메뉴 건너뛰기


Зүүдний бэлгэдэл зүй

    Монгол аман зохиолын олон төрөл зүйлс: эртний домог, баатарлаг туульс, үлгэр, зүйр цэцэн үг, дом шившлэг, ертөнцийн гуравт болон бусад аман уламжлал, монгол бөө мөргөл, тайлга тахилгын соёл, түүх, уран зохиолын дурсгал дахь зүүдний бэлгэдлийг судлан үзэхэд дараахь дүгнэлтийг хийж болмоор байна.
    1. Дээрх бүх аман болон бичгийн дурсгалд ертөнц, хүмүүний тухай нэгдмэл нэгэн үзэл төсөөлөл, сэтгэлгээний ижил төрлийн арга барил нэвт оршиж байна хэмээн хэлэх бололцоотой бөгөөд бие биеэ нөхвөрлөн нэгэн тогтолцоог үүсгэж байна.
    2. Зүүдийг үзэх хэд хэдэн зүйлийн сонин үзэл төсөөлөл байгаагаас дурдвал:  а) зүүд бол учир зүйт ухаан бодлын нэгэн адил хүний оюун санааны салгаж болшгүй нөгөө тал нь юм гэх үзэл; б) зүүд бол энгүүн “хар тэргүүт хүний” ухан тайлж үл чадах өдөр тутмын аж амьдралын бодот байдлаас ч илүү үнэн бодот байдал, үнэний мөн чанар нь юм гэх үзэл (амьдрал бол түүний дэргэд хуурмаг зүйл гэх);  в) зүүд бол сэцэн мэргэн хүмүүсийн тайлан тайлбаpлаж, үнэнийг болон ирээдүйг угтан харж болох ёр бэлгэ, бэлгэдлийн цогцолбор юм гэх үзэл; г) зүүд бол дээд тэнгэрийн болон өвөг дээдсийн сүнс, онгодтой, нөгөө ертөнцтэй хэлхээ холбоо барьж буй хэлмэр дохио юм гэх үзэл тус тус байгаа болно.
    3. Зүүд, түүний тайлал-тайлбар нь угтаа монгол домог зүй, бөө мөргөлийн үндсэн үзэл, ойлголт, тогтсон үлгэрээс уг эши аван  тайлбарлаж байдаг монгол утга соёлын гайхамшигт сан хөмрөг, өв уламжлал, өөрийн гэсэн зүй жамтай үзэгдэл бөгөөд зүүд тайлаач нь зүүдлэгч этгээдийн зүрх сэтгэлд ойр зөн мэдрэмжийн холбоотой юмуу, эртний их өв соёлыг эзэмдэгч, эсвэл тэр бүхнийг агуулан шингээсэн “мэргэн судар”, бүр эрт цагтаа хүмүүн байгалийн хүйн холбоог мэдүүлэн заагч тэнгэр, газрын ёр бэлгэс байжээ.
    4. Зүүдний тэмдэглэгдэхүүн болон зүүд тайллын тэмдэглэхүүн нь хамтдаа уран яруу зохиолын өгүүлэгдэхүүн-зохиомжийн зангилаа, зохиолын утгын салшгүй бүтвэр махбод, түүний өвөрмөц учир зүйн илэрхийлэл, аливаа зөрчил будлиантай зүйлийг эерүүлэн тайлах, бэлгэдэн дүрслэх, итгүүлэн үнэмшүүлэх, хурцатган тодруулах, егөөдөн ёрлох, адилтгах, зүйрлэх, төлөөлүүлэх арга хэрэглүүр болно.
    5. Нэгэн зүйл зүүдний ёр бэлгийг нийгмийн язгуур давхарга, хүмүүний аж амьдралын нөхцөл байдлаас үүдэн ерөнхийдөө төстэй боловч олон зүйл ялгамжаатай тайлан тайлбарлаж болдог бөгөөд үүнээс сонин сэвүүн мэдлэг хүртэж болно.
    6. Зүүдний тэмдэглэгдэхүүн нь дотроо бас нэгэн төрлийн доторх олон зүйлийг ихээс бага руу нь нарийсган өгүүлэх өөрийн гэсэн зохиомж бүтэцтэй байдаг. Тухайлбал, усны тухайт зүүд байлаа гэхэд их далайгаас эхлээд мөрөн, гол, горхи, бүр худгийн ус, онгоцтой ус гэхчлэн ихээс бага руу алгуур аажим шилжиж, бас ерөнхий утгаа хадгалан өвөрмөц тусгай утгаа илэрхийлж байдаг.
    7. Зүүд бол оруулж, гаргаж болдог өөрийн гэсэн манах, сувих аргатай, муу ёр шорыг хариулах хариулга, засалтай, нэгэн үгээр хэлбэл, залж жолоодож болох зүйл хэмээн үздэг.
    8. Зүүдний цаг (харуй бүрийн, шөнө дундын, үүр шөнийн) гэж байх бөгөөд мэргэн мэдлийн хувьдаа өөр хоорондоо ялгаатай гэж үздэг.
    9. Сайн, муу зүүдний эзэн гэж буй хэмээн төсөөлдөг бөгөөд тэр нь ихэнхдээ жигүүртэн шувуун дүртэнгүүд, тэр дундаа сайн зүүдний эзэд нь хүчирхэг, сайн ёр бэлгэ төгөлдөр шувуун дүртэн, муу зүүдний эзэд нь өчүүхэн дорой болон муу ёр бэлгэт шувууд, ад чөтгөрийн (муу элиэ г.м.) дүрээр ирдэг гэхчлэн сэтгэдэг.



Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн Сэндэнжавын Дулам

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Сар шинэ болохоос өмнө заавал хийх естой 12 зүйл. file МИX 2017.02.23 4987
22 С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.24 8321
21 Цагийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.23 3319
20 Зөн совингийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 9111
» Зүүдний бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 3353
18 Дохио зангааны бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 2408
17 Дүрсийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 14738
16 Та гэртээ дараах зүйлсийг бүү хадгалаарай МИX 2017.01.17 1579
15 Зүг чигийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.17 2303
14 Монголчуудын өнгийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 5614
13 Монголчуудын тооны бэлэгдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 11141
12 Монгол овог, ястан үндэстэн Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 7668
11 С. Дулам Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 10645
10 Бэр гуйх Монгол ёс заншил МИX 2015.11.06 8926
9 Цайны дээжээ ёс журмаар нь өргөөрэй, эзэгтэй нар аа МИX 2015.10.20 6804
8 Залуу насаа удаан хадгалъя гэвэл хөгшрөх завгүй л бай МИX 2015.10.20 2159
7 Сайхан Монгол Хүн МИX 2015.10.20 2402
6 Үс унадаг 10 шалтгаан МИX 2015.09.25 2174
5 АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮС ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГААС ӨМНӨ ЮУ ХИЙДЭГ ВЭ МИX 2015.02.05 2610
4 зурхай 12 ордын амьдралд баримтлах ёстой зарчим МИX 2014.12.19 7045