаас их дуртай. Бидний багад сагсуу онгироо хөөргөн нэгнийг нугасны дэмээр тэнгэр нисээд хөөрч сагсуурсандаа тэсэлгүй орилон хашгирах гээд газар унадаг намгийн мэлхийтэй зүйрлэж шоолон ярилцаж сургадаг байлаа. Бага ярьж их хийдэг хөдөлмөрч даруу ард түмний үр сад билээ бид. Эрдэмт хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэг шиг их зүйл хийсэн ч даруу төлөв байж өөрийгөө улам бүр хөгжүүлж амьдралд бүтээлч хандсан хүн үр дүнд хүрдэг. Хийсэн бүтээсэн зүйлээ “би хийсэн, би хийсэн” гэж цээж дэлдэн орилохгүй ч олон түмэн нүдтэй чихтэй аяндаа тийм хүнийг хүндэтгэн тойрон хүрээлдэг. Нутаг усандаа ажил үйлсээрээ хүндлэгдсэн амьдралын ноён нуруутай даруу төлөв монголчууд бидний үе үеийн бахархал байсан байсаар ч байгаасай гэж би хүсч явдаг. 

Бусдаас үг сонсдог ухаалаг монгол занд би дуртай. Ажаад байхад хүлээцтэй даруу байх өөрт хэрэгтэй ч шүүмж хэлсэн нэгний үгийг шүүн тунгааж өөрт хэрэгтэйг авч үлддэг, амьдралдаа сургамж болгодог ухаалаг зан улам бүр бага болж өчүүхэн төдий үг хэлсэн хүнийг эсэргүүцэн тэмцэлдэх нь олширчээ. Үнэн үг хэдий хатуу ч явдалд тустай. Бусдын шүүмжлэлд хэт эмзэглэн сэтгэлээр унах хямрах өөрт л муугаар тусдаг. Хэн нэгний хэлсэн шүүмжийг заавал буруу талаас нь харж гутарч гомдоллож суух биш эерэгээр хүлээн авч дотроо тунгааж үзвэл ямар нэгэн байдлаар буруу үйлээ засахад хэрэг болох зүйл байж л байдаг. 
  
Настан буурлуудаа хүндэтгэн дээдэлдэг, хүч буурай нэгнийг өргөн асардаг өгөөмөр сайхан монгол занд би бүр ч хайртай. Хөгшид, хүүхэд, эмэгтэйчүүдээ хүндэтгэн дээдэлж ирсэн сайхан уламжлал бидэнд байдаг. Өвчтэй зовлонд унасан нэгнийг энэрэн хайрлах өр нимгэн сэтгэлтэй монголчууд бид. Бусдын жаргалыг хуваалзахаас илүү бусдын зовлонг ойлгож хуваалцдаг хүний буян заяа дэлгэрч, үр хойч нь жаргаж, ажил үйлс нь бүтдэг тухай олон сайхан үлгэр туульсаар үр ачаа хүмүүжүүлсээр ирсэн хүнлэг ариун сэтгэл монголчууд биднийх. 

Энэ мэтээр дурьдаад байвал Сайхан монгол хүний олон сайхан зан чанар, заншил соёл бидэнд бий. “Би Монгол хүн” гэж сайхан гоё монгол дээл өмсөж цээжээ дэлдэж хэрүүл хараал хийж явах биш монгол хүний зан төлвийг өөртөө төлөвшүүлсэн хүнийг л жинхэнэ монгол хүн эх орондоо хайртай эх оронч гэж нэрлүүштэй. Монголчууд бид өвөг дээдсийн өвлөн дээдлүүлсэн эдгээр зан араншингаа өдөр ирэх бүр гээсээр байгаа нь өнөөгийн бидний олон олон зовлонгийн эх болчихоод байгаа юм. Энэ язгуурын сайхан чанаруудаа улам бүр өнгө оруулан гялалзуулж үр хүүхдээ хүмүүжүүлвэл бид хөгжилтэй жаргалтай гээд байгаа орнуудын жишигт хүрэх цаг ойрхон байхсан гэж би бодном.

Б.Эрхэмбаяр
2015 оны 10 дугаар сарын 7

http://www.erkhembayar.mn/2015/10/saihan-mongol-hun.html
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Сар шинэ болохоос өмнө заавал хийх естой 12 зүйл. file МИX 2017.02.23 4981
22 С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.24 8311
21 Цагийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.23 3308
20 Зөн совингийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 9098
19 Зүүдний бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 3344
18 Дохио зангааны бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 2391
17 Дүрсийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 14612
16 Та гэртээ дараах зүйлсийг бүү хадгалаарай МИX 2017.01.17 1574
15 Зүг чигийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.17 2298
14 Монголчуудын өнгийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 5581
13 Монголчуудын тооны бэлэгдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 11094
12 Монгол овог, ястан үндэстэн Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 7636
11 С. Дулам Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 10615
10 Бэр гуйх Монгол ёс заншил МИX 2015.11.06 8916
9 Цайны дээжээ ёс журмаар нь өргөөрэй, эзэгтэй нар аа МИX 2015.10.20 6801
8 Залуу насаа удаан хадгалъя гэвэл хөгшрөх завгүй л бай МИX 2015.10.20 2156
» Сайхан Монгол Хүн МИX 2015.10.20 2400
6 Үс унадаг 10 шалтгаан МИX 2015.09.25 2172
5 АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮС ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГААС ӨМНӨ ЮУ ХИЙДЭГ ВЭ МИX 2015.02.05 2607
4 зурхай 12 ордын амьдралд баримтлах ёстой зарчим МИX 2014.12.19 7043