메뉴 건너뛰기


Дохио зангааны бэлгэдэл зүй

    Дохио зангааны бэлгэдэл бол бие эрхтний болон бусад эд өлгийн оролцоотой ямар нэгэн утга санаа, сэтгэлийн хөдөлгөөн, аяг байдлыг илтгэхийг хэлнэ. Дохио зангаагаар тэнгэр онгод, ихэс дээдсийг хүндлэн  дээдлэх, ёслох, гэмтэн зэмтнийг гэсгээн шийтгэх, хүн амьтныг хайрлах, элбэрэн энхрийлэх, эсвэл өдөөн хоргоох, хүчин чадал, сүр жавхланг доройтуулах, бие сэтгэлийн цэнгэлд урин дуудах, мал амьтны хэлийг дохиолох, хүмүүний сэтгэл бодлыг илэрхийлэх, ид шидийг бүтээх («үхснийг амилуулах» г.м.) эд баялгийг даллах, урин хилин, хорсол занал илтгэх гэхчлэн олон зүйлийн утга бэлгэдэлтэй.
    Дохио зангааны бэлгэдлийн утга, мөн чанарыг аливаа ёс заншил, зан үйлийн үед бүрэн төгс олж ажиглаж болох бөгөөд энэ нь бэлгэдлийн цогцолбор чуулбарын шинжтэй байдаг. Тухайлбал, бөөгийн зан үйлээс үүнийг тодорхой мэдэж болно. Дохио зангаа гэдэг бол ажил үйл, аж хэрэглээний утгаасаа гадна ёслол хүндлэл, бэлгэдлийн утгыг дангаар нь буюу давхар тээж явдаг билээ. Хамгийн энгийн зүйлээс ч дохио зангааны бэлгэдэл үүсч эхэлж болдог. Тухайлбал, аливаа сав суулгыг «гарган тавих» (сэнжийг хоймор өөд амсрыг үүд рүү харуулан тавих), «оруулан тавих» (сэнжийг үүд рүү, амсрыг хоймор өөд харуулах) хоёр нь уул айлдаа гарз гаргах, олз оруулахын бэлгэ ёр болох жишээтэй. Иймд монголчуудын язгуур үзэл төсөөллөөр бол учир утгагүй дохио зангаа, намба намжир гэж огтоос байдаггүй бөгөөд гагцхүү утга учрыг үл мэдэх, үл ойшоох гэж л байдаг. Иймд дан бие эрхтний дохио зангаанаас гадна аливаа мал амьтан, эд өлгийн зүйлтэй харьцах харьцаанаас бүхэл бүтэн дохио зангааны цогцолбор үүсч болно. Монголчуудын хувьд малтай уялдсан монгол гэртэй холбогдсон үй олон дохио зангааны цогцолбор бий. Тухайлбал, жороолдог хонь бол “мянга түм, мянга түм” гэсэн хэмнэлээр жороолж, сүргээ өсгөж байдаг бол жороо ямаа бол “хувхай таяг хувхай таяг” гэсэн хэмнэлээр явдаг тул мал сүрэг барагддаг гэж хэлдэг нь үүний нэгэн тодорхой жишээ юм.  Мөн монгол гэртэй холбогдсон олон дохио зангаа, түүний бэлгэдэл бий. Урьдын цагт усны шувуу ирээгүй байхад гэрийн эсгий үүдийг гэр дээр тавьж, үүд сөхөхийг нэн цээрлэж, «тэнгэр задраана (зудраана)» хэмээн үздэг байсан үүний нэгэн жишээ болно.
    Монгол олон ястны бүжгийн хөдөлгөөн, дохио зангаа нь бас бэлгэдлийн цогцолбор чуулбарын шинжтэй. Монгол бүжгийн эх үүсэл бол дуу, хөгжим, дүрслэх чимэглэх урлаг, бүжиг хөдөлгөөний нийлэг байдлыг агуулсан эртний нийлэг зан үйл юм. Ер нь эртний энэхүү зан үйлийг монгол хэлээр голдуу “наадан”  хэмээн нэрлэдэг бөгөөд хожим “бүжиг наадан” гэсэн хоршоо үг болжээ. Энэхүү “наадан” бол голдуу үдэш оройн цагаар түүдэг гал тойрон, эсвэл саглагар мод тойрон гар гараасаа барилцан дэвсэн бүжиглэдэг хам олны бүжиг наадан бөгөөд эхлэгчээс ямар нэгэн айзамт үгсийг (утга ойлгомжгүй байх нь элбэг) онц чангаар дуудан эхлэснээр бусад нь даган түрж, хөл дэвсэн, гар сажин олноороо бүжиглэдэг байжээ. Эл хам олны дундаас онгод урмастаа эзлэгдсэн хэн нэг нь түрэн гарч ирээд олны дунд гагцаар гоцолж, бусад нь дэврээн дэмждэг байсан зэргээс ганцаарчилсан бүжиг гарсан байж болох юм. Баруун Монголын биелгээг малаа хотлуулчихаад, сарны гэрэлд харуй бүрийгээр гэрийн зүүн хаяаны (багсын) туургыг сөхчихөөд, наагуур нь цагаан даавуу татаад цаад биед нь биелгээч (бийч) биелж, наад талд гэр дотор икэлч иклээ татаж байдаг аж. Сарны гэрэлд цагаан даавуун дээр биелгээчийн (бийчийн) сүүдэр тусахад багш нь хэрхэн яаж хөдлөхийг заадаг байсан аж.  Эмэгтэй хүн биелэхэд гэрийн зүүн хаяа (багс) сөхдөг, эрэгтэй хүн биелэхэд баруун (багс) сөхдөг нь цөм бэлгэдлийн утга учиртай юм. Баядууд аз жаргал, сайн сайхнаа хүсэн ерөөж залбирч биелэх нь элбэг бөгөөд дээш доош нь залбирах юмуу толгойгоо хоёр тийшээ ээлжлэн дохиж залбирч биелэж байгаа нь “муу юм цаашаа, сайн юм наашаа” гэсэн бэлгэдэл утгыг илэрхийлдэг бол хавсран залбирсан гараа урагш сунган арагш татан биелбэл хур бороо дуудан биелж байгаа хэрэг юм байна. Баяд, дөрвөдийн “Мөргөл биелгээ”, хотонгийн “Такмоо”, “Аяс”, захчины “Сацал” зэрэг мөргөлийн чанартай биелгээ   нь уул ус, хангай дэлхийгээ тахиж буйг, хормойгоо дэвсэж, дөрвөн тал, найман зовхистоо мөргөж, сацал өргөж буйг бэлгэдэн дүрслэж биелэдэг учиртай болно.  
    Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн  Сэндэнжавын Дулам
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Сар шинэ болохоос өмнө заавал хийх естой 12 зүйл. file МИX 2017.02.23 3470
22 С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.24 4609
21 Цагийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.23 2397
20 Зөн совингийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 6400
19 Зүүдний бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 2523
» Дохио зангааны бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 1719
17 Дүрсийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 6769
16 Та гэртээ дараах зүйлсийг бүү хадгалаарай МИX 2017.01.17 1452
15 Зүг чигийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.17 1714
14 Монголчуудын өнгийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 2328
13 Монголчуудын тооны бэлэгдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 5156
12 Монгол овог, ястан үндэстэн Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 4097
11 С. Дулам Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 5900
10 Бэр гуйх Монгол ёс заншил МИX 2015.11.06 6191
9 Цайны дээжээ ёс журмаар нь өргөөрэй, эзэгтэй нар аа МИX 2015.10.20 4583
8 Залуу насаа удаан хадгалъя гэвэл хөгшрөх завгүй л бай МИX 2015.10.20 2046
7 Сайхан Монгол Хүн МИX 2015.10.20 2260
6 Үс унадаг 10 шалтгаан МИX 2015.09.25 2079
5 АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮС ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГААС ӨМНӨ ЮУ ХИЙДЭГ ВЭ МИX 2015.02.05 2379
4 зурхай 12 ордын амьдралд баримтлах ёстой зарчим МИX 2014.12.19 5107