Монголчуудын өнгийн бэлгэдэл зүй
2017.01.12 17:38
Өнгийн бэлгэдэл зүй
Байгаль, нийгэм, хүмүүний оюун санааны ертөнцөд өнгөөр тэмдэглэн дохиолж үл болох юм үзэгдэл гэж бараг үгүй бөгөөд өнгийн бэлгэдэл зүй бол монгол язгуур соёлын дутагдаж болшгүй нэгэн эрхэмлиг мөн. Өнгөөр ертөнцийг бүтээн бүрдүүлэгч таван махбод (гал - улаан, төмөр - цагаан, ус - хар, мод -хөх, шороо - шар), таван зүгийг (өмнө - улаан, баруун - цагаан, хойт - хар, зүүн - хөх, төв - шар) тэмдэглэн бичил болон үлэмж еротөнцийн бэлгэдэл үүсгэхээс эхлээд сайн (цагаан-гэгээн), муу (хар-бараан), сайхан (гэгээн цагаан), муухай (бараан, хар) гэхчлэн ёс зүйн үнэлэмж, гоо сайхны таашаал тааламжийг ч гэсэн тэмдэглэж болдог. Таван өнгө, таван зүг, таван махбодын энэхүү цогцолбор эртний хүннүчүүдийн цэргийн жагсаалаас эхлээд монгол угсаатны бөө мөргөл, тайлга тахилгын соёл, тоглоом наадгай, идээ ундааны соёл зэрэг бүхий л салбарт түгэн дэлгэрсэн байдаг.
Урлаг, урлалын зүйлд цагаан гэдэг бол бүх өнгийн цогцлол, хар гэдэг бол бусад өнгийн дутмагшил болохоос бус жинхэнэ өнгө бус гэж үздэг байхад монгол өнгийн бэлгэдэл зүйд хар, цагаан хоёр нь бэлгэдлийн утга үүсгэж, эцэг эх хоёр өнгө хэмээн үздэгээрээ ялгаатай.
Өнгийн бэлгэдлээр монгол домог зүйн гурван мандал хөх тэнгэр, хар (бор) газар, мөн таван өнгөт улс-хүмүүний ертөнцийг тэмдэглэж болохоос гадна, баруун (55 цагаан), зүүн (44 хар), төв дунд орших (цэгээн цэвдэг) тэнгэр нэрийг нэрлэн заах чимэг тодотгол болгож болно.
Өнгөөр ертөнц дэхиний олон зүйл угсаатан, замбативийн есөн өнгөт улс, цагаан Энэтхэг, ногоон Охин улс, хар Төвд, улаан Хятад, цагаан Гуулин улс, ухаа Васа улс, хүрэн Нохой улс, ганц хөлт Эрээн улс, хөх Монгол улс гэхчлэн ялгахаас гадна нэгэн угсаатныг дотор нь шашин суртахуун, соёл иргэншлийн байдлаар нь Цагаан Монгол (Энэтхэг соёлын нөлөөтэй), Шар Монгол (наран шүтлэгтэй), Улаан Монгол (нанхиадын соёлын нөлөөт), Хар Монгол (бөө мөргөлт) гэхчлэн, эсвэл овог ясыг дотор нь өнгө ялган тэмдэглэдэг байна. Нийгмийн язгуур давхаргын ялгааг ч өнгөөр нь хан цагаан яст, харц хар яст гэхчлэн ялгаж болох бөгөөд шашин суртахууныг ч улааны (аг тарнийн), шарын (ламын), харын (бөөгийн), цагааны (загалмайтны), хөхийн (хятад хуушаны) гэхчлэн ялган нэрлэж болдог.
Нэгэн суртахууны дотоодод ч гэсэн шүтдэг шүтээнээр нь цагаанаар бөөгийн онгодын сэтгэлийг, хөхөөр тэнгэрийг, ногооноор лусыг, улаанаар гал, нарыг, хараар савдаг шивдэгийг гэхчлэн дохиолон тэмдэглэдэг уламжлал буй. Түүнчлэн аливаа хийсвэр ойлголтыг ч өнгөөр илэрхийлэн хий санааны ухагдахуун бүрэлдэн төлөвшсөн байна.
Монгол өнгийн бэлгэдэл зүйд гэгээн цагаан (гилээн) өнгө нь «нарны туяа - өдрийн гэгээ - гэрэл» гэсэн үүтгэлээс, бараан (хар) өнгө нь «сарны туяа- шөнийн харанхуй- сүүдэр» гэсэн үүтгэлээс эх сурвалжтай байгалийн шүтлэг, байгалийн гүн ухаан, ёс зүйн анхдагч үзэл төсөөллүүд байдаг.
Монгол утга соёл аман зохиол, утга зохиолд малын зүс зүсэм нь бэлгэдэл зүйн өвөрмөц тогтолцоог үүсгэдэг бөгөөд өнгийн бэлгэдэл зүйн дээрх анхдагч төсөөлөлтэйгөө үндэс язгуурын холбоотой гэж үзэж болно. Үүнд: мал, амьтны зүсмийн бэлгэдэл нь эн тэргүүнээ нийгмийн доторх язгуур давхаргын илэрхийлэл болдог. Тухайлбал, алтан (цагаан) яст хан ноёдын сурвалж бүхий хүний хүлэглэдэг хүлэг нь алтан шарга(л), аранзал зээрд, халиун, хонгор, хул зэрэг гэгээн зүсмийн морьд байх юм. Төрийн харуул хайчийн хүнд албанд зүтгэгсдийн буюу хар яст харц хүний унах хүлэг морь нь тас тэмдэггүй хар морь байдаг. «Цух (тас) хар морин Төрийн албаны хүлэг» гэхчлэн дуулдаг. Гэтэл нийгмийн доод давхаргын үгээгүү ядуу хүний морины зүсэм нь алаг зүс болохыг «Хал минь халаг, морь минь алаг» гэсэн зовлонт үглэл гэрчилж байна.
Мал амьтны зүсэм нь ямар ажил, үйлд зорьж байгаа болон үйлс бүтэмжийн учир утгыг илэрхийлдэг. Жишээлбэл, бор зүсэм бол айраг, найр, хуримд унах морины зүсэм байх нь олонтаа. Иймд хуримлагч хоёр хосод хос борь мор бэлэглэдэг, унуулдаг ёсон буй. Гэтэл хүрэн зүсмийн морьд газрын холыг туулах шандас төгөлдөр, замын гай барцадыг хаах, сайн ёр бэлгэдэлтэй хүлгүүд гэж үздэг. Халтар, загал зүсмийн морьдыг хээрийн зэрлэг ан гөрөөсний зүс дагуу болохынх нь хувьд ан гөрөө, ав шувуунд голчлон хэрэглэдэг сонин ёс байсан байна. Ерийн үед унах морьдын зүсэм нь хээр, саарал голдуу байдаг. Бас малчин айлын хоточ нохдын зүсэм голдуу «далдыг үзэгч бэрхийг сахигч» дөрвөн нүдтэй халтар голдуу юмуу зүрх цагаан хар байдаг нь ч хээрийн амьтны зүсмээс ялгаруулахын санаа буйзаа. Мал амьтны зүсэм нь өсөх үржих, олшрохуйн бэлгэдлийг онцгой харгалзсан байдаг бөгөөд «хонь харлаж барагдана, үхэр цайж барагдана, адуу цоохортож барагдана» гэдэг мэргэн үгийн утгыг санацгаая! Мөн эцэг мал тавих малын зүсэм ерийн дурын нэгэн сонголт байдаггүй. Мөн түүнчлэн адууны хээр зүсэм, тэмээний хүрэн улаан зүсэм, ямааны хөх, цоохор зүсэм бол өсөх үржихүйн бэлгэдэлт зүсэм болно. Морь малын зүсэм нь угсаатны бүлэг, овог аймгийн ялгац тэмдэг юмуу хорио цээр (табу) байж болдог. Жишээ нь, жидийн сартуул буриадуудыг «шунхан улаан эмгэн тохдоггүй, цусан зээрд морь унадаггүй сартуул» хэмээн морийг хориотой зүсмээр нь цоллодог. Мал амьтны зүсэм бол тайх тахих зан үйлийн дутагдаж болшгүй танивар дохио, түлхүүр тэмдэг мөн бөгөөд ямар онгод, тэнгэрийг ямар зүсмийн малаар тайх тахих, онголж сэтэрлэх нь онцгой чухал учир холбогдолтой.
Олхонуд овогтой Сэндэнжавын Дулам