메뉴 건너뛰기


Цагийн бэлгэдэл зүй

    Монгол угсаатаны цаг хугацааны их, бага янз бүрийн мөчлөг, хугацал болгоныг учиргүй биш учиртай болгон түүнийгээ утга соёлын олон салбарт шингээн уусгаж, зүйл зүйлийн аргаар илэрхийлж ирсэн байна. Эдгээрээс, хамгийн давтамж төгөлдөр илэрхийлсний нэг нь үлгэр, домог, туульсын эхэнд гардаг “домгийн цаг” болно. Энэ цаг “тэг хэлбэрт” далд байхаас эхлээд “эрт урьдын нэгэн цагт” хэмээх ерийн товч хэлбэр, “эрт урьд л экэн түрүүн сэрүүн дээр үед” хэмээх (урианхай туулийн) “төр төвхнөх цаг” буюу соёл суртал, зан заншил үүссэн цаг, тогтоон томъёолохуйяа бэрх алс эрт цаг болох “элэр баларын үе”, хүн амьтан мөнх насыг насалж байсан “энх мөнхийн үе”, тэр цагт аж төрж агсан хүмүүсийн үе буюу “элэнц хуланцын үе” гэхчлэн олон зүйлийн хувирал хувилбартай билээ. Эдгээрээс хамгийн төгс дэлгэр цаг нь ертөнцийн үүсэл туурвилын цаг буюу анхны юм үзэгдлийн багаас ихэсч, жижгээс томссон цаг, эмхгүйгээс эмхтэйд шилжсэн цаг, бас ертөнцийн төгсгөлийн цаг зэрэг болно.
    Нэгэн өдрийн доторх цагийн хугацлыг аваад үзвэл үлгэр, домог, туулийн баатруудын зовлонгоос хагацах, хагацуулах, нэрвэгдэхийн учрыг мэдүүлдэг, эсвэл үүрд дахин уулзахгүйгээр заагладаг “Үүр шөнийн хагацал”, шинэ сониныг өрсөн олж эзэмдэх, шинэ сонин зүйлтэй учран золгох “Наран ургахын урьд цаг”, аж  амьдрал хувь заяаны нэгэн шинэ эргэл хөрвөл гарах, шинэ ирээдүй эхлэх цаг буюу нарны гэрлээр гэрч хийж, өрсөлдөн тулалдах “наран мандах цаг”, өдрийн алив нэг шинэ сонин хэрэг эхлэх, өрнөх цаг буюу “Өглөөний нар дээр хөөрөх цаг”, үлгэр туульсын баатдын аян явдалдаа мордох, буух, товлох цаг буюу “Гал үдийн цаг”, хорчин торгуудын хишигт орох цаг буюу “Үд хэлбийх цаг”, хэвтүүл хишигт орох цаг буюу “Наран шингэхийн урьд цаг”, элдэв хий биетэн, хийсгэлэн дүртний хөдлөх, хөрвөх, гүйх, дамжих, ирэх буух цаг буюу “Үдшийн харуй бүрийн цаг”, дайн дайсан, элдэв адбишийн хүчин нөхцөн хорлох цаг буюу “Шөнө дүлийн цаг” зэрэг болно. Эдгээрийн завсархи цагуудыг тодорхой мэдээлэл үгүйн учир таамгаар ярих боломжгүй юм.
    Мөн монголчуудын өдрийн үйлээ зохион эмхэлж ирсэн зун, намар, өвөл, хаврын “Гэрийн наран цаг”, хот хүрээний шөнийн амьдралыг дохиолох “Таван жингийн цаг” гэж байна. Өдрийн бэлгэдлийн хувьд эртний болон дундад үеийн монголчуудын алсын аян дайн, их үйл хэргийг эхлэн үүсгэдэг, их ёсны хурим найрыг дэглэдэг “зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр” онцгой бэлгэ дэмбэрэлт өдөр байдаг. Түүнчлэн сар мичдийн сүүлийн тохиолго болж, мичид жилийх, “тэнгэрийн үүд онгойх” зуны эхэн сарын шинийн гуравны өдөр гэж бий. Газар газрын сүлд тахилгын уламжлалаас үзэхэд сар бүрийн хуучдын зааг болох арван дөрвөн, тавны өдрүүд бол эзэн дээдсийн хар, цагаан сүлд тугийг тахих тайх өдрүүд байна. Түүнчлэн эзэн дээдсийн хууль цаазаар тогтоосон хаврын цагаан сүргийн хурим, зуны нуурын (уурын) хурим, намрын ногт сэргийн хурим, өвлийн тасам талбих хурим зэрэг “дөрвөн цагийн их хурим” бол монгол төр ёсны ауга их бэлгэдэлт өдрүүд болно.
    Сарын бэлгэдлийн хувьд эртний  монгол, түрэгчүүдийн “өвлийн зааг” хэмээн нэрлэдэг “Аргал сар” буюу “Хуц сар”, хожмоо жилийн эхэн болгосон “Бар сар” буюу “Цагаан сар” нь монгол угсаатны хувьд хамгаас бэлгэдэл төгөлдөр сарууд болно. Өнөөгийн бидний ёслон тэмдэглэж байгаа битүү хоол идэж, шүүс идээ голдуухан зооглодог битүүлгийн ёслол маань эртний ангуучин гөрөөчний махан тайлга хийж, хүн бүрт хувь хишиг хүртээдэг “Хувь сарын” баярын үлдэл, маргааш нь цагаалгаар голлон ёсолж, цагаан сар хийдэг нь түүний залгамжаагаар гарсан “Сүүн сарын” уламжлал байж болох юм. Жилийн бэлгэдлийн хувьд бүх монголчуудын дайн дайснаа ялгуухын бэлгэ тэмдэг болсон хараа ихт сүлдийн догшуулгын их тайлга болдог Луу жил хамгаас эрхэмд явж иржээ.
    Эцэст нь дүгнэн үзэх юм бол монгол угсаатны соёл нь орон зай, цаг хугацааны алслалаас үл хамааран, эд өлгийн болон оюуны соёлын олон төрөл зүйлээс үл шалтгаалан оршдог үлэмж давтамж төгөлдөр нэгэн жам хуультай бөгөөд анх буй болсон цагаасаа эхлэн өдгөө хүртэл тогтвортой явж ирсэн байна. Монголчуудын хувьд бэлгэдэл гэдэг бол орчлонд зэрэгцэн оршиж буй бидний нүдэнд үзэгдэх, үл үзэгдэх, таньж мэдсэн болон мэдээгүй бүх ертөнцийг холбон дохиолж, нэвтрэлцүүлж, оршихуйн болон эвдрэхүйн жам хуулийг таниулж байдаг гагц хэл нь юм байна.

Олхонуд овогтой Сэндэнжавын Дулам

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Сар шинэ болохоос өмнө заавал хийх естой 12 зүйл. file МИX 2017.02.23 4981
22 С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.24 8311
» Цагийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.23 3308
20 Зөн совингийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 9098
19 Зүүдний бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 3344
18 Дохио зангааны бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 2391
17 Дүрсийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 14609
16 Та гэртээ дараах зүйлсийг бүү хадгалаарай МИX 2017.01.17 1574
15 Зүг чигийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.17 2298
14 Монголчуудын өнгийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 5581
13 Монголчуудын тооны бэлэгдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 11093
12 Монгол овог, ястан үндэстэн Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 7636
11 С. Дулам Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 10614
10 Бэр гуйх Монгол ёс заншил МИX 2015.11.06 8916
9 Цайны дээжээ ёс журмаар нь өргөөрэй, эзэгтэй нар аа МИX 2015.10.20 6801
8 Залуу насаа удаан хадгалъя гэвэл хөгшрөх завгүй л бай МИX 2015.10.20 2156
7 Сайхан Монгол Хүн МИX 2015.10.20 2400
6 Үс унадаг 10 шалтгаан МИX 2015.09.25 2172
5 АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮС ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГААС ӨМНӨ ЮУ ХИЙДЭГ ВЭ МИX 2015.02.05 2607
4 зурхай 12 ордын амьдралд баримтлах ёстой зарчим МИX 2014.12.19 7043